UBLife Logo
Нийгэм

Т.Амарзаяа: Иргэд төсвийн төсөлд саналаа өгсөн, одоо хянах хэрэгтэй

Т.Амарзаяа: Иргэд төсвийн төсөлд саналаа өгсөн, одоо хянах хэрэгтэй

Монголын залуучуудын эвсэл байгууллагын Гүйцэтгэх захирал Т.Амарзаяатай ярилцлаа. Засгийн газар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслөө УИХ-д өргөн бариад удаагүй байгаа бөгөөд иргэдээс цахимаар санал асууж боловсруулсан анхны төсвийн төсөлд тэрбээр ажиглагчаар ажилласан юм.  

 -Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын 2026 оны төсвийн төслөө УИХ-д дөнгөж өргөн барихдаа ардчилсан улсын хувьд төсвийн хэлэлцүүлгийг анх удаа иргэдийн оролцоотой хийснээ тодотгосон. Та энэ төслийг боловсруулах үйл явцыг иргэний нийгмийн байр сууриас идэвхтэй ажиглаж, бас оролцсон хүний хувьд сэтгэл хэр хангалуун байгаа вэ?

-Төсвийн тухай хуулийг тухайн жилдээ зориулан жил болгон шинэчлэн найруулдаг, өмнөх жилийнхээсээ өөрчлөгддөг, төсвийн төсөөллийн тухай хууль гэж батлаад явдгийг хүн бүр мэднэ. Энэ жилийн хувьд яамд нээлттэй зар тавьж төсвийн төслөөр хэлэлцүүлэг хийснийг юуны өмнө онцлууштай. Урьд өмнө ийм хэлэлцүүлэгт оролцож байгаагүй учраас бид энэ тухай наймдугаар сард л зараас олж мэдээд хэлэлцүүлгүүдэд ажиглагчаар суусан. И-Монголиа аппликэйшнаа ашиглаад төсөлд санал өгөх боломжийг олгосон нь мөн энэ жилийн төсөвт иргэдийг оролцуулсан яах аргагүй том онцлог. Татвар төлөгч иргэн өөрийн цалин орлогоос бүрдүүлж буй төсөвт шууд оролцоно гэдэг ардчиллын маш чухал хэлбэр. Үе үеийн Засгийн газар цахим хөгжил гэж их ч ярьсан, яамтай ч болсон. Монгол Улсын төсвийн төсөл боловсруулахад интернэт хэрэглэгч иргэн бүхэн санал өгөх, оролцох боломжийг бүрдүүлж өгсөн нь цахим хөгжлийн бодит хэрэгжилт, хамгийн сайн тал юм.

-Саналаа өгсөн иргэдийн дийлэнх залуус байгаа нь бусад насны бүлгийнхний санал орхигдсон байх талтай гэж үзэж болох уу?  

-Төсвийн хэлэлцүүлэгт нийт 188 мянган иргэн саналаа өгснөөс дийлэнх олонх буюу 100 мянга шахам нь 18-34 насны залуу хүн байлаа. Тэдний өгсөн саналаар тогтоосон төсвийн хөрөнгө оруулалтын нэн шаардлагатай салбаруудыг эрэмбэлснээс харахад, манай улсад хамгийн их тулгамдаж байгаа асуудлууд гарцаагүй бодитой гарч ирсэн. Нэгдүгээрт эрүүл мэнд, хоёрдугаарт боловсрол, гуравдугаарт эрчим хүчний найдвартай байдлыг хангах, шинэчлэх шаардлагатай гэж үзсэн. Бидний үргэлж санаа зовдог нийтлэг дөрвөн сэдэв яах аргагүй мөн. Тэгэхээр зөвхөн залуусын шинжтэй гэж үзэх нь явцуу дүгнэлт болно.   

-Улсын төсөв батлах болон батлагдсаны дараах хяналтын механизмд иргэд хэрхэн оролцох вэ?

-Яг одоо УИХ-аар төсвийн хэлэлцүүлэг өрнөх гэж байна. Энэ үйл явцыг бид анхаарлаа хандуулан хянах ёстой. Манай байгууллага гэхэд л төсөлд иргэдийн өгсөн саналыг өөрчлөн батлах, эсэхийг ажиглаж ажиллана. Түүнчлэн төсөв батлагдсаны дараа хэрэгжилтийг явц бүрд нь хянаж байж иргэдийн санал амжилт олно. Үүнд иргэний нийгмийн хяналт нэн чухал. Иргэд өдөр тутмын ажил амьдралаа төсөв мөшгихөд зориулаад явж чадахгүй. Одоо утаа, түгжрэл гээд нөгөө л бэрхшээлтэй асуудлууд ундарч эхлэхэд иргэний нийгмийн хяналт тогтмол, тууштай үргэлжлэх ёстой. Манай байгууллагын хувьд яамдтай байнга харилцана, шилэн дансаа шалгана, Сангийн яамаа шахаад ажилласаар байх болно. Ер нь улсын төсөвт олон хичээл зүтгэл шаардлагатай. Төсөл боловсруулахад иргэдийг оролцуулах арга зам, энэ төсвөө хэрэгжүүлэх шийдвэр гаргагчдын улс төрийн хүсэл зориг хэрэгтэй.

-Анхны цахим асуулгын дараа ирэх жилийн хэлэлцүүлэг болон асуулгад анхаарууштай зүйлс юу байсан бэ?

-Төсвийн санал асуулгын асуултууд тулгасан шинжтэй байсан гэх шүүмжлэл иргэдээс гарсныг ирэх жил асуулга боловсруулахдаа анхаарах ёстой. Энэ удаад бид яамдын хэлэлцүүлгийн дараа Хууль зүй, дотоод хэргийн яам, Соёл спорт аялал жуулчлалын яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Боловсролын яаманд санал, зөвлөмж өгсөн юм. Дараагийн хэлэлцүүлгээ энэ жилийнх шиг иргэдийн ихэнх нь амарч байдаг наймдугаар сард биш, гуравдугаар сараас эхлүүлэх нь зүйтэй байна. Иргэд, байгууллагууд, иргэний нийгмийнхэнийг мэдээллээр хангах, төслийн төлөвлөлтөд оролцох хугацааг хангалттай тавьж өгөх хэрэгтэй. Иргэдээс авсан төсвийн санал асуулгын асуултууд тулгасан шинжтэй байсан нь төсвийн тааз тогтоочихсон, боловсруулаад аль хэдийн багцалчихсан төсөлд санал авсантай холбоотой шүүмжлэл байгаа. Манай зөвлөмжийн гол агуулга хэлэлцүүлэг зохион байгуулахтай холбоотой.

-Иргэд бид Засгийн газарт буюу улстөрчдөд оролцоогоо дэмий ашиглуулах эрсдэл бий юү?

-Засгийн газрын болон, яамдын хэлэлцүүлэгт цугласан иргэд, талуудын тархийг угаах, пэйж хуудсуудаараа хэлэлцүүлгийн бичлэгийг олон нийтэд цацахдаа оролцогчдынхоо нийгэм дэх дүр төрх, нөлөөлөл, ач холбогдлоор нь гоёл чимэглэл болгон ашиглах боломжтой. Монголын залуучуудын эвсэл энд ажиллаж байна, хүүхдийн эрхийн асуудлаар ажилладаг хүмүүс зөв үг хэллээ гээд л үзэгчид боддог, санаа нь амарчихдаг. Жишээлбэл, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Аубакир төслөө танилцуулахдаа 117 тэрбум төгрөгийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд зориулсан гэхэд хэдэн хувь нь 18-34 насны залуучуудыг ажлын байртай болгох, хэд нь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих юм гэдэг нь сонирхолтой байлаа. Эдгээр тоо Боловсролын яамнаас гаргасан сургууль цэцэрлэгийн хүртээмжээс хамааралтайгаар эхчүүдийн ажил хийх боломжит дүнтэй мөргөж байгаа эсэх, ерөөс төсвийн төсөл дэх статистикууд хоорондоо уялдаатай эсэх чухал байсан юм. Гэвч сайд хариулж чадаагүй. Ийм чухал судалгаа хийх мөнгө байхгүй л гэж байгаа юм. Төсвийн хэлэлцүүлэгт ирсэн зарим хүн энэ сэдэвт огт хамааралгүй ч сэтгэлийг нь зовоосон асуудлаар их удаан ярьсан. Гэхдээ л тэр хүмүүс сайдад үгээ дуулгасандаа, Монгол Улсын Засгийн газар гэдэг пэйжээр яриа нь нэвтэрсэнд бухимдлаа тайлаад, хэсэг ч гэсэн тайвшраад харьж байгаа юм. Тэгэхээр иргэдийг олноор нь цуглуулж тархийг нь угаах, тэдний дүрс, дуу хоолойгоор арга хэмжээний сүр хүчийг бадруулах, бухимдсан олныг тайвшруулах гэсэн гурван аргаар шийдвэр гаргах түвшинд иргэдээ оролцууллаа гэж тооцвол улс орон хөгжихгүй.

Бид оролцоогоо үр дүнтэй болгохын тулд төсвийн хэлэлцүүлгээс эхлээд батлагдсаных нь дараах зарцуулалтад хяналтаа чиглүүлэх хэрэгтэй. Тухайлбал, Соёл спорт аялал жуулчлалын яам гэхэд гаднын инфлюнсерүүдийг авчирч байгаа, том эвентүүд хийж байгаа зардалд мөнгө угаалт явагдаж байх магадлалтай гэж би харддагийг зөв өнцөг гэж боддог. Тиймээс төрийн аудитын байгууллагын дүгнэлтүүдийг мөргүүлж харахаас эхлээд олон ажил байна.

-Манай иргэд, иргэний нийгмийн байгууллагуудад төсвийг хянах туршлага, аргачлал гэж байна уу?

-Төсвийн ил тод байдал сайн гэж хэлэхэд хэцүү. Бидний төсөв хянаж байгаа арга бол үндсэндээ өмнөх онд Засгийн газрын ажилласан байдалд хийсэн Аудитын ерөнхий газрын дүгнэлтээс өөр авч үзэх юмгүй. Шилэн дансны ил тод хүртээмжтэй байдлыг сайжруулах ёстой юм билээ. Одоо яамдын шилэн данс цонхны чеклэсэн харагддаг руу дарахаар хоосон, эсвэл зүгээр пи ди эф файл тавьчихсан байдаг. Гэтэл улсын төсөв нийтийн мэдээллийн хуулиараа нээлттэй мэдээллийн жагсаалтад байдаг. Тэгэхээр мэдээллийн хариуцагчаас нь бид мэдээллийг боловсруулж ашиглах боломжтой байдлаар хүртэх эрхтэй. Тэгэхээр иргэдэд төсөвт хяналт тавихад цаг зав, ур чадвар шаардагдаж, хүндрэлтэй байдаг. Манай байгууллага төсвийн шинжээчдээс бүрдсэн Зөвлөх хороо гэж байгуулаад дата дээр ажиллах, мэргэжлийн дүн шинжилгээ хийх дөрвөн шинжээч ажиллуулж эхлээд байна.

-Төсвийн хөрөнгө оруулалтын том дүнгүүд нийслэлийн бүтээн байгуулалтад нэлээд эрчимтэй зарцуулагдаж байгаад та бүхэн анхаарал хандуулж байгаа юу?

-Нийслэлд 33 тэрбум төгрөгөөр 34км явган зам тавьж, энэ зунжин намаржин болж байна. Бид БГД-ийн явган зам сольж байгаа газруудад очиж шалгахад зураг төсөлгүй шууд хийчихсэн, эвдрэлгүй замуудыг хуулчихсан, ус зайлуулах хоолоогүйгээр зам тавьсан байсан. Хуулсан хавтангуудаа зүсэж гэр хороололд тендергүй зам тавьж байгаа газруудад зардаг гэх мэт итгэхийн аргагүй зөрчлүүд гарсан. Гадаадын 400-гаад тэрбум төгрөгийн зээл тусламжаар хийж байгаа гэх Сэлбийн үерийн далангийн ажлын нарийвчилсан төсвийг олох гэхээр хариуцсан газрууд нь зөрүүтэй тоонууд бичгээр ирүүлдэг. Сэлбийн бургасыг авчихсан, гэтэл гол бургасаараа усны түвшингээ татаж байдаг байгалийн зохилдлоготой. Хотын дуу чимээг сарниулдаг гол ус, мод бутыг устгаад 1.5 метрийн өндөр бетон хана барьсан энэ төсөл бол төсвийг хэрхэн үргүй, мөн маш буруу зарцуулж буйн тод жишээ.  Иймэрхүү төслүүдэд  АТГ-тай хамтарч ажиллах гэж хичээж байна.

Төсвийн ил тод байдал болон үр дүнд суурилсан төсөв, төлөвлөлтийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл ЭНД ДАРЖ цахим хуудсаар зочлоорой. Нийтлэгдсэн тайлан болон энд холбоотой мэдээллийг Монгол Улсын Засгийн газар, Европын Холбооны Төсвийн Дэмжлэгийн хөтөлбөрийн хүрээнд боловсруулсан болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.