UBLife Logo
Спорт

Хөнгөний ДАШТ-ий “хөнгөн бус” тойм #4

Хөнгөний ДАШТ-ий “хөнгөн бус” тойм #4

"Токио-2025" хөнгөн атлетикийн 20 дахь удаагийн ДАШТ-ий дөрөв дэх өдрийн тоймоо хүргэе!

Дундын зайн "Хатан хаан" Фейт Кипьегон. Кенийн 31 настай бүсгүй 1500 метрийн зайд Дэлхийн рекордыг эзэмшигч (3:48.68), Олимпийн гурав (2016,2020,2024), Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурван алтан медальтай.

Токиод өөрийн "хөлдөө оруулсан" энэ л зайдаа ДАШТ-ий дөрөв дэх алтан медалиа 3:52.15 амжилтаар хүртлээ. Нэг төрөл зайд ДАШТ-ээс хамгийн олон алтан медаль хүртсэн эмэгтэй хөнгөн атлетикчдийн жагсаалтад 100м -т дэлхийн таван алтан медальтай Ямайкийн домогт Шелли-Энн  Фрэйзер-Прайсын л дараа бичигдэх боллоо, Кипьегон.

1500 м-ийн зайд мөнгөн медалийг Кипьегоны нутаг нэгт  Доркус Эвои 3:54.92 амжилтаар, хүрлийг Австралийн Жессика Халл 3:55.16 амжилтаар хүртлээ.

Эрэгтэйчүүдийн өндрийн харайлтын төрөлд алтан медалийн төлөө өрсөлдөөн  таамаглаж байсанчлан Олимпийн аварга Шинэ Зеландын Хамиш Керр, БНСУ-ын У Сан Хёк хоёрын хооронд боллоо.

2.34 м дээгүүр энэ хоёр л гарсан. Керр дараа нь 2.36 м дээгүүр харайж, У Сан Хёк алт авах сүүлчийн найдлага  2.38 м захиалга өгсөн ч барсангүй ээ. Ингээд Хамиш Керр дэлхийн аварга цолыг анх удаагаа хүртэв.

Солонгос залуугийн хувьд өмнөх ДАШТ-ий хүрлээ мөнгө болгож ахиулсан ч зун шилбэний булчиндаа авсан гэмтэл нь багагүй нөлөөлсөн болов уу?

 Өндрийн харайлтын  дэлхийн рекордыг эзэмшигч Хавьер Сотомайорын 2.45м амжилтад хүрэхэд хол байна даа хол байна, одоогийн аваргуудад.

Дүүгүүр шидэлтэд Канадууд гангарч байна даа. Өчигдөр эмэгтэй дүүгүүрт Кэмрин Рожерс алт авсан бол өнөөдөр эрэгтэйд Итэн Кэцберг 84.70 амжилтаар дэлхийн хошой аварга боллоо. Итэн Кэцберг , Кэмрин Рожерс хоёулаа "ханиндаа" 2023,2025 оны дэлхийн аварга, 2024 оны Олимпийн аварга болж өвөрмөц түүх бичлээ.

Хоккейн Канад ийнхүү "Дүүгүүр" Канад болж байна даа.

Эрэгтэй 110 метрийн халхалттай гүйлтэд АНУ-ын Корделл Тинч 12.99 сек амжилтаар түрүүлэн дэлхийн аварга боллоо.

Түүний араас хоёр Ямайкийн хоёр гүйгч барианд орсон. О.Беннет 13.08 гүйж мөнгө, Т.Мэсон  13.12 амжилтаар хүрэл медаль зүүв.

Сонирхолтой нь медаль хүртсэн гурав маань гурвуулаа ДАШТ-ээс анхны медалиа хүртэж буй нь энэ бөгөөд эрэгтэй 110м халхалттай гүйлтэд цоо шинэ үе гарч ирснийг харууллаа.

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.