Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн талаар Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүүтэй ярилцлаа.
-Дунд хугацааны Төсвийн хүрээний мэдэгдэл 2026-2028 онд эдийн засгийн өсөлтийг ямар байхаар төсөөлсөн бэ? Ойрын ирээдүйн өсөлтөд нөлөөлөх гол хүчин зүйлсийг хэрхэн үзэж байгаа вэ?
-Монгол Улсын эдийн засаг 2024 онд 5.1 хувиар, 2025 оны эхний хагас жилийн байдлаар 5.6 хувиар өсөөд байна. Уул уурхайн үйлдвэрлэл өмнөх үетэй харьцуулахад саарч ердөө 1.1 хувийн өсөлттэй, тээврийн салбар -12.5 хувь болж буурсан бол хөдөө аж ахуй, барилга, боловсруулах салбарууд өндөр өсөлттэй байгаа нь эдийн засгийн өсөлтийг дэмжиж байна. Худалдааны салбар хагас жилийн байдлаар -5.7 хувь болж буурсны зэрэгцээ аж үйлдвэрийн орц, хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний импорт саарсан, оны сүүлийн хагаст хэрэглээний өсөлт удаашрах төлөвтэй байгаа зэрэг эдийн засгийн идэвхжил суларсныг харуулж байна. Бид энэ удаагийн Төсвийн хүрээний мэдэгдлийн хуулийн төсөлд эдийн засгийн өсөлтийг 2026 онд 5.7 хувь, 2027 онд 6.3 хувь, 2028 онд 6.5 хувьд хүргэх буюу дунд хугацаанд өсөлтийг 6 хувь орчимд тогтворжуулахаар тооцсон. Ингэхдээ салбар бүрд хүрэхээр дэвшүүлсэн зорилт, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, арга хэмжээний үр нөлөөг харгалзсан. Ирэх жилүүдэд эдийн засгийн өсөлтөд жишээлбэл, Оюутолгойн далд уурхай, зэсийн баяжмал дах металлын агууламж нэмэгдэх, хил дамнасан төмөр замын холболт хийх, томоохон үйлдвэр, технологийн паркууд ашиглалтад орж боловсруулах үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж байгаа Хүнсний хувьсгал, Атарын аян, Цагаан алт зэрэг хөтөлбөрүүдийн эдийн засгийн өсөлтөд үзүүлэх нөлөөллийг тооцсон. Бусад төрийн өмчит компаниуд, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын төслүүдийн нөлөөллийг мөн харгалзсан байгаа.
-Эдийн засгийн өсөлтийн төсөөллийг өмнөхөөсөө бууруулсан шалтгаан нь юу юм бол?
-Гадаад орчинд дэлхий нийтээр тодорхойгүй байдал үүссэн, манай экспортын гол бүтээгдэхүүн нүүрсний үнэ эрс унасантай холбоотой экспортын орлого, төсвийн орлого буурсан, дотоод орчиндоо хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт 5.6 хувь гарсан ч хамгийн өндөр өсөлт үзүүлсэн хөдөө аж ахуйн салбар нь өнгөрсөн хоёр жилд зудын нөлөөгөөр агшсаны дараа, суурийн нөлөөгөөр 35 хувийн өсөлттэй гарсан нь тогтвортой өсөлтийг бий болгох хүчин зүйл биш. Эрэлт талаас өнгөрсөн жилтэй харьцуулахад өрхийн хэрэглээ хумигдсан, өрхийн бодит орлогын өсөлт байгаа ч саарсан, хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлтүүд буюу ажиллагчдын тоо, ажиллах хүчний өсөлт саарсан, ажиллах хүчний оролцооны түвшин өмнөх оны мөн үеэс 0.3 пунктээр буурч 61.9 хувьд хүрсэн үзүүлэлттэй байна. Импортын хувьд 2025 оны 8 дугаар сарын байдлаар 7.5 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны түвшинд байгаа ч эдийн засгийн үйлдвэрлэлийн потенциалыг дэмждэг аж үйлдвэр, хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүдийн импорт буурсан, хэрэглээний бүтээгдэхүүний импорт өсөлттэй байна. Мөн БНХАУ-ын Тяньжин боомтоос манай улс руу ачигдахаар хүлээгддэг чингэлгийн тоо энгийн үед 2000-3000 байсан бол энэ оны 8 дугаар сард 250 чингэлэг болж, өмнөх онуудын дундаж үлдэгдлээс 10 дахин буурсан байна. Энэ нь эдийн засгийн эрэлт, идэвхжил саарсныг харуулж байна. Иймд эдийн засгийн өсөлтийн тооцоололд өөрчлөлт оруулсан гэж ойлгож болно.
-Яагаад алдагдалтай төсөв оруулж ирж байгаа шалтгааныг тайлбарлахгүй юу. Төсвийн алдагдлыг гаднын зээлээр санхүүжүүлэх үү?
-Бид эдийн засгийн өсөлтийг потенциал түвшинд хүргэхийн тулд энэ удаагийн төсвийг алдагдалтай байхаар боловсруулсан. Мэдээж жил болгон төсвөө алдагдалтай батлаад, ужигруулаад явбал санхүүгийн тогтвортой байдал болон зээлжих зэрэглэлд сөрөг нөлөө үзүүлнэ. Энэ удаагийн төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлд ДНБ-ий 1.3 хувь, 2027 онд 0.8 хувь, 2028 онд 0.4 хувь гэж алдагдлын хэмжээг үе шаттайгаар бууруулж, ойрын 3 жилд эдийн засгаа тогтворжуулах бодлого баримталж байна.
Мөчлөг сөрсөн төсвийн бодлого гэдэг нь энгийнээр хэлбэл, эдийн засгийн идэвхжил суларсан үед төсвийн зардлыг тодорхой түвшинд хадгалах, бодитойгоор төсөөлсөн төсвийн орлоготой харьцуулаад шаардлагатай бол төсвийг алдагдалтай баталж, зарцуулалтаар дамжуулан нийт эрэлтийг нэмэгдүүлж, эдийн засгаа дэмжихийг хэлнэ. Эсрэгээрээ эдийн засгийн идэвхжил сайн байх үед төсвийг алдагдалгүй, эсвэл ашигтайгаар баталж, эдийн засагт хэт халалт үүсэхээс сэргийлэн инфляцын дарамтыг бууруулж макро эдийн засгийг тогтворжуулахыг хэлнэ.
2026 оны төсөвт тооцсон ДНБ-ий 1.3 хувьтай тэнцэх, 1 их наяд 380 тэрбум төгрөгийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор тусгайлан бонд гаргах, зээл авах асуудал байхгүй гэдгийг хэлье. Гэрээ, хэлэлцээр нь УИХ-аар соёрхон батлагдаж, хэрэгжээд эхэлсэн Газрын тосны үйлдвэр, Төв цэвэрлэх байгууламжийн төсөл, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц гэх мэт чухал ач холбогдолтой, гадаадын зээлээр санхүүждэг төслүүдийн зардалд 1.5 их наяд төгрөг, буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байгаа төслүүдийн зардалд 400 тэрбум төгрөг, нийт 1.9 их наяд төгрөгийг хуваарилсан нь төсвийн зардал дотор заавал бичигддэг. Тэгсэн мөртлөө санхүүжилтийн эх үүсвэр нь төсвөөс гардаггүй, гадаад валютаар, хийгдсэн ажлын гүйцэтгэлээр орж ирдэг. Төлбөрийн тэнцэлд дарамтгүй, эргэн төлөлт нь урт хугацаанд хийгддэг. Энэ зардлыг хассан тэнцлийг төсвийн суурь тэнцэл гэдэг бөгөөд ДНБ-ий 2 хувиас дээш ашигтай байхаар хуульд заасан. Өөрөөр хэлбэл, дотоодоосоо олж байгаа орлогоор зарлагаа бүрэн санхүүжүүлээд, цаана нь өмнө авсан зээлүүдийн эргэн төлөлтийг энэ зөрүүгээр хийх зохицуулалттай гэсэн үг. Товчхондоо, төвсийн алдагдлыг нөхөхөөр зээл авахгүй.
-Инфляцыг 2026-2028 онд ямар байхаар тооцоолж байгаа вэ?
-Инфляц хоёр талтай байдаг. Нэг талаас Монгол банк инфляцыг бодлогын зорилт болгож авч явдаг. Монгол банк энэ онд инфляцыг 6±2 хувь, 2027 оноос 5±2 хувь буюу дээд тал нь 7 хувь, доод тал нь 3 хувь гэдэг интервалаар зорилтоо тавьж байгаа. Тэгэхээр бид 2026 онд энэ бодлогын зорилтот түвшинд нийцтэйгээр инфляцыг 7 хувь, 2027 онд 6 хувь, 2028 онд 5 хувьтай байхаар тооцож байна. Инфляц хэт өндөр бол мэдээж мөнгөний үнэ цэн буурч, иргэдийн бодит орлогод сөргөөр нөлөөлнө. Тэгэхээр инфляцыг үе шаттай бууруулах нь макро эдийн засгийн тогтвортой байдалд чухал үзүүлэлт. Мөнгөний нийлүүлэлт хэт их байх юм бол мөнгөний үнэ цэн унаж Монгол банкны хэрэгжүүлж байгаа бодлогууд эрэлт талын инфляцыг өдөөнө. Нөгөө талаас Засгийн газрын хэрэгжүүлж байгаа арга хэмжээ мөн инфляцад нөлөөтэй. Нийлүүлэлт талын хүчин зүйлсийг Засгийн газар онцгойлон анхаарах учиртай. Хилээр орж ирж байгаа импортын бараа бүтээгдэхүүнүүдийн эргэлт удааширвал үнийн өсөлтөд шууд нөлөөлнө. Хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлт, ургац хураалт зэрэгт бэрхшээл үүсээд байвал бас инфляцад нөлөөлөх жишээтэй. Тэгэхээр Засгийн газрын зүгээс нийлүүлэлтийн шалтгаантай инфляцын дарамтыг бууруулах, тээвэр логистикийн саатлаас урьдчилан сэргийлэх шаардлагатай. Түүнчлэн хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж байгаа Хүнсний хувьсгал, Цагаан алт, Шинэ хоршоо, Атар-4 аян зэрэг ихээхэн санхүүжилт зарцуулж байгаа хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх, энэ чиглэлийн бараа бүтээгдэхүүнийг зах зээлд тогтвортой нийлүүлэх замаар импортыг орлох хэмжээнд аваачихад чиглэсэн бодлогын зорилтууддаа хүрч ажиллах ёстой. Мөн худалдааг хөнгөвчлөх, бизнесийн зардлыг бууруулах нь инфляцад чухал нөлөөтэй. Энэ хүрээнд жишээлбэл, Засгийн газраас хил, гаалийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах, цахимжуулах чиглэлд анхаарч ажиллаж байгаа юм.
Түүнчлэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд урсгал зардлын хэмжээг ДНБ-ий 30 хувиас хэтрүүлэхгүй гэж заасан байдаг. Бид 2026 онд 24 хувь, 2027 онд 23 хувь, 2028 онд 22 хувиас хэтрүүлэхгүй байх бодлогын зорилт тавьж байгаа нь инфляцын дарамтыг бууруулахад хувь нэмэр оруулна. Ер нь урсгал зардлаас гадна ДНБ-д эзлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хувь хэмжээ, төсвийн зарлагын хувь хэмжээг ирэх жилүүдэд 30.9 хувь, 29.3 хувь, 28.2 хувь болон 32.2, 30.0, 28.6 хувь болгон үе шаттайгаар бууруулах бодлогыг Төсвийн хүрээний мэдэгдэлд тусгасан. Эдийн засагт эзлэх төрийн оролцоог бууруулах, татварын реформ хийх орон зайг гаргах замаар хувийн хэвшлийг дэмжих, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг бууруулахгүйгээр зардлыг бууруулж төсвийн зарцуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх бодлого гэж ойлгож болно.

-Улсын эдийн засгийн төлөвлөлтийг хийж байгаа гол хүнээс экспортын гол бүтээгдэхүүн нүүрсний зах зээлийн талаар асууя. Манайх жилд 90 сая тонн нүүрс гаргаж чадах уу. Цаашид нүүрсний үнэ нэмэгдэх хандлага байна уу?
-Манай улсын нүүрсний экспорт 2023 онд 69.6 сая тонн, 2024 онд 83.8 сая тонн хүрч байсан бол 2025 оны 9 дүгээр сарын 20-ны байдлаар 60 сая тонн байна. Бид нүүрсний экспортыг 2025 онд 85.0 сая тонн, 2026 онд 90.0 сая тоннд хүрэхээр төсөөлж байна. Уул уурхайн бүтээгдэхүүний төсөөллийг боловсруулахдаа төрийн өмчит болон хувийн хэвшлийн уул уурхайн олборлогч, экспортлогч компаниудтай уулзаж, бизнес төлөвлөгөө, уулын ажлын төлөвлөгөө болон гаалийн системд бүртгэгдсэн экспорт, борлуулалтын гэрээнүүдэд үндэслэн гаргадаг. Мөн боомтуудын хүчин чадлыг давхар тооцож, аль боомтоор хэдэн саяыг гаргах боломжтой вэ гэдгийг тооцож явдаг. Гэвч бид энэ зорилтдоо хүрэхийн тулд зарим арга хэмжээг авч ажиллах шаардлагатай бөгөөд экспортыг дэмжих, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр Н.Учрал сайдын ахалсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Ажлын хэсгийн зүгээс тээвэр зохион байгуулалтыг сайжруулах, хил, гаалийн хяналтыг цахимжуулах, худалдааг хөнгөвчлөх болон хил дээр үүсээд байгаа асуудлуудыг шийдвэрлэхээр Хятадын талтай гэрээ хэлцэл хийж байна.
Түүнчлэн уул уурхайн биржийн арилжаа эрчимжиж, энэ оны 7 дугаар сард 3.0 сая тонн, 8 дугаар сард 3.8 сая тонн нүүрс арилжаалсан нь сүүлийн нэг жилийн хугацаанд хамгийн их нүүрс арилжаалсан сарууд боллоо. Биржээр арилжаалсан нүүрсний үнэд өсөлт ажиглагдаж, биржийн арилжааны идэвх нэмэгдэж, амжилтгүй арилжааны тоо буурч байгаа нь нүүрсний эрэлт сайн байгааг харуулж байна. Гэвч гадаад орчин талаас дэлхийн тодорхойгүй байдлын индекс түүхэн дээд түвшинд хүрч нэмэгдсэн, улс орнуудын тарифын бодлоготой холбоотойгоор ОУВС 7 дугаар сард 2025 оны дэлхийн эдийн засгийн төсөөллийг оны эхэн үеийн төсөөлөлтэй харьцуулахад 0.3 нэгж хувиар бууруулан 3.0 хувь, 2026 оны төсөөллийг 0.2 нэгж хувиар бууруулан 3.1 хувь болгон шинэчлээд байна. Мөн олон улсын шинжээчид манай хөрш БНХАУ-ын 2025 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 5 хувиас 4.3 хувьд хүргэж огцом бууруулсан. Харин БНХАУ болон АНУ харилцан тарифаа бууруулсантай холбоотойгоор 2025 оны өсөлтийн төсөөллийг сүүлийн саруудад нэмэгдүүлсэн хэдий ч эдийн засгийн өсөлт тус улсын Засгийн газрын зорилт болох 5 хувьд хүрэхгүй байх төлөвтэй байна. Үүнтэй холбоотойгоор бид төсвийн орлого тасрах эрсдэлийг харгалзан нүүрсний үнийг нэмэгдүүлж тооцоогүй болно.
Манай зүгээс хийж чадах зүйл бол экспортын тоо хэмжээн дээрээ ажиллах юм. Хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр 50-70 сая тонн нүүрс гаргах ёстой гэсэн тоонууд явж байгаа харагддаг. Хятад улс жил бүр 4.8-5 тэрбум тонн нүүрс хэрэглэдгээс 10-12 хувийг нь импортоор авдаг. Манай улс нүүрсний экспортын хэмжээг 10-20 сая тонноор буурууллаа гээд Хятадын нийт хэрэглээтэй харьцуулахад маш бага үзүүлэлт. Тэгэхээр бид нүүрсний нийлүүлэлтээ багасгалаа гээд Хятадын тал үнээ өсгөнө гэсэн ойлголт байхгүй. Орон зайг нь Орос, Хойд Солонгос ч юм уу бусад улсын экспорт эзэлнэ. Монгол өөрөө нүүрсний экспортоо багасгах замаар үнээ нэмэгдүүлнэ гэдэг бол үндэслэлгүй гэж хэлмээр байна.
-Нүүрснээс хамааралтай эдийн засгийн эмзэг байдлыг хэрхэн бууруулах вэ. Арьс шир хаягддаг, дайвар бүтээгдэхүүн үнэ цэнд хүрдэггүй манай ХАА-н салбарт экспортын боломж байхгүй юу?
-Уул уурхайн салбар дотроо зэс, уран, жонш, чухал ашигт малтмалын хайгуул, олборлолтыг нэмэгдүүлэх, экспортоо төрөлжүүлэх шаардлагатай. Мөн уул уурхайн бүтээгдэхүүний дотоодын нэмүү өртөг шингэсэн боловсруулах төслүүдийг эрчимжүүлж биет хэмжээний экспортоос илүү үнэ цэнийг орлого болгон оруулж ирэх шаардлагатай.
Манай улсын малын тоо толгой зарим үед 70 саяд хүрч өсдөг. Гэтэл Шинэ Зеланд улс 20 сая гаруй толгой малтай боловч ХАА-н салбарын экспортын орлого нь хэдэн тэрбум ам.доллар байна. Тэдний гол зах зээл нь манай хөрш Хятад улс. Шинэ Зеландын хувьд ХАА-н салбар 1970 оныг хүртэл улсын татаасаас хараат, малчид тариаланчид нь төрийн дэмжлэгээр амьдардаг байсныг бодлогын эрс шинэчлэл хийснээр бүрэн өөрчилж чадсан. Хэдийгээр бодлогын шинэчлэл хийхэд ихээхэн хүндрэл, эсэргүүцэлтэй тулгарч байсан ч улс нь бодлогоо тууштай, хамгийн гол нь оновчтой хэрэгжүүлснээр одоогийн Шинэ Зеландын ХАА-н салбар дэлхийд өрсөлдөх чадвартай болж хөгжсөн. Тэд Хятадын зах зээлд мах зэрэг үндсэн бүтээгдэхүүнээс гадна дайвар бүтээгдэхүүнүүдээ ч боловсруулан зардаг. Тэгэхээр Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарыг хувьд газар тариалан, мал аж ахуйг татаасаас хамаарсан бодлогоос гаргаад үр ашигтай, өрсөлдөх чадвартай болгоход чиглүүлэх нь зүйтэй юм. Татаасыг хугацаатай, зорилготой, дуусдаг байдлаар түр хугацаанд хэрэгжүүлэх ёстой.
-Эдийн засаг гэдэг нь зөвхөн улсын төсөв биш. Монголд яагаад эдийн засгийн тухай яриа улсын төсвөөр хязгаарлагддаг юм бол. Та эдийн засагч хүний хувьд, Засгийн газрын чухал яамны удирдлагад ажиллаж байгаагийн хувьд энэ талаар юу хэлэх вэ?
-Улс орны эдийн засаг гэдэг өргөн хүрээтэй ойлголт. Эх үүсвэр талаасаа гэхэд л зөвхөн улсын төсөв биш, хувийн хэвшлийн гадаад, дотоод хөрөнгө оруулалт, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнүүдийг дурдаж болно. Өндөр хөгжилтэй улс орнууд ч хөрөнгө оруулалт татахын төлөө өрсөлдөж байна. АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп тарифаа нэмэгдүүлж, Америкт хэдэн зуун тэрбум ам.долларын хөрөнгө оруулах хэлцэл хийж шүү дээ. Дэлхийн номер нэг эдийн засагтай улс хөрөнгө оруулалт татахаар бусад улсыг шахаж байхад Монгол Улсын хувьд дотоод, гадаад гэж ялгахгүйгээр хөрөнгө оруулалт татах гэдэг бол нэг номерын асуудал байх ёстой. Энэ бол Засгийн газрын зарлага дээр тавьдаг төсвийн хөрөнгө оруулалтаас илүү үр өгөөжтэй гэдэг нь ойлгомжтой.
Төрийн хийх ёстой ажил үйлчилгээ, дэд бүтцийг төсвийн мөнгөөр хийхэд маш урт хугацаа зарцуулагдаж байна. Бизнесийн салбарын хөрөнгө оруулалтыг дэмжихийн тулд төр зарим дэд бүтцээ, төрийн үйлчилгээгээ хувийн хэвшилд хийх боломжийг олгоод үр ашгийг нь хүртэж байгаа иргэдээс хураамжийн болон бусад төрлийн орлого хуваах төр хувийн хэвшлийн түншлэл байдаг. Үүнийг зөв хэрэглэж чадвал зөвхөн улсын төсвөөр дамжуулахгүйгээр эдийн засагт олон бэрхшээл шийдэгдэх боломжтой. Бид энэ удаагийн төсвийн хуулийг дагуулаад Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг шинэчлэх, олон үе шат, дарааллыг нь багасгах, олон давхар шаарддаг баримт бичгийг нь цөөрүүлснээр илүү өргөн хүрээтэй, нээлттэй болгоно. Энэ нь ирэх жилүүдэд төсвийн ачааллыг бууруулах, хувийн хэвшлийг хөгжүүлэх бодлогын нэг хэсэг гэж хэлж болно. Эдийн засаг, хөгжлийн яам байгуулагдсан шалтгаан нь улсын хөгжлийг том зургаар нь харж төлөвлөлт хийхэд хязгаарлагдмал, зөвхөн төсвийн орлого, зарлага, санхүүжилтийн хүрээнд төлөвлөж байсантай нэг талаас холбоотой. Эдийн засаг, хөгжлийн яам тусдаа байгуулагдаж, эдийн засгаа бизнесийн орчин, хөрөнгө оруулалтын орчин, олон улсаас Монголд нэвтрүүлж болох санхүүгийн зах зээлийн шинэ хэрэгслүүдийг оруулж ирэх, хөгжүүлэх зэрэг илүү цар хүрээтэй асуудлуудад төвлөрөх шаардлагатай. Тухайлбал, макро эдийн засгийн гол төсөөлөл хийж байгаа төсвийн хүрээний мэдэгдлийг гурван жилийн бодлогын баримт бичиг болгон манай яам гаргаж, Сангийн яам төсвөө боловсруулж, УИХ хавар, намрын чуулганаар баталдаг. Эдгээр тоо нь уялдаж байж л үр дүн гарна. Төлөвлөлт, төсөвлөлт хоёрыг нэг яаманд боловсруулбал нэг яамны л дотоод ажил болчихдог талтай. Эдийн засаг, хөгжлийн яам байгуулагдсан шалтгаан бол төлөвлөлт шүү дээ. Улс орон дараагийн 3 жил ямар бодлогоор ямар асуудлуудыг цэгцлэх ёстойг макро тоонуудаар зааж, Монголын нийгэм эдийн засгийг хөгжүүлэх реформуудаас үр дүн гарах хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг хийж УИХ-аар батлуулснаар Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө гардаг шүү дээ. Улсын төсөв бол улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чиглэсэн, нэг хэсэг эх үүсвэрийнх нь хуваарилалт гэж ойлгож болно. Бусад хувийн хэвшлийн ажлуудыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалтын, бизнесийн орчныг сайжруулах нь маш чухал. Энэ чиглэлээр Эдийн засаг, хөгжлийн яамнаас тодорхой хуулиудын төсөл, нэмэлт өөрчлөлтийг намрын чуулганаар хэлэлцүүлэхээр боловсруулаад байгаа.

-3.5 сая хүн амтай Монгол Улсын зах зээлд улс орнууд хөрөнгө оруулж бүтээгдэхүүнээ заръя гэхэд их хэмжээгээр зарагдахгүй учраас манайд хөрөнгө оруулахад их төвөгтэй нь бодитой зүйл боловч ЭЗХЯ хөрөнгө татах арга зам хайж ямар ажлууд хийж байгаа вэ?
-Өнгөрсөн хугацаанд хийгдсэн бүх хөрөнгө оруулалтын ихэнх нь уул уурхайн салбарт байдаг нь экспортын зах зээл манай хажууд байгаатай холбоотой. Уул уурхайн бус салбарыг хөгжүүлье гэвэл манайх экспортын зах зээлээ тэлэх хэрэгтэй. Чөлөөт худалдааны гэрээ хэлэлцээр, эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрээр Монголын бараа бүтээгдэхүүн гарахад татварын хөнгөлөлт эдэлдэг зах зээлүүдийг бий болгох ёстой. Эдийн засгийг төрөлжүүлэх гээд хүн болгоны ярьдаг тэр шүү дээ. ЭЗХЯ байгуулагдмагцаа энэ чиглэлд идэвхтэй ажиллаж, БНСУ-тай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн 4 удаагийн үе шатны хэлцэл хийж, 5 дах руугаа орох гэж байна, Евроазийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг байгуулж, УИХ-ын намрын чуулганаар соёрхон батлуулахаар ажиллаж байна, Японтой байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг сайжруулах яриа хэлцлийг эхлүүлсэн. Гэх мэтчилэн уул уурхайн бус бүтээгдэхүүний үнэ цэнийг бий болгох чиглэлд ажиллаж байна. Уул уурхайн бус бүтээгдэхүүнийг бий болгох, боловсруулах, хөгжүүлэлт хийгээд зарж чадахгүй бол, зарах зах зээл байхгүй бол энэ чиглэлд хөрөнгө оруулалт хийгдэхгүй ээ л гэсэн үг.
-Манай банкнууд л дотооддоо хамгийн өндөр ашигтай, амжилттай ажиллаад байдаг. Ер нь санхүүгийн зах зээлээр дамжуулаад гадаадаас хөрөнгө татах боломж бий юу?
-Банкны салбар санхүүгийн зах зээлийн үйлчилгээний дийлэнх хувийг эзэлж байна. Гэтэл хөрөнгийн зах зээл, даатгалын зах зээл давхар хөгжиж байж ЭМД-ын сан, тэтгэврийн сан гэхчлэн олон жил яригдаж байгаа бэрхшээлүүд шийдэгдэх боломжтой. Санхүүгийн зах зээл эрчимтэй хөгжиж төр хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлэх хөрөнгө оруулагчдад санхүүгийн эх үүсвэрүүд бий болно. Манайх гаднын хөрөнгө оруулалтын банкуудыг хөрөнгөө оруулж ирэх нээлттэй бодлогоор татах ёстой. Эх үүсвэрийн дутагдалтай эдийн засагт хуримтлалаасаа давсан хэрэглээ, хөрөнгө оруулалтын зардал яваад байхаар санхүүгийн салбарт асуудал үүсээд байгаа. Хямд өртөгтэй эх үүсвэрээ оруулж ирэх ажлаа л хийх шаардлагатай.
-Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж байгаа төсвийн шинэчлэлийн төсөл та бүхний ажилд хэр үр дүн өгсөн бэ?
-Монгол Улсын Засгийн газар төсөв, санхүүгийн бодлогоо хэрэгжүүлэхдээ олон улсын хөгжлийн түншүүдтэйгээ нягт хамтарч ажилладаг. Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Европын холбооны санхүүжилттэй “Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөлд төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл, үр дүнг сайжруулах чиглэлээр хамтарч ажилласан маань ихээхэн ач холбогдолтой боллоо. Ер нь бид төсвийн зөвхөн мөнгөн хөрөнгийн хуваарилалтын асуудал биш, хүрэх үр дүн хэмжигдэхүйц байх олон асуудлыг сайжруулаад явж байгаа. Цаашид улам чамбайруулах орон зай байгаа гэж би хардаг. Жишээ нь, төсвийн хүрээг макро эдийн засгийн хэд хэдэн түвшинд салбараар нарийвчлах, салбаруудын тодорхой зардал, хязгаарыг тавьж өгөх чиглэлээр төсвийн хүрээг сайжруулах боломжтой гэж харж байна.
Төсвийн ил тод байдал болон үр дүнд суурилсан төсөв, төлөвлөлтийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл ЭНД ДАРЖ цахим хуудсаар зочлоорой. Нийтлэгдсэн тайлан болон энд холбоотой мэдээллийг Монгол Улсын Засгийн газар, Европын Холбооны Төсвийн Дэмжлэгийн хөтөлбөрийн хүрээнд боловсруулсан болно.