АНУ-ын Лос-Анжелест BET Awards 2025 шагнал гардуулах ёслол болж өнгөрлөө. Алдарт рэп дуучин Снуп Дог “Ultimate Icon” шагнал хүртсэн бөгөөд тайзан дээр гэргий Шанте, Кори охиноо дуудан гаргаж ирсэн юм.

Снуп “Харж байна уу, яагаад би яг хад асга мэт хатуу, бөх байдгийг ойлгов уу? Яагаад би учирсан бүх саад бэрхшээлийг даван гарч чаддагийн учир шалтгаан энд, тайзан дээр байна. Миний амьдралд Бурхан бий, миний амьдралд Хатан хаан бий. Юу ч тохиолдсон эхнэр минь намайг дэмжиж, хажууд минь байсаар ирсэн. Одоо ч дэргэд минь байна. Шанте бол миний хувьд бүх юм. Тийм болохоор өнөөдөр тэр энд байна. Тийм болохоор тэр миний амьдралд байна” гэж хэллээ.

Снуп 1997 оны зургаадугаар сарын 12-нд дунд сургуулийн найз Шанте Тейлортойгоо гэрлэсэн. Тэд Корде, Корделл гээсэн хоёр хүү, Кори гэдэг охинтой. 2015 онд ачтай болсон. Тэдний гэр бүл Калифорнийн Клермонт хотод амьдардаг.

Алдарт дуучин баруун мөрөндөө эхнэрийнхээ зургийг шивүүлж, хажууд нь Boss Lady гэж бичсэн байдаг.

