UBLife Logo
Спорт

"ЧЕЛСИ" клубуудын Дэлхийн шинэ аварга

"ЧЕЛСИ" клубуудын Дэлхийн шинэ аварга

АНУ-т бүтэн сар (06.14-07.13) үргэлжилсэн, шинэ форматаар зохиогдсон, ФИФА Клубуудын дэлхийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээниы шигшээ тоглолт өнөөдөр Нью Жерси/Нью Йоркийн "Meflife" цэнгэлдэхэд боллоо.

"ЧЕЛСИ"(Англи)-"Пари Сен Жермен" (Франц) 3:0

Өнөөдрийг хүртэл "ганган формтой" байж, оролцсон тэмцээн болгондоо түрүүлж, энэ тэмцээнд хаалгандаа ганцхан гоол алдсан, Европын томчуудыг ( Атлетико М 4:0, Бавари 2:0, Реал 4:0) хожсон, энэ жилийн "Аваргуудын лиг"-ийн аварга "ПСЖ"-г ингэж хожигдоно гэж надаас эхлээд олон хүн огт төсөөлөөгүй байхаа.

Ерөнхийдөө "Палмер -ПСЖ 3:0" гээд товч тодорхойлсон ч болохоор. Эхний үед шигшээ тоглолтын одтой англи залуу Коул Палмер найман минутын зайтай яг нэг газраас, яг адилхан буланд цохиж, " Ихэр гоол" оруулсан төдийгүй, Жоао Педрод гоолын дамжуулалт өгөн тоог 3:0 болгон, тоглолтын хувь тавиланг шийдчихлээ.

Парисчууд өөрсдийн нэрийн хуудас болсон шахалтаа огт хийсэнгүй нь гайхалтай. Гэхдээ гоол оруулах 2-3 боломжийг ашигласан бол "ПСЖ" тоглолтыг эцсийн дүнг өөр болгож болохоор л байлаа.

Шинэ залуус, шинэ амбицтай "Челси" тоглолтын дүнг эцсийн мөч хүртэл хадгалсаар дуусгаж, Клубуудын дэлхийн аварга болов.

Шилдэг залуу тоглогчоор "ПСЖ"-ий Дизере Дуаэ , шилдэг хаалгачаар "Челси"-ийн Санчес, шилдэг тоглогчоор Коул Палмер нар тодорч, шагналаа АНУ-ын ерөнхийлагч Д.Трампаас гардан авлаа.

"Челси" зөвхөн энэ тэмцээний шагналд 129,5 сая ам. долларыг хүртлээ, түүхэнд байгаагүй өндөр шагнал.

Энэ тэмцээний нэг тоглолтыг дунджаар 39,557 үзэгч цэнгэлдэхэд үзсэн нь тун муугүй үзүүлэлт.

Бүтэн сарын турш хөлбөмбөг сонирхогчдод баяр хөөр авчирсан 63 тоглолт явагдаж, нэг тоглолтод дунджаар 3,1 гоол орсон нь ч өндөр статистик юм.

Жилийн дараа дэлхий даяараа дахин анхаарлаа Хойд Америк тив рүү, хөлбөмбөгийн ДАШТ-рүү хандуулна. Яг энэ 82,000 хүний суудалтай "Meflife" цэнгэлдэхэд 2026 оны долоодугаар сарын 19-нд хөлбөмбөгийн ДАШТ-ий шигшээ тоглолт буюу финал болно.

Дахин уулзая, Америкт.

Ц.Энхтүвшин  Таван цагариг сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.214.195.128
Зикод мэдээлэл өгсөнд баярлалаа