Энэ улирал манай сагсан бөмбөгийн Дээд лигт хоёр япон тоглогч ирсний нэг нь Масахарү Катаока юм. Энэ жил 39 настай тэрээр “Дархан Юнайтед” багт нэгдээд байгаа. Катаока найман жил B1 лигийн “Сэндай 89ERS” багт тоглож, энэ жилээс багийнхаа “Хүндэт элчин” албыг хашиж байсан эрхэм. Түүнтэй “Никкан спортс” сонины сурвалжлагч уулзаж, ярилцжээ.
-Яагаад Монголын лигт хүч сорих болов?
-Өнгөрсөн оны зургаадугаар сард би Монголд очиж, Хакүоо их сургуульд хамт сурч байсан Э.Анар андтайгаа уулзсан юм. Тэр Монголын сагсан бөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч. Э.Анар Монголын лигт Ази, тэр дундаа Японы тамирчдыг урьж, тоглуулмаар байна гэж хэлсэн нь энэ бүхний эхлэл байлаа. Тэр яриаг сонсоод миний дотор Монголд тоглож үзэхсэн гэсэн бодол төрсөн юм.

-Та өмнө нь гадаадын багт тоглох талаар бодож байсан уу?
-Хорин хэдэн настай байхад Америкт бэлтгэл хийх боломж гарч байсан болохоор гадаадын багт тоглох хүсэл байнга байдаг байлаа. Багтаа байгаа гадаадын тамирчдыг харахад гэр орон, эх орноосоо хол шантралгүй, зүтгэж байгаа болохоор их хүндэлдэг байв. Тэдэн шиг харь орны лигт хүч сорих сон гэж боддог байсан.
- Монголын лигт өрсөлдөхөд бэлэн байгаа биз дээ?
- Эх орноосоо хол зөвхөн сагсан бөмбөг тоглох гэж ирээгүй би. Миний яг хийхийг хүсээд байгаа зүйл бол хоёр улсыг холбож, ойртуулдаг ажил. Ийм боломж байгаа гэж бодож байгаа.
-Тодорхой хэлбэл?
- Монгол, Япон улс ойртох тусам монгол тамирчдад гадаадад тоглох, гарах боломж нэмэгдэнэ. Японы залуу тамирчдад ч Монголд өөрийгөө сориод үзэх гарц гарч ирж байгаа юм. Энэ замыг би өөрийн биеэр туулснаар туршлагаа залуучуудад хуваалцана, тамирчин хүнд бас өөр ийм нэг зам байдаг юм шүү гэдгийг ойлгуулж чадах юм.
- Монголд сагсан бөмбөг их сонирхдог гэсэн?
-Одоохондоо яг мэргэжлийн түвшинд мэдэрч амжаагүй байна. Гэхдээ Монгол төдийгүй Японд ч олны энэ их анхаарал дунд тоглоно гэдэгтээ баярлаж байна. Тамирчин хүний хувьд аз жаргал.
-Э.Анар дэд ерөнхийлөгч таныг Японы сагсан бөмбөгийн ур чадвар, мэргэжлийн тамирчин хүн ямар байх ёстойг Монголд харуулна гэж найдаж байна гэж ярьж байсан.
-Энэ бол өөрийнхөөрөө тогло гэсэн үг гэж бодож байгаа. Гадаадад ирлээ гээд урьд өмнөх тоглолтоо өөрчилж болохгүй. Шинэ зүйл хүчээр хийх гэж оролдолгүй, тухайн цаг үед хэрэгтэй, шаардлагатай юмаа хийгээд явж байхад болно. Би ингэж бодож байна гэх зэргээр том юм ярилгүй Сэндайд байсан үе шигээ багийн хамт олонтойгоо нөхөрлөж, хамтдаа тэмцэх хүсэлтэй. Надаас юм сурах тамирчин байвал баяртай байх болно. Би ч өөрөө монгол тамирчдаас сурах юмаа сураад явна.

-“Сэндай 89ERS” багт бүтэн 8 жил тоглосон.
-Багтаа, хамт олондоо үнэн сэтгэлээсээ талархаж явдаг. Төрсөн нутгийнхаа багт тоглож, өмсгөлийг нь өмсөнө гэдэг хүн болгонд заяах завшаан биш. Тийм болохоор энэ урт хугацаанд хамт байсан багийнхандаа барялаж байна.
-Та багийнхаа Хүндэт элчингээр өргөмжлөгдсөн. Энэ ажлаа Монголд ч үргэлжлүүлэн хийх үү?
-Тийм ээ, энэ хэргэмийг хүртээд маш их баярласан. Долоодугаар сарын 13-нд Үдэлтийн арга хэмжээн дээр маш олон хүн ирсэн. Бүгд амжилт хүсэж ерөөгөөд сайхан байлаа. Монголд сайн тоглож, энэ хүмүүсийн ачийг хариулах сан гэж бодсон. Шинэ газарт тоглох айдас бол байхгүй. Бага зэрэг сандрал байгаа ч өдөр бүр бэлтгэлдээ шамдаж, хичээх болно.
Катаока Масахарү – 1985 оны 12 дугаар сарын 24-нд Сэндайд төрсөн. 2007 онд “ Utsunomiya Brex” багт элссэн. 2008 онд мэргэжлийн гэрээ байгуулж, Киото, Сэндай, Хоккайдогийн багуудад тоглож байв. 184 см өндөр, 80 кг жинтэй.