UBLife Logo
Ном

“Хүн байх эрхгүй” Осамү Дазай энэ өдөр мэндэлжээ

“Хүн байх эрхгүй” Осамү Дазай энэ өдөр мэндэлжээ

Осамү Дазай (1909 - 1948) бол Наран орны утга зохиолын ертөнцийн аваргууд болох Акүтагава, Кавабата, Мишима нартай нэгэн эгнээнд зогсох агуу зохиолч. 38-хан насалсан Дазай олон зохиол бичиж чадаагүй ч түүний бүтээл Японы модерн зохиолын оргил хэмээн тооцогддог билээ.

Түүний "人間失格" (Хүн байх эрхгүй, No Longer Human) тууж Японд одоо ч хамгийн их уншигддаг зохиолын нэг байсаар байна.

Осамү Дазай буюу жинхэнэ нэр нь Шюүжи Цүшима 1909 оны зургаадугаар сарын 19-нд Аомори мужид төржээ. Эцэг эх нь эхлээд эгэл жирийн амьдарч байсан ч аав нь парламентын дээд танхимд дэвшсэнээс хойш том газрын эзэн болсон юм.

Залуу нас

Улс төрийн зүтгэлтэн аав нь гэртээ бараг ирдэггүй, завгүй эрхэм байсан бөгөөд ээж нь байнга өвдөнө. Шюүжи хүүгийн бага нас авга эгч, асрагч эмэгтэй хоёрын хараа хяналтад өнгөрчээ. 1916 онд сургуульд орж, аав нь нас барсны дараа Aomori High School-д шилжин суралцлаа. 1920-иод оны сүүлээр тэр залуучуудын сонинд оюутны цуврал нийтлэл бичиж, найзуудтайгаа хамт сэтгүүл гаргаж байв. Хэд хэдэн өгүүллэг бичээд байсан ч хүндэлдэг зохиолч болох Рюүносүкэ Акүтагава амиа хорлосны дараа зохиол бичих сонирхолгүй болсон байна.

Тэйкокү их сургуульд элсээд Шюүжи хураасан мөнгөө үрж эхлэв. Ганган хувцас, машин, биеэ үнэлэгчид түүний зарлагын гол үндэс байв. Баян тансаг амьдрал нь түүнд эрх баригч ангийн төлөөлөгч гэдгийг нь мэдрүүлэх тусам сэтгэлийн хямралд орж байлаа. Ингээд нэгэн гэйшятай сүй тавьснаар гэрээсээ хөөгдсөн юм. Амьдрал нь гэнэт ингэж эргэсэнд залуу гүн деппрест орж, далайд живж амиа хорлохоор завдана. Тэрээр амиа хорлох оролдлого хэд хэдэн удаа хийж байсан бөгөөд дандаа эмэгтэй хүн дагуулж, хамтдаа амиа хорлох гэдэг байлаа. Азаар Шюүжиг аварч, тэрээр хичээл сургуулиа үргэлжлүүлэхээ гэрийнхэндээ амалжээ.

Бүтээл

Осамү Дазай нэр авсан тэрээр урьд өмнө бичиж байсан бүтээлүүдээ хэвлүүлж эхэлсэн нь замналынх нь эхлэл байлаа. “Галт тэрэг” өгүүллэг нь уншигчдаас өндөр үнэлгээ авч, Токиогийн сонины тусгай шагнал хүртлээ. 1935 онд их сургуулиа төгсөж амжихгүй, редакцид ажиллаж чадахгүй нь тодорхой болсны дараа дахин амиа хорлохоор шийдлээ. “Баннэн” хэмээх бүтээлээ хамаатнууддаа үлдээгээд өөрийгөө боомилсон ч найзууд нь амжиж ирснээр амьд үлдэв. Эмнэлэгт хэвтэж байхдаа тэр морфин тариулж, дараа нь олон жилийн турш хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж, мэдрэлийн эмнэлэгт хэвтэж байлаа.

Эмнэлгээс гараад түүний уран бүтээлийн ургац арвин үе эхэлсэн юм. Намтарчилсан өгүүллэгүүд туурвиж, урван тэрслэлт, хулчгар зан, нүгэл гол сэдэв нь болж байв.

1938 оноос залуу үеийн хар бараан сэдвээсээ ангижирч, тайван, амгалан бичих болсон юм. 1946 онд Япон Улс дайнд ялагдан, бууж өгсний дараа Дазай Токиод амьдран, утга зохиолын захиалга авдаг болсон байв. Амьдралд бүх зүйл болж, бүтэж байсан ч үг дуу цөөнтэй, хааяа л юм ярина. 1948 онд “Сакүранбо”, “Нингэн шиккакү” намтарчилсан зохилоо дуусгаж, өмнөх үг дээр нь өөрийгөө тодорхойлсон байдаг.

Хувийн амьдрал

1930 онд амиа хорлох бүтэлгүй оролдлогынхоо дараа тэр Ояма Хацүэ хэмээх гэйшятай гэрлэж, зургаан жил амар амгалан амьдарлаа. Гэвч эхнэрээ өөрөөс нь урвасныг мэдсэн Рсамү дахин амиа хорлох гэж оролдлоо. Их хэмжээний нойрсуулах эм уусан ч үхсэнгүй, харин эхнэрээсээ салж, дахин гэрлэхээр шийдэв. Шинэ эхнэр Мичик Ишихара дунд сургуулийн багш байсан бөгөөд нөхөртөө юу хэрэгтэйг хэнээс ч илүү мэддэг байлаа. 1941 онд тэд охинтой болж, 1944 онд хүү нь төрлөө. 36 сарын дараа дахин нэг охин төрсөн нь дараа нь Юүко нэрээр алдаршсан зохиолч болсон юм. Хувийн амьдрал нь бүтэлтэй байсан ч Осамү гадуур зугаалсаар, гэр бүлээс гадуур Харүко гэдэг хүүхэдтэй болж, хэд хэдэн нууц амрагтай болсон байв.

Үхэл

Алдарт “Нингэн шиккакү” (No Longer Human) зохиол нь түүний сүүлийн эрч хүчийг сорсон байлаа. Нойргүйдэлд орж, уушги нь өвдөж, цусаар бөөлжинө. Туужаа бүрэн хэвлэгдэхийг ч хүлээлгүй 1948 оны зургаадугаар сарын 13-нд тэрээр нууц амраг Томиэ Ямазакитай хамт Тамагава голд үсэрч, амиа хорлосон юм. Зургаан өдрийн дараа түүний цогцсыг олсон.

Осамү Дазай, Томиэ Ямазаки

Анд найзууд нь Осамүгийн гэрээс олсон “Баяртай” өгүүллэг түүний сүүлийн бүтээл байлаа. Тэрээр энэ зохиолынхоо зохиогчийн эрхийг өвлүүлэн үлдээгээд эхнэр Мичико, хүүхдүүддээ гэрээслэл бичсэн байжээ. 38 настай байлаа.   

Ингээд XX зууны Японы уран зохиолын сонгодог төлөөлөгч хайр дурлал, ном, эмэгтэйчүүдийн талаар юу хэлснийг сонирхоцгооё.

"Сайхан сэтгэлтэй хүн муу ном бичдэг" 道化の華, Flowers of Buffoonery

"Шоронд орлоо гэдэг заавал гэмт хэрэгтэн гэсэн үг биш" 人間失格, No Longer Human

"Надаас чи юу хүсч байна гэж асуухад яагаад ч юм хүсэх сэтгэл минь тэр дороо унтардаг" 人間失格, No Longer Human

"Хэрэв бүсгүй гэнэт уйлаад эхлэвэл амттай хоол өг. Түүний сэтгэл санаа шууд дээрдэж, уйлахаа болино. Энэ бол миний багаасаа ойлгосон ганц зүйл юм" 人間失格, No Longer Human

"Эмэгтэй хүн өглөө, орой огт өөр хүн болчихдог. Нэг л хүн мөртлөө өглөөний өөрөөсөө шал өөр, нийтлэг зүйл юу ч байхгүй, өөр ертөнцийн хүн мэт болдог" 人間失格, No Longer Human

"Аймхай хулчгар хүмүүс аз жаргалаас ч айдаг. Бүр хөвөнд хүрээд гэмтдэг гэж байгаа" 人間失格, No Longer Human

Нэг нэгнээ хуурч байхдаа хүмүүс огт сэтгэл зовдоггүй нь гайхалтай санагддаг. Хууран мэхлэлт гэж огт байхгүй юм шиг л" 人間失格, No Longer Human

"Юунаас ч ичилгүй багваахай цэцгийн баглаа бэлэглэнэ гэдэг жинхэнэ эр хүний чанар юм" 葉桜と魔笛, A Cherry

"Эхэлсэн зүйлээ дуусгахгүй байна гэдэг, огт эхлээгүйтэй агаар нэг"  走れメロス, Run, Melos!

"Хүн хувьсгал хийж, хайрлан дурлахын төлөө төрдөг" 斜陽,  The Setting Sun

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.