Ийм өдрүүдэд сэтгэлд шивэрсэн борооны дуслыг улам тодруулж, зөөлөн тэвэрч чадах зүүд мэт, бүр гайхаж, ойлгохгүй хэрнээ мэдэрч чадах кинонуудыг үзэх нь нэг төрлийн тайвшрал болдог. Эдгээр кинонууд танд төөрөгдөл, гуниг, гоо зүй, санаашрал, хачирхалтай ч гэлээ танил дотно мэдрэмжийг төрүүлэх болно.
1. The Double (2013, Richard Ayoade)

Фёдор Достоевскийн ижил нэрт туужаас сэдэвлэсэн энэ кино хүний өөрийнхөө хуулбар мэт хүнтэй учрахын зовлон, дотоодын зөрчил, хүний оршихуйн утга учрыг зүүд шиг дүрслэлээр өгүүлнэ. Гэгээн өнгө багатай кадрууд, Дэвид Линчийн өнгө аястай уур амьсгалтай.
2. In the Mood for Love (2000, Wong Kar-Wai)

Хонгконгийн нэрт найруулагч Вонг Кар-Вайн энэхүү шүлэг шиг кино харилцааны тухай гуниг, үл хэлэгдсэн мэдрэмжүүдийн нэгдэл юм. Аниргүй харц, ууссан өнгөнүүд, зөөлөн хөдөлгөөнүүд, киноны турш эгшиглэх сэтгэл татам аялгуу гээд бүгд таны сэтгэлд удаан үлдэнэ.
3. Uncle Boonmee Who Can Recall His Past Lives (2010, Apichatpong Weerasethakul)

Тайландын арт киноны нэгэн оргил. Өвчинд нэрвэгдсэн хүний өнгөрсөн амьдралаа эргэн санах, хил хязгааргүй ухамсрын урсгал, зүүд болон бодит амьдралын завсрын бүдэг мэдрэмжүүд энэ кинонд багтаж буй.
4. Last Year at Marienbad (1961, Alain Resnais)

Зохиомжийн хувьд дүрс, хэлбэр, давтамжийн тоглолт хийсэн энэ кино бодит үйл явдал уу, зүүд үү гэдгийг ялгахад бэрх санагдуулна. Яриа нь шүлэг мэт, зураглалууд нь гэрэл сүүдрийн уран зураг мэт санагдана. Анхааралтай, нээлттэй сэтгэлгээтэй үзэгчдэд зориулагдсан.
5. Stalker (1979, Andrei Tarkovsky)

Оросын домогт найруулагч Тарковскийн энэхүү бүтээл бол утга учрын гүн рүү чиглэсэн сэтгэлгээний аялал. “Зона”-гийн уудамд бид хүслээ биелүүлэх гэж алхах боловч замдаа өөрсдийнхөө үнэн төрхтэй учирдаг. Бороотой, бүрхэг өдөр үзэхэд хамгийн тохиромжтой.
6. Holy Motors (2012, Leos Carax)

Хаанаас эхэлж, хаана дуусах нь мэдэгдэхгүй энэ кино зүгээр л зүүдний гүн дунд алхаад байгаа мэт мэдрүүлнэ. Нүүр хувиргалт, дүр солигдох, эргэлт бүхэн нь энэ киног эсрэг тэсрэг мэдрэмжээр дүүргэнэ.
7. The Spirit of the Beehive (1973, Víctor Erice)

Испанийн иргэний дайн дөнгөж дууссан цаг үеийн хөдөө тосгонд, 6 настай охин “Франкенштейн” киног үзсэний дараа бодит байдал, уран сэтгэмж хоёрын хил хязгаар нь бүдгэрч эхэлнэ. Нүдээр биш, зөнгөөрөө мэдрэх кино. Хүүхдийн нүдээр амьдралыг зүүдлэх шиг, чимээгүй, хөнгөн гунигтай, цэвэр мэдрэмжүүдээр дүүрэн.