UBLife Logo
Спорт

Аделия Петросяны дасгалжуулагчид хориг тавилаа

Аделия Петросяны дасгалжуулагчид хориг тавилаа

Энэ сарын 17-21-нд Бээжинд 2026 оны олимпын эрх олгох уран гулгалтын тэмцээн явагдана. Тэмцээнд ОХУ-ыг төлөөлөн оролцох ганц найдвар болсон тамирчин нь эмэгтэй ганцаарчилсан төрлийн Аделия Петросян.

Гэвч Бээжингээс нэгэн хачирхалтай мэдээлэл ирсэн нь түүний дасгалжуулагч Даниил Глейхенгаузид Олон улсын холбооноос тэмцээний мандат, эрх олгосонгүй. Тэгэхээр Петросян хариуцлагатай энэхүү тэмцээнд ганцаараа оролцох боллоо.

Глейхенгауз РИА агентлагт ярилцлага өгөхдөө “Шууд шоконд орсон. Намайг ямар нэг шалтгаанаар хасна гэж огт бодож байсангүй. Би хамаагүй үг хэлэхгүй, биеэ хянадаг, улс төрийн талаар ярихгүй байхыг хичээдэг хүн. Манай шигшээ баг, холбооноос хуралдаад тэмцээнээс хасагдах хамгийн эрсдэлгүй хүн нь намайг гэж тооцсон. Гэтэл намайг тэмцээнд оруулсангүй” гэжээ.

Тэмцээний дүрэм ёсоор тамирчин болгон нэг дасгалжуулагчтай байх ёстой. Харин одоо цаг оройтсон тул өөр дасгалжуулагч мэдүүлж ч чадахгүй болжээ. Учир шалтгааныг нь ч Олон улсын холбооноос тайлбарлаагүй байна. Магадгүй Камила Валиевтай холбоотой допингийн асуудал нөлөөлсөн үү, дотроосоо хэн нэг нь матсан уу, эсвэл дайныг дэмжиж байсан нь илрэв үү гэдэг тодорхой бус.  

Бээжингийн тэмцээнд оролцох эрхгүй гэдгээ нэлээд эрт мэдсэн дасгалжуулагч Александр Жулин “Аделия ганцаараа ч олимпын эрх авч чадна. Тэр цор ганцаараа биш. Ямар ч гэсэн манай багт нэг илээч, массажчин байгаа. Тэр туслах болно” гэж хэлсэн ч илээч хүн дасгалжуулагч, багшийг орлож чадах нь юу л бол.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.