Ах нарынхаа хувцсыг өмсөөд ирэв үү гэмээр том мөртэй, данхар пиджактай хөвгүүд их урлагийн хаалгаар чанга гэгч нь дуугараад орж ирж байсан цаг саяхан мэт санагдав ч хэдийн 30 жил өнгөрчээ.

Өчигдөр Камертон хамтлаг 30 жилийн ойн тоглолтынхоо талаар хэвлэлийн хурал хийж, мэдээлэл өглөө.

Хурал гэхээр тэд ширээний ард суугаад сэтгүүлчдийн асуултад хариулсан гэж бүү бодоорой. Камертон хамтлаг хэвлэлийн хурлаа тун өвөрмөц, шинэлэг маягаар хийсэн. Тусгай тайз, ширээ байхгүй, сэтгүүлчидтэйгээ цуг, хэнд ч нээлттэй, чөлөөтэй уур амьсгалд энэ өдөрлөг явагдсан юм.

Угаасаа энэ залуус хэв маягт баригддаггүй, байнга шинийг эрэлхийлж байдаг. 30 нас хүрсэн өдгөө ч тэд төгс, төгөлдрийг эрэлхийлсэн хэвээр. Камертон бол зүгээр нэг хамтлаг, уран бүтээлчид биш. Камертон бол нийгмийн үзэгдэл байлаа, одоо ч хэвээр.

Хөвгүүдийн хамтлаг гэж ямар байдгийг бүрэн утгаар нь харуулж, хамтдаа, эвтэй байхад юуг ч давж чадна гэдгийг үзүүлсэн залуус. Тэд бол үе үеийн залуучуудын гэгээн хайрын элч. Камертоны дуун дор бүжиглэж, хайраа илчилж, дурлаж яваагүй хүн Монголд бараг байхгүй гээд хэлчихэд хилсдэхгүй. Дурлах, салах, гуниглах, баярлах гээд амьдралын ямар ч үед Камертон бидний дэргэд.

Камертон хамтлаг хамгийн анх үсний содон засалтууд, хувцас загвар нэвтрүүлж, тэр үеийн залуус тэднийг даган дуурайдаг байсныг марташгүй. Хамгийн гол нь энэ дөрвөн залуу Монголын дуу хөгжмийн ертөнцийн стандартыг жил бүр, өдөр бүр шат ахиулан хөгжүүлж байлаа. Ганаа, Эба, Болд, Мээдээ – энэ бол Камертон.

Камертон хамтлагийн 30 жилийн ойн тоглолт энэ сарын 28-нд “Socialpay Park”-т 15:00 цагаас эхэлнэ. Нийт 44 дуунаас бүрдсэн тоглолт. “18 нас” анхны цомгоос эхлээд хамгийн сүүлийн “Хязгааргүй” хүртэлх нийт 11 цомгийн бүх дуугаа амьд хөгжимтэй толилуулах юм. Мөн соло бүтээлүүдээ ч дуулах болно.


Энэ бол зөвхөн тэдний баяр, тоглолт биш энэ 30 жил тэднийг сонсож, үзэж байсан фэнүүдийнх ч баяр билээ. Ойдоо зориулаад тус хамтлагаас “18 нас”, “Best of Camerton” пянз гаргаж байгаа нь удахгүй бидний гар дээр ирэх юм байна.


Хамтлагийн ахлагч Болд: Өнөөдөр сэтгүүлчид, найзуудтайгаа ийнхүү хамт байгаадаа маш их баяртай байна. Бидэнтэй хамт дурсамжаар аялах үзэгчдэдээ хэлэхэд дууныхаа үгнүүдийг цээжлээд ирээрэй, хамт дуулна шүү. Хамгийн халуун тоглолт хийх гэж байгаа. Хамтдаа Камертоны ертөнцөөр аялъя” гэж мэндчиллээ.

Мэндчилгээний дараа “Төрсөн өдрийн дуу” дуулж, амтат бялууны 30 лаагаа үлээж, оргилуун дарс задаллаа.

Гэрэл зурагчин Б.Болор-Эрдэнэ Камертон хамтлагийнхны залуу насаар аялуулсан ховор зургуудаар үзэсгэлэн дэлгэсэн нь хүмүүст ихэд таалагдсан.

Хамтлагийн хамгийн хошин гишүүн Ганаа энэ үеэр бүх зургийнхаа түүхийг ярьж, зарим гишүүдийнхээ нууцыг ч дэлгэж байлаа.

Ийнхүү уран бүтээлч, сэтгүүлчдийн нэгэн нөхөрсөг өдөрлөг өндөрлөсөн билээ.


