Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, Гадаад харилцааны яамнаас тус бүс нутагт оршин суугаа иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, шаардлагатай тохиолдолд эх оронд нь буцаан авчрах чиглэлээр холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайдын яам Катар Улс, Кувейт Улс болон Саудын Арабын Хаант Улсын холбогдох эрх бүхий байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, Катар, Кувейт улсад оршин суугаа болон зорчиж байгаад саатсан нийт 36 иргэнийг хүсэлтийнх нь дагуу аюулгүйгээр эх оронд нь буцаах ажлыг зохион байгууллаа. Тодруулбал, Саудын Арабын Хаант Улсын дамжин өнгөрөх визийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн түр байрлах байрны зохицуулалтыг хийх, Эль-Кувейт–Дубай, Доха–Дубай чиглэлд зорчих тээвэр, логистикийн зохицуулалтыг хангах, тусгай үүргийн нислэгт хамруулах бүртгэлийг зохион байгуулах, онгоцны буудалд хүргэх зэрэг зохицуулалтыг хийж ажиллав.
Тус иргэд 2026 оны гуравдугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу зохион байгуулагдсан Улаанбаатар–Дубай–Улаанбаатар чиглэлийн “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн тусгай үүргийн нислэгээр эх орондоо буцав. АНЭУ-ын Дубай хотыг зорьсон “МИАТ” ТӨХК-ийн ОМ904 дугаарын тусгай үүргийн нислэгийн аюулгүй байдлыг Эмиратын Засгийн газрын дэмжлэгтэйгээр хангасан бөгөөд уг нислэг 91 зорчигчтойгоор Дубай хотын Эль Мактум олон улсын нисэх онгоцны буудлаас Монголын цагаар 19:40 цагт хөөрсөн аж. Тусгай үүргийн нислэг 04:45 цаг орчимд газардах тов гарчээ.
Гадаад харилцааны яам болон Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайдын яам бүс нутгийн нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, Монгол Улсын иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр шаардлагатай арга хэмжээг үргэлжлүүлэн авч ажиллаж байна гэж Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ.