Уг хөрөг нийтлэл нь “Гэрэг” сэтгүүлийн Нью-Йорк Таймстай хамтарсан “Turning Points: Global Agenda” дугаарт 2025 оны арванхоёрдугаар сард нийтлэгдсэн болно.
Нэг нэгнээсээ төдий л ялгарахааргүй өдрүүдийг алхаж дассан замаараа ахин дахин туулах үе бидэнд бий. Таамаглаж болох, төлөвлөж дөнгөх мэт амьдрал гэвч дандаа иймээрээ үлдэхгүй. Хормын дотор, хоногийн дотор эргэн хөрвөж, төсөөлж байснаас онхи өөр зүгт хөтлөх нь ч бий. Хэн ч хүрэхгүй, бид өөрсдөө ч заримдаа анзаардаггүй, сэтгэлийн хамгийн чанад зүгт гэвч биелүүлж амжаагүй, гаргаж ирээгүй, хийж түвдээгүй хүсэл, мөрөөдөл, өгөгдөл, чин дуудлага бий. Хэзээд л хаа нэгтээ тааралддаг, гэхдээ үг сольж үзээгүй танил атлаа танил бус хүмүүс шиг үргэлжид чимээлэхгүй байж мэдэх ч, амьд, халуунаараа оршсоор байсан зүрхний дуудлагаа даган ахуй хэмнэл, амьдрал, үйлээ сольсон түүхүүдийг хүргэж байна.
Сэтгэлд дулааныг урлахуй

...Таван охиндоо зориулан дулаан, тухтай, өөрийн гэсэн орон зайг бүтээсэн нь эзэмшсэн мэргэжил, хийж дадсан ажлаас минь тэс өөр чигт намайг хөтлөх эхлэл болов. Програм хангамжийн чиглэлээр сурч, энэ мэргэжлээрээ банканд цөөнгүй жил ажилласан ч би угийн сониуч, юухан дээр ч шинэ зүйлийг туршиж үзэхийг хүсдэг байв. Ээж аав минь монгол гутал хийдэг, энэ ажилд нь тусалж, бас ч үгүй дөртэй болсон минь, ерөөс гараараа ямар нэгэн зүйл хийнэ гэдэг ойр, үр дүн нь шууд нүдэнд харагдах учир сэтгэл татам санагддаг нь одоогийн хийж байгаа зүйлд минь нөлөөлсөн байх. Энэ дуудлага, энэ чигийг даган тавилгын үйлдвэрээ байгуулаад одоо хоёр жил болж байна. Их сургуулиа програм хангамжийн мэргэжлээр төгссөний дараа Хас банканд системийн оператороор, дараа нь Кредит банканд програм ашиглалтын мэргэжилтнээр ажиллаж байв. Үүнийхээ дараа Тээвэр хөгжлийн банканд өгөгдлийн сангийн админаар ч ажиллаж байлаа. Эргээд харахад мэдээллийн технологи гэх салбартаа бас ч үгүй ахиж дэвшин ажилласан байна. Банкны мэдээллийн технологийн салбарт ажиллана гэдэг өндөр хариуцлага. Бүхэл бүтэн системийг найдвартай, доголдолгүй ажиллуулах үүрэг хүлээнэ. Гэхдээ нэг талаасаа энэ ажил хийх зүйл нь тодорхой, урссан, жигд, гэхдээ үр дүн нь нүдэнд харагдахааргүй ч санагдана. Тэр үед одоогийн ажлын хамтрагч, оюутан цагийн найз маань анхны захиалгуудаа авч эхэлсэн юм. Би ч амралтын өдрүүд, үдэш оройн цагаар найздаа тусалдаг байлаа. Цагт баригдахгүй, өөрийнхөө хүссэнээр ажиллах боломжтой гээд тавилга хийх таалагдсаар яваад бүтэн цагийн ажлаа болгох шийдвэр гаргасан юм. Бас ч үгүй туршлагатай, карьерын хувьд тодорхой шатанд оччихсон, хөлөө олчихсон ч харагдах, тогтсон хэмнэлтэй ажлаа орхиод тэс өөр салбар, тэс өөр зүйл хийж эхэлсэн түүх маань энэ. Зориглоод эхлэх нэг хэрэг, гэхдээ тогтвортой ажиллана гэдэг өөр.

Захиалга шахуу үед хонон өнжин ажиллахаас эхлээд бэрхшээл, сорилттой тулна. Тавилга хийнэ гэдэг хариуцлагатай, заримдаа эрсдэлтэй. Гэлээ ч шинийг турших, ур, мэдрэмж шаардсан ажлыг гүйцэтгэх, ажлаа төлөвлөх, хүмүүстэй харилцах гээд өмнөх ажилд байгаагүй боломж олгосоор л байлаа. Энэ хугацаанд захиалагчийнхаа хүсэлд нийцүүлэн яг таг гүйцэтгэх үе бий. Бас хамтдаа ярилцаад өөр өөр шийдэл санал болгох, түүнийгээ турших нь цөөнгүй. Энэ бүхний дүнд л хүний амьдралын хамгийн олон цагаа, гэгээн мөчөө өнгөрүүлэх орон гэрийн тав тухтай орон зай бүтнэ. Арай илүү өртөг гарах, арай удаан цаг хугацаа зарцуулах байсан ч чанартай, тухтай, өндөр гүйцэтгэлтэй тавилга хийхийг үргэлж хичээдэг. Үүнд маань 3D зураг гаргах, зүсвэрийн програм ашиглах гээд эзэмшсэн мэргэжил маань ч “хувь нэмэр” оруулна. Ингэж л захиалгаас захиалгад, өдрөөс өдөрт бид туршлагажсаар, суралцсаар, алхам алхмаар урагшилсаар одоо 5-6 ажилтантай, өөрийн гэсэн үйлдвэртэй болжээ. Хэзээ дүүрнэ ээ гэж боддог байсан үртэсний сав маань 2-3 хонохгүй хальдаг болов. Тавилга хийнэ гэдэг орон зайг цогцлоохын нэр. Өөрийнхөөрөө орших, хүссэнээ хийх, тав тухтай амьдрах... Бидний төсөөлж боддогоос ч илүү олон зүйлийг өөртөө агуулдаг тэр орон зай юм. Харин миний хувьд бүтээх, шинийг турших, эрх чөлөөтэй байх орон зай билээ.
Тод мөчийг бүтээхүй

... Wow гэж хүүхэд дуу алдах. Баярлан хөөрөх. Энэ өдөр, маргааш, магадгүй амьдрал турш нь ой тойнд нь тодоор гэрэлтэн үлдэх мөчүүд. Миний ажлын утга учир, үнэ цэн бол ердөө л энэ. Эрхзүйч мэргэжил эзэмшиж, бизнесийн удирдлага, хүний нөөцийн чиглэлээр магистр хамгаалж, даатгалын салбарт олон жил ажилласан би бөмбөлгөн чимэглэлийн салбар луу “хөрвөсөн” шалтгаан ч энэ. ...Дөрвөн хүүхдийн ээжид албан бусаар “ногддог” үүрэг бол эцэг эхийн зөвлөлийн идэвхтэй гишүүн байх. Дунд охин маань долоодугаар ангид байхдаа нэг тэмцээнд орсон юм. Хүүхдүүдээ тэмцээнээ дуусгаад орж ирэхэд эцэг эхчүүд нь угтаж авах болов. Тэр үед би ангийг нь чимэглээд саа, бөмбөлгөөр, өөрийнхөө хэмжээнд л хичээн чимэглэлээ. Одоо харахад инээдтэй ч чимэглэсэн ханыг харсан хүүхдүүдийн сэтгэл хөдлөл үгээр хэлэх аргагүй байсан юм. Бүгд дуу алдаад л, гайхаад л, зургаа татуулах гэж уралдаад л... Яг тэр мөчид л сэтгэл дотор минь ямар нэгэн зүйл “ассан”. Хүн баярлуулах, баярласан нүд, хөөрсөн сэтгэлээс гарах үйлдлийг харах дандаа онцгой гэж боддог болохоор би бэлэг өгөхдөө ч гэнэтийн байлгах гэж хичээдэг байсан юм билээ. Хэдий тийм ч бас үүний төлөө л хүн ажлаа орхих боломжгүй шүү дээ. Бизнес хийх санаа хүн бүрт бий. Гэвч яаж, юунаас эхлэх, ямар зорилго тавихаа мэдэхгүй нь олон, эргэлзээ, саад бэрхшээлээс зүрхшээх, хойш тавих... Би ч өмнө нь ингэсээр л ирсэн байх. Бүх зүйлд өөрийн гэсэн цаг хугацаа ирдэг, миний хувьд ч тэгсэн. Охиныхоо ангийг чимэглэснээс хойш удалгүй бага хүүгийн маань үсэглэлийн баяр боллоо. Тэр баярын чимэглэлийг хийх гээд жижигхэн дэлгүүр орж байхдаа л “Би ч гэсэн ийм бизнес хийж чадна шүү дээ” гэж бодогдсон. Бизнес төлөвлөгөө, зах зээлийн судалгаа, суурь хөрөнгийн аль нь ч надад байгаагүй. Гэлээ ч өөртөө итгэх итгэл, хүүтэй минь адилхан хүүхдүүдийн гайхаж догдолсон харцнаас авсан мэдрэмж надад байв. Зүрх сэтгэлийг минь үнэн догдлуулах тэр зүйлийг эхлүүлж, өөртөө итгэж зориглосон минь зөв байж. Сонирхол, хүслийг маань дэмждэг нөхөр маань ч студийн заслыг хамт хийснээр 2023 оны аравдугаар сарын 1-нд студиэ нээгээд, одоо гурав дахь жилтэйгээ золгож байна.

... Аливааг ном ёсоор нь, хариуцлагатай, цэмцгэр хийх дадалд надад байв. Хараад л хийчих, хялбар мэт санагдавч шааран чимэглэл хийнэ гэдэг төсөөлснөөс өөр. Нэгэнт сонгож, хийхээр сэтгэл шулуудсаных, сургалтад сууж, мэргэжлийн үнэмлэх авлаа. Өөрийн гэсэн бизнес маань хаа хүрэхийг тодорхойлох гэж зорилго ч тавилаа. Ингээд л урагшилж эхэлсэн. Алгуурхнаар, итгэлтэйгээр... Энэ гурван жилд цаг наргүй, шахуу ажиллах үе бий ч шантарсан мэдрэмж төрсөнгүй, хүний сэтгэлийг дүүргэх, баясгах, онцгой мөчийг нь улам тод болгох энэ ажилдаа шунан дурласаар л байна.
...Бөмбөлгөн чимэглэл хийх сонирхолтой. Шаар хүний, газрын энерги мэдэрдэг шиг санагддаг. Мэргэжлийнхээ техникээр, яг л номд заасны дагуу хийлээ ч бөмбөлгүүд хагарах үе бий. Гэтэл зүгээр л гараас гараад, өөрсдөө зохицоод бүтээл төрөх нь ч байна. Ерөөс хийсэн чимэглэл бүхэн өөрийн түүх, өөрийн өнгө, төрүүлэх сэтгэгдэлтэй. Яг л хүний амьдралын агшин хормууд шиг... Тод, бүдэг, анзаарамгүй, үүрд мартагдахааргүй байдаг шиг... Цаг хугацаа, ур чадвараа зориулан бүтээсэн карьер, хамт олон, туршлагаа орхин эхлүүлсэн энэ ажлаа харин хэзээ ч, юугаар ч солихгүйгээ мэдрэх бүрдээ одоо аз жаргал мэдэрсээр л байна.
Хайр бүхэн нэгэн цэгт уулзахуй

...Одоогоос 10 жилийн өмнө, хамгийн хайртай хүн болох аавыгаа алдсан юм. Гэнэтийн хагацалд цочирдсон, өсвөр насны хүүхэд би уй гашууг яаж давж туулахаа мэдээгүй. Ээж минь хажууд, түшиж тулж байлаа ч... Юугаар ч юм дутдаг, сэтгэл минь дүүрдэггүй байсан тэр намар, аравдугаар сарын хүйтэн өдөр байрныхаа гадаа нэг доголон муур олж харсан юм. “Би энэ муурыг аварч болох уу?” гэсэн асуултад минь ээж азаар зөвшөөрсөн хариу өглөө. Ингээд л мал эмнэлгүүдээр явж, “Хоёулаа азаа үзье” гэж хэлсэн эмчээр эмчлүүлэн хөл дээр нь босгосныхоо дараа энгийн л үүлдрийн, гэхдээ хайр дүүрэн харцтай Ногооноо бид хоёр 10 жил амьдарсан. Ногооноог олсон тэр өдрөөс эхлээд тэжээж, хамт байсан тэр бүх цаг хугацаанд амьтанд тусална, тэр зуур их сургуулиа ч төгсөж, агрономич эргэжилтэй боллоо. Зовсон, төөрсөн, шархалсан, хөгжлийн бэрхшээлтэй болсон амьтдад туслах минь миний амьдралын бараг л бүх цаг хугацааг эзлэх болов. Их сургуулиа төгссөний дараа цалингаа бодоод үйлчилгээний газруудад зөөгч, угаагч хийнэ, зун айлын хашаанд ногоо тарина, амьтдад зориулсан хэрэгсэл сэлт онлайнаар зарна, ингээд авсан цалин, амарсан цагаа амьтдадаа л зарцуулна. Одоо бодоход, 10 жилийн хугацаанд 200 гаруй амьтан аварсан, тэдний маань зарим нь сайн айлд үрчлэгдэж, халамжтай эзэнтэй болсон, бүр хилийн дээс “алхаж” гадагш явсан нь ч бий. Амьтны асрамжийн газраа гайхалтай, санаанд оромгүй байдлаар үүсгэн байгуулсан. Аварч, эмчлүүлсэн амьтдаа би айлын хашаа түрээслээд байлгаж, хооллодог байв. Гэтэл хашааны эзэн түрээсийн хугацаанаас өмнө биднийг гаргачихдаг юм. Харанхуй шөнөөр 19 нохойгоо аваад Өлзийтэд уулын энгэрт хоносон тухайгаа тэр үедээ сошиалд биччихэв. Мэдрэмжээ, тухайн үед тулгараад байсан нөхцөл байдлаа л хуваалцсан хэрэг... Гэтэл таньдаг мэддэг, амьтанд хайртай хүмүүс хандив өгч эхэллээ... 20 хоногийн хугацаанд цугласан мөнгөөрөө газар авч, “Мөнх Евро хашаа” компани урьдчилгаагүйгээр, зээлээр хашаа босгож өгөв. Энэ бүх хугацаанд ажиллуулсаар ирсэн онлайн шоп минь намайг олон танилтай болгосон байлаа. Гэртээ муур тэжээдэг эмээ, өвөө нарт би хааяа тэжээл, элс аваачиж өгдөг байсан юм, тэдний нэг нь тэтгэврийн мөнгөөрөө зөөврийн сууц авч бэлэглэж, ээж минь харин гэр авч өглөө. Хичээж зүтгээд ч биелэхээргүй мэт хол санагдаж байсан мөрөөдөлдөө ингээд ердөө гурван сарын хугацаанд хүрч, би гэдэг хүн өөрийн газартай, хашаатай, сууцтай, гэртэй асрамжийн газрыг ажиллуулах болсон юм. Одоо тэндээ 53 муур, 19 нохой, 11 шувуу асарч байна.

....Хүмүүс төдийлэн ойлгохооргүй, бусдын сонгохооргүй замаар өнөөг хүртэл явж ирсэн минь ХАЙР байлаа. Үнэндээ тэр намрын хүйтэн өдөр Ногооноог олсон минь, эмчлүүлж эдгээсэн минь, 10 жил хамт байсан нь өөртөө итгэлгүй, яахаа мэдэхгүй төөрчихсөн байсан надад амьдрах, урагшлах итгэл найдвар өгсөн. Хүнтэй хуваалцмааргүй, тэгэх чадал ч хүрэхгүй нандин, хөндүүр зүйлсийн тухай амьтадтай “ярьж” болдог, юу ч тайлбарлалгүй тэврээд тайтгарч чаддаг. Тэд юу ч асуухгүй, чамайг шүүхгүй, зөвлөгөө өгөхгүй, гэхдээ үргэлж дэргэд байж чаддаг. Ерөөс амьтан тэжээх хүнийг их өөрчилдөг. Амьтан дэргэд байхаар хайрлах, өгөх, асрах мэдрэмж хөгждөг, тэр хэрээр хүн илүү нээлттэй, зөөлөн болдог байж магадгүй. Тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй, эзэнгүй, өвчилсөн амьтдад туслах бүр өөр. Тусалсны чинь хариуд тэд баярлалаа гэж хэлж чадахгүй, хариу тус хүргэхгүй. Гэхдээ л өөрт чинь хэзээ ч хариу барихгүй тэр амьтдад тусалснаар сэтгэлийн хаа нэгтээ хайр төрж, шарх байгаа бол эдгэрэх шиг болдог. Амьтдыг маань хооллохоор, туслахаар ирсэн, хагацал үзсэн, хайртай хүнээ алдсан хүмүүс буцахдаа “Сэтгэл хөнгөрлөө” гэдэг. Хэн нэгэнд өгч чадаагүй хайр, халамжаа миний амьтдад өгөөд бага ч атугай тайтгарч байгаа ч байж мэднэ.
... Асрамжийн газар ажиллуулах амархан гэж хэлэхгүй. Өглөө эрт босож хооллох, эмчлэх, тоглуулах, хэвтрийг нь цэвэрлэх, элсийг нь солих... Заримдаа өөрөө ч хоолоо идэхээ мартчихна. Асарч байгаа амьтдын маань зарим нь хөлгүй, сүүлгүй, бүх бие нь мэдээгүй, хөгжлийн бэрхшээлтэй. Тэднийгээ асарна, эмчлүүлнэ, азаа үзнэ... заримдаа нутаглуулна. Хамгийн хүнд үе нь энэ. Гэлээ ч амьдруулах гэж эцсээ хүртэл зүтгэсэн дээ гэж өөрийгөө тайвшруулна. Тэгээд дахиад өөр олон амьтанд туслахаа бодож, замаасаа ухрахгүй байхыг өөртөө сануулна. Учир нь, амьтдыг хайрласнаараа, эдгээснээрээ, тусалснаараа би өөрөө ч хайрыг хүртэж, эдгэрч байдаг.
Үйл явцад шунан дурлахуй

“Энэ ирээдүйтэй хүү шүү”, “Овоо эмч болно доо”, “Багшлах юм болов уу, эндээ үлдэх юм болов уу”... Нүднээс далд хүмүүсийн ийн ярихыг дам сонсох үедээ би 25 настай, СЭМҮТ-ийн залуухан эмч байлаа. Ирээдүйтэй гэгдэж, ирэх замыг минь хүмүүс огт өөрөөр зураглан ярих тэр үед огт өөр, 10 жилийн, алхам бүрийг нь тооцсон, нарийн төлөвлөгөөг боловсруулж суув, би. Юу хийхээ, юунд дуртайгаа, ямар замаар явахаа шийдэж чадаагүй, мэдэж таниа ч үгүй хүү азтай тохиолоор л Анагаах ухааны их сургуульд элсэн орж байлаа. Хэн болохоо яг таг шийдчихээд зорин тэмүүлснээс өөр биз? Их сургуулийн дөрөвдүгээр дамжаанд сэтгэц судлалд шимтлээ. Хүнийг судлах, сэтгэл зүрхнийх нь олон талыг, сүүдрийг, бас гэрлийг нь судална гэдэг асар сонирхолтой, эмтэрч гэмтсэн хэсгүүдийг анагаана гэдэг бүр гайхамшигтай. Ингээд л мэргэжилдээ дурлан, энэ салбартаа ажиллаж байхдаа хариулах ёстой асуулттай тулсан. “Хэн нэгэн ажлаа сайн хийж, амжилт гаргаж, ахиж дэвшиж болно. Гэвч цаг заваа зарцуулан хийж байгаа ажил нь түүнийг жаргалтай байлгаж чаддаг уу?” гэсэн асуултад хариулахдаа би найруулагч болмоор байгаагаа, болох ч ёстойгоо ойлгосон. Зүрх сэтгэлд, оюун санаанд тодроод байгаа тэр чиг рүү хэрхэн хүрэхээ ч зураглалаа. ГИТИС буюу Оросын Театр урлагийн академид... найруулагч мэргэжлээр... тэгэхийн тулд эхлээд би СУИС-д эхлээд элсэнэ. Ингээд л мөнөөх цаг хугацаатай, хийх зүйлтэй, тооцоотой төлөвлөгөөнийхөө дагуу явлаа. Найруулагч болох зам урт, бас сорилтоор дүүрэн байв. Нэг ангид сурч байгаа хүүхдүүдээсээ долоо, найм ах хүн чинь учраа олох, багшийнхаа хэлснээр “цав цагаан цаас” шиг байх, аавынхаа нэрээр бус, өөрийн чадлаар, өгөгдлөөрөө тодрох, босго өндөртэй Оросын академийн элсэх шалгалтад бэлдэх, хэл сурах, ачаалал даах, урлаг гэж төсөөлж байснаас маш нарийн, гүн гүнзгий ухааныг системтэй судлах...

Намайг юу ч зогсоогоогүй, зогсох ч аргагүй он жилүүд өнгөрсөн. Энэ бүхний эцэст 40 жилийн дараа ГИТИС-ийг төгссөн анхны монгол найруулагч болоод нутагтаа ирлээ. Анхны бүтээлээ толилууллаа, дараагийнх нь, удаагийнх нь... Бүтээлээс бүтээлд, эхлэлээс дахиад өөр нэг эхлэлд өртөөлсөөр, “Орфей” театраа байгуулж, “Фауст”, “Гэм зэм”, “Амьдрахуй”, “Опал”, “1984”-ийн ард гарчээ. Энэ хүртэл, энэнээс цааш, давж гарснаас ч илүү сорилт намайг хүлээж байж мэднэ. Гэхдээ зогсохгүй байх шалтгаан надад бий. Энэ бол үйл явц, үйл явцад шунан дурлах миний “дон”. Жаргалтай болгодог, сайхан мэдрэмж өгдөг, хөөргөн нисгэдэг, газарт ч буулгадаг тийм зүйлийнхээ төлөө хүн юунд ч няцдаггүй шүү дээ. Үүнтэй л төстэй. Өдөр бүр, цаг мөч бүхэнд би бүтээл төрөх, бэлтгэл хийх, төлөвлөх, үзэгчдийн хүртээл болох тэр дуусашгүй, нүсэр үйл явцад татагдсаар, шунан дурласаар л яваа... Хэлд, хөлд орох цагаасаа л уран бүтээл, театрын амьдралыг харж, мэдэрч, тэр орчинд л уусан нэг хэсэг нь болж өссөн миний хувьд бүтээхүй бол оноолт, хувь тавилан, чин зүрхний дуудлага, зугтах, тойрох боломжгүй сонголт маань байжээ. Анхнаасаа зурагдсан байсан тавиланг л би дагажээ. Үнэндээ, би тэс өөр салбар руу орчихоогүй санагддаг. Сэтгэцийн эмч, найруулагч хоёрыг холбох зүйл олон. Энэ бол хүний оюун санаа, сэтгэл рүү өнгийж, ээдэрсэн учгийг тайлах, таних, тэгээд гэрэлд хүргэх үйл явц. Эмчийн хувьд энэ үйл явц эмнэлгийн ханан дунд, харин найруулагчийн хувьд тайзнаа өрнөнө. Нэг нь нэг, эсвэл нэлээд хүнд хүнийг эмчлэх бол нөгөө нь хэдэн мянган хүнийг ч эдгээнэ, тиймээс л би сүүлийнхэд нь “донтож” ч яваа ч юм бил үү...“
Шинийг, өөрийг амлах мэт гэгээ цацруулах сүлд мод асаж айсуй баярын зөн илгээх үдшүүд хотод айлчилжээ. Нийтлэлийнхээ сүүлчийн цэгийг хатгаад тэр гэрлийн дундуур алхана. Сэтгэл зүрхний хаа нэгтээ, сэрэх, сэрээх цагаа хүлээн буй тэр чин дуудлагыг анирдмаар санагдана.
Нийтлэлийг Х.Одончимэг
Гэрэл зургийг Г.Ананд