UBLife Logo
Амьдралын дүрэм

Өнөөдөр 60 нас хүрсэн Жоан Роулингийн талаарх 16 баримт

Өнөөдөр 60 нас хүрсэн Жоан Роулингийн талаарх 16 баримт

Их Британийн зохиолч Жоан Роулинг 60 нас хүрч байна. Түүний “Харри Поттер” бол Их Британийн түүхэн дэх хамгийн олон хувь зарагдсан ном болж, одоогийн байдлаар дэлхий дахинд нийт 600 сая борлогдоод байгаа аж. Ингээд энэ зууны шилдэг зохиолч Роулингийн амьдралын 16 сонирхолтой баримтыг хүргэж байна.

Аав, ээжийн хамт

1. Анхны өгүүллэгээ тэр 6 настайдаа бичсэн. Гол баатар нь улаан бурхан өвчин туссан “Туулай” нэртэй туулай байлаа. Түүнээс хойш маш олон зохиол бичсэн ч Харри Поттерийг бичтэлээ нэг ч зохиолоо бүрэн дуусгадаггүй байжээ.

2. 80-аад оны үед Роулинг “The Smiths” хамтлагийг бишрэн шүтдэг байжээ. Мөн нэг хэсэг “The Clash” сонсдог байсан гэдэг.

3. Харри Поттерийн цуврал зохиолуудаас Роулинг өөрөө “Harry Potter and the Chamber of Secrets”-ийн 12 дугаар хэсэгт хамгийн дуртай гэнэ. Мөн “Harry Potter and the Goblet of Fire” номын төгсгөлийг маш сайн хийж чадсанаараа бахархдаг.

2000 он

4. Роулингийн хамгийн хайртай баатар нь Альбус Дамблдор бөгөөд зүүдэнд нь орж ирдэг гэнэ.

5. Харри Поттерийн 4 дэх номонд гардаг канад охин Натали МакДональд бол бодит хүн. Хүнд өвдсөн энэ охины ээж нь Роулингэд хандан, охинд нь захиа бичиж дэмжихийг хүссэн байна. Харин Роулинг охиныг нь номондоо оруулж мөнхөлсөн юм.

6 . Роулинг 1965 оны долоодугаар сарын 31-нд инженер Питер Жеймс Роулинг, Энн Волан нарын гэрбүлд төрсөн. Ээж нь франц, шотланд цустай байв.

7. 1998 онд “Warner Brothers” студи түүний эхний хоёр номоор кино хийх эрхийг худалдан авчээ. Анхны кино 2001 оны 11 дүгээр сард гарч байв. Зураг авалтыг зөвхөн Их Британид хийх, жүжигчид нь бүгд Их Британийн жүжигчин байх шаардлагыг тэр тавьж байлаа.

8. Роулинг нэгэнтээ миний шидэт ертөнцөд 11 ид шидийн сургууль байдаг гэж хэлж байв. Үүндээ Зүүн Европын Дурмштранг, Японы Махотокоро сургуулийг нэрлэсэн байдаг.

9. Роулингийн эцэг эх 1964 онд Лондонгийн төмөр замын Кингс-Кросс буудал дээр танилцаж байв. Тиймээс зохиолч энэ буудлыг гол талбар болгон дүрсэлж, гэрбүлдээ зориулсан юм.

10. Бага байхад нь эмээ нь түүнд Жессика Митфордийн намтрыг бэлэглэжээ. Жоан түүнийг шүтдэг болж, бүх номыг нь уншсан гэдэг.

11. Анхны “Harry Potter and the Philosopher's Stone” номоо 1995 онд бичиж дуусгасан ч 12 хэвлэлийн газраас татгалзсан хариу авч байжээ.

12. Жоан Роулинг бол анхны долларын тэрбумтан эмэгтэй зохиолч. Хүүхдийн зохиолоор тэрбумтан болсон гэхээр бүр гайхамшигтай.

13. 25 настайдаа нөхрөөсөө салж, бяцхан охинтойгоо үлдсэн Жоан маш их деппрест орсон байв. Мөнгөгүй, тогтмол ажил байхгүй, өрх толгойлсон эмэгтэйн хүнд амьдрал туулж, сэтгэцийн эмнэлэгт ч хэвтэж байлаа. Энэ үеийн зовлон түүнд Харри Поттерийн зохиолын олон мангас, сөрөг дүрүүдийг бичихэд тус болсон гэдэг.

14. Харри Поттерийн кино гарсны дараа англичууд олноороо гэртээ шар шувуу тэжээж эхэлсэн. Харамсалтай нь тэд шувууны муухай үнэр зэрэг онцлогийг мэддэгүй байсан тул удалгүй шувуунуудаа гаргаж хаяж эхэлсэн байдаг.

15. 2015 оноос трансжендерийн эсрэг үзэлтэй хэмээн шүүмжлэгдэж эхэлсэн. Дэниел Рэдклифф, Эмма Уотсон, Руперт Гринт, Бонни Райт нар шүүмжлэгчдийн эгнээнд байлаа. 2020 онд Роулинг хүний эрхийг хамгаалагчдад олгодог Роберт Кеннедийн нэрэмжит шагналаа буцаан өгсөн.

16. Роулинг 2012 оны Лондоны олимпын нээлтэд оролцсон.

Түүний эшлэлүүд

“Бичиж сурахын тулд маш их унш”

“Номоо бичиж дуусаад би баатруудынхаа хэнтэй нь хамт хоол идэхийг хүсэж байна вэ гэж өөрөөсөө асуусан. Дотор сэтгэл минь Дамблдор гэж хариулсан. Бидэнд ярих юм их бий, түүний зөвлөгөөг би дуртайяа сонсох байсан. Ер нь хүн болгон амьдралдаа Дамблдортой уулзахыг хүсдэг байх”

“Миний хувьд Кингс-Кросс бол хамгийн романтик буудал. Яагаад гэвэл энд манай аав ээж танилцсан. Тийм болохоор Харри Поттер энэ буудлаас Хогвартс руу явдаг юм”

“Үхэгсдийг бүү өрөвд. Харин амьд байгаа хүмүүсийг өрөвд. Ялангуяа ямар ч хайргүй амьдарч байгааг нь”

“Өндөр түвшний оюун ухааны хувьд үхэл бол ээлжит нэгэн адал явдал юм”

“Хүнийг ямар хүн бэ гэдгийг мэдэхийг хүсвэл түүнийг өөрөөсөө доор хүмүүстэй яаж харьцаж байгааг нь хар”

“Дайсантайгаа тулахад эр зориг хэрэгтэй. Гэхдээ найзуудтайгаа зөрөхөд түүнээс илүү эр зориг хэрэгтэй болдог”

“Хэн ч түүнийг дурсахаа больсон цагт л хүн жинхэнээсээ үхдэг”

“Юу хийхээ мэдэхгүй байгаа бол Номын санд оч”

“Чиний хэн болж төрсөн чинь чухал биш, хэн болж хүмүүжсэн чинь л гол”

“Сэтгэлийн шарх, бусад ямар ч шархнаас илүү удаан эдгэдэг”

“Сониуч байх нь муу зүйл биш, гэхдээ хязгаартай байх хэрэгтэй”

“Би чамд хайртай гэдэг үг айдас, үхлээс ч илүү хүчтэй”

“Мөнгө эрх чөлөө олгодог. Супер хүч гэсэн гэсэн үг. Мөнгөтэй байхад хоёр зүйлийн алийг нь авах вэ гэж эргэлзэхгүй хоёуланг нь авч чадна гэдгээ ойлгож байдаг”

“Ирээдүйнхээ төлөө хааяа өнгөрснөө мартаж бай”

“Ном уншмаар санагдахад би өөрийнхөө бичсэн номыг хэзээ ч сонгодоггүй”

“Ингээд биччихвэл хүмүүс шүүмжлэх байх, ёс суртахуунгүй болчих байх гэж би боддоггүй. Би хүссэнээ л бичдэг”

“Фэнүүд маань миний бүтээлийг надаас илүү мэддэг. Гэхдээ би зохиол цааш яаж өрнөхийг мэддэгээрээ тэднээс илүү”

“Юм бичихгүй бол би галзуурах шахдаг. Зохиол бичээгүй хамгийн удсан маань 7 хоног л юм даа”

“Ганц зүйл сайн хийж чаддаг гэдэгтээ би баярладаг. Энэ бол миний бичих авьяас юм”

“Жинхэнэ зохиолч гэртээ суугаад уран бүтээл туурвидаг. Хуурамч нь ямар зохиол бичих гэж байгаагаа яриад л явдаг”

“Үнэнийг хэлэхэд би ямар ч ид шидэд итгэдэггүй”

“Бүдүүн тарган байх нь тийм муу зүйл үү? Атаархуу, хорон санаатай, тэнэг, уйтгартай, харгис байхаас муу  гэж үү?

“Жирийн амьдраад, нар мандаж байгааг харах нь л гайхамшиг гэдгийг ойлгоорой”

“Заримдаа миний тархи намайг өөрийг минь ч гайхуулдаг”

“Бодит үнэнийг фотошопоор засаж чадахгүй”

“Миний амьдралдаа сонссон хамгийн сайхан үг бол “Та миний хүүхэд нас шүү”

“Хэрэв та унших дургүй бол тохирсон номоо олоогүй байна гэсэн үг”

“Би Харри Поттертой уулзвал түүнийг маш их зовлон туулуулсандаа уучлал гуйх байсан”

“Миний хамгийн их харамсдаг зүйл бол ээж минь намайг зохиолч болсныг харалгүй өөд болсон явдал”

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.