“Reactive Abuse” буюу “Хариу үйлдлийн хүчирхийлэл” гэх энэхүү ойлголт олон хүнд танил биш ч бидний амьдралд тунчиг ойрхон бөгөөд хосуудын харилцаанаас эхлээд гэр бүл, ажлын орчинд хүртэл тохиолдож болдог.
“Хариу үйлдлийн хүчирхийлэл“ гэж юу вэ?
Хэн нэгэн, тэр тусмаа нарциссист хүмүүсийн удаа дараагийн өдөөн хатгалт, доромжлол, хяналт, сэтгэлзүйн дарамт, хүчирхийллийн үед нөгөө хүн тэвчиж дийлэхгүй болж, “хариу цохилт” өгөхийг үүгээр нэрлэдэг.
Жишээлбэл:
Нэг хүн таныг байнга доромжлох, элэглэж, үгээр дарамталдаг байлаа гэж бодъё. Та тэвчиж тэвчиж эцэст нь өөрийн хяналтаа алдан, үүний үр дүнд хашхирах, гомдоох үг хэлэх, ширүүн авирлах зэргээр өөрийн хэзээ ч гаргаж байгаагүй зан үйлдлийг гаргана. Харин энэ үед өдөөн хатгасан тал нь “Чи л хүчирхийлэл үзүүлж байна, өөрийгөө яаж байгааг харж байна уу” гэж бурууг чамд тохон, эргээд өөрөө хохирогчийн дүр үзүүлж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, жинхэнэ хүчирхийлэгч өөрийнхөө үйлдлийг халхалж, хохирогчийг буруутгах тоглоом тоглож буй нь энэ юм.

“Хариу үйлдлийн хүчирхийлэл“-ийн шинж тэмдгүүд:
Өдөөн хатгалгад өртөж, хариу үйлдэл үзүүлсний дараа өөрийгөө буруутгах, “Яагаад би ингэж уурласан юм бол?” гэж өөрийгөө зэмлэх, өөртөө урам хугарах, айх мэдрэмж авна.
Өөрийн дотоод мөн чанартаа эргэлзэх шинжүүд илэрнэ. “Би үнэхээр хүчирхийлэгч юм болов уу?” гэсэн эргэлзээгээр дүүрэн болж хувирдаг.
Өөрийн зан араншинд итгэлгүй болох буюу тэвчээргүй, хурдан уурладаг нэгэн мэтээр өөрийгөө харах.
Нийгмээс тусгаарлагдах буюу найз нөхөд, гэр бүлдээ тохиолдсон зүйлээ ярьж чадахгүй, ичих, улмаар өөрийгөө тусгаарлан, ганцаар байх нь ихэснэ.
Мөн хамгийн аюултай буюу хүчирхийлэгчийн дүрмээр амьдрах. Зөрчил гаргахгүй байх гэж байнга болгоомжлох, үгээр нь байх, гэмших мэдрэмжээс үүдэж үргэлжлүүлэн сөрж чадахгүй болох.

Яагаад аюултай вэ?
“Хариу үйлдлийн хүчирхийлэл“-ийн хамгийн аюултай зүйлсийн нэг нь сэтгэлзүйн тоглоом юм. Жинхэнэ буруутан хариуцлагаас бултаж, хохирогчийг өөртөө эргэлзүүлэн, үнэн ба худлын заагийг бүдгэрүүлдэг. Энэ нь хохирогчийг:
Өөрийгөө буруутгадаг,
Итгэлгүй, сул дорой мэт санагддаг,
Харилцаанаас гарахад улам хэцүү болгодог.
Эцэст нь сэтгэлзүйн эрүүл мэндэд хүчтэй дарамт болж, сэтгэл гутрал, түгшүүр, өөрийгөө үнэлэх үнэлэмж буурах зэрэг сөрөг нөлөө үзүүлнэ.

“Хариу үйлдлийн хүчирхийлэл“-тэй хэрхэн нүүр тулж, даван гарах вэ?
Хэн эхэлж өдөөн хатгаж байна вэ гэдгийг ажиглах.
“Би түүний эхлүүлсэн үйлдэл, өдөөлтөд хариу өгөөд байгаа юм байна” гэдгээ ойлгох.
Баримтжуулах буюу яриа, мессеж, үйл явдлыг тэмдэглэх, тогтоож авах.
Энэ нь өөрийгөө зөвөөр ойлгоход, бас цаашдаа өөрийгөө хамгаалахад тус болно.
Хил хязгаар тогтоох
“Ийм байдлаар надтай ярихыг чинь би хүлээн зөвшөөрөхгүй” гэдгээ илэрхийлэх. Мөн өөрт тань хэт их нөлөөлөхөөс сэргийлэх.
Дэмжлэг авах
Найз нөхөд, гэр бүлдээ итгэж ярих. Мөн сэтгэлзүйчид хандаж зөвлөгөө авах шаардлагатай. Мэргэжлийн тусламж танд заавал хэрэгтэй гэдгийг ойлгоорой.
Аюулгүй байдлаа хангах
Хэрэв хүчирхийлэл тогтмол бас аюултай болж байгаа бол тухайн харилцаанаас гарах хэрэгтэй. Мөн хууль эрх зүйн хамгаалалт авах талаар бодолцоод үзээрэй. Танд мэргэжлийн хүний, хэн нэгний тусламж заавал хэрэг болох болно.
Хохирогчийг буруутгах, өөрийгөө үзэн ядаж, буруутайд мэдрэхэд хүргэдэг энэүү үйл явц нь “Reactive abuse” бөгөөд энэ нь хүчирхийлэгчийн бий болгосон урхи юм. Таны тэвчээрийн төгсгөлд өгсөн хариу үйлдэл, гэнэтийн үйлдэл бөгөөд үүнийг хайхрахгүй өнгөрөх, эсвэл өөрийгөө буруутгаж болохгүй. Харин та ийм үйлдэл илэрсэн даруйд мэргэжлийн хүнд хандаарай. Бусдыг, цаашлаад өөртөө ч гэмтэл учруулах магадлал өндөр тул хэрэв танд шинж тэмдэг анзаарагдсан л бол цаашид яах тал дээр нухацтай бодох хэрэгтэй. Хүчирхийллийн үр дүнд танаас гарсан гэнэтийн үйлдэл боловч, мөн цаашид өөрийгөө хэрхэн хянаж, ямар арга хэмжээ авбал хамгийн зөв бэ гэдгийг бид олж мэдэх нь нэн чухал. Үгүй бол байнга энэ хэвээрээ үргэлжилж болохгүй юм шүү. Энэ бол өөрийгөө хамгаалж, эрүүл амьдралын төлөө зоригтой алхам хийх дохио юм.
