Өнгөрч буй энэ 7 хоногт дэлхий дахинд юу болж өнгөрөв?
“Анзаар!” шинэ булангаа уншигч та бүхэнд танилцуулж байна. Энэ булангаараа бид магадгүй таны анзаараагүй өнгөрсөн байж болох мэдээллийг хүргэж байх юм. Дэлхий ертөнц, улс төр, урлаг спорт, шинэ технологи гээд салбар бүрийн мэдээлэл таныг хүлээж байна. ТА анзаараад үзээрэй!
Онцлох үйл явдлууд
Дональд Трамп Газын зурвасын дайныг зогсооно

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху нар Цагаан Ордонд уулзаж, Газын зурвас дахь дайныг зогсоох талаар ярилцжээ. ХАМАС-ыг бүрэн устгах хүртлээ дайныг үргэлжлүүлнэ хэмээн хатуу мэдэгдэж байсан Израилын тал АНУ-ын шахалтаар энхийн хэлэлцээр хийхэд бэлэн болоод байна. Гэхдээ энэхүү дайныг зогсоох төлөвлөгөөг эсрэг тал хүлээн зөвшөөрөх эсэх нь эргэлзээтэй. Нийт 21 зүйлтэй тус төлөвлөгөөнд ХАМАС хөдөлгөөнийг Палестинаас бүр мөсөн гарч явах, зэвсгээ хураалгах, барьцаанд байгаа хүмүүсийг амьд, үхсэн хамаагүй 72 цагийн дотор хүлээлгэн өгөх зэрэг олон заалт байгаа. ХАМАС-ын хариуг хүлээж байх зуур Израилын цэрэг Газа хотыг бүрэн бүсэлж, энгийн иргэдийг хотоос гарч явахыг шаардсан байна.
Грета Тунберг Израилын эсрэг

Шведийн экологийн идэвхтэн Грета Тунберг багадаа экологийн зүтгэлтэн, ногоон идэвхтэн байсан бол одоо Израилын эсрэг цогтой тэмцэгч болсон. Грета энэ жил хоёр удаа Газын зурваст хүмүүнлэгийн тусламж үзүүлэх гэж оролдоод чадаагүй. Түүний хөлөг онгоцыг тухай бүрт нь Израилын Тэнгисийн хүчин зогсоож, саатуулж байлаа. Энэ долоо хоногт ч нийт 40 хөлөгтэй түүний флотыг Израилын хамгаалалтын албаныхан зогсоож, Гретаг хүчээр эх оронд нь буцаасан. Грета сэтгүүлчдэд “Газын зурваст жинхэнэ хоморголон устгах ажиллагаа явагдаж байна. Тэнд хүмүүсийг араб гэдгээ нь л алан хядаж, газар нутгийг нь буулан авч байна” гэж сэтгүүлчдэд ярьсан юм.
Анхны 500 тэрбумтан

Хүн төрөлхтний түүхэнд олон маш баян хүн байсан. Гэхдээ хөрөнгө нь 500 тэрбум ам.доллар хүрч байсан хүн үгүй. Тэгвэл АНУ-ын тэрбумтан Илон Маск 500 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон анхны хүн болж, түүхэнд тэмдэглэгдлээ. 2025 оны эхээр Ерөнхийлөгч Дональд Трампын захиргаанд ажиллаж байхад нь түүний хөрөнгө цаг, минут тутам нимгэрч байсан. Харин Цагаан ордноос явснаар хөрөнгө нь дахин арвижиж эхэлсэн юм. Илон дэлхийн хамгийн баян хүний жагсаалтыг тасархай тэргүүлж байгаа. Илон Маскийн цахилгаан машин үйлдвэрлэгч Tesla, хиймэл оюун ухааны xAI, сансрын SpaceX компаниудын хувьцааны үнэ өссөөр байна.
Хоошёорюү аварга цолны найраа хийлээ

Мэргэжлийн сүмо бөхийн 74, Монголоос төрсөн 6 дахь ёкозүна Хоошёорюү аварга цолны найраа Монголдоо хийлээ. Тэрээр энэ оны нэгдүгээр сард ёкозүна цолны болзол хангаж, Хаврын тэмцээнд ёкозүна цолтой анх дэвжээнд гарсан. Монголоос төрсөн 6 дахь ёкозүна болсон түүний цолны найр Cкай Резортод болж, ах дүү, анд найз гэсэн олон хүн цугларлаа. Хоошёорюү “Намрйн тэмцээнд түрүүлж чадсангүй. 11 дүгээр сарын тэмцээнд заавал түрүүлэх болно” гэж аварга цолтой анхны түрүүгээ авахаа амаллаа.
Бусад мэдээ
АНУ: Хар тамхины худалдаа, наймаатай тэмцэх зорилгоор АНУ-ын арми Венесуэл улсад довтолж, эзлэн авахад бэлтгэж байна” гэж Washington Examiner мэдээллээ.
Их Британи: Английн Манчестер хотын еврей нарын цуглаанд халдлага үйлдэж, хоёр хүний амь насыг хөнөөсөн этгээд нь сири гаралтай Жихад аль-Шами байжээ.

Молдав: Молдавын парламентын сонгууль явагдаж, Ерөнхийлөгч Майм Сандугийн Европын талыг баримтлагч "Үйл ажиллагаа ба эв нэгдэл" нам ялалт байгуулав.
Энэтхэг: Дөнгөж төрсөн хүүхдээ амьдаар нь оршуулах гэж оролдсон эцэг эхийг баривчилжээ. Аав нь улсын сургуульд багш хийдэг бөгөөд хууль ёсоор хоёроос илүү хүүхэдтэй байж болохгүй тул гурав дахь хүүхдээ ийнхүү алах гэж оролдсон байна.

Европ: Энэ жил Украинд хамгийн их тусламж үзүүлсэн орнууд: Европын холбоо $15,8 тэрбум, Канад $3,4 тэрбум, Япон $3,3 тэрбум, Их Британи $3 тэрбум.
К-поп сонин хачин
Elle UK сэтгүүл Өмнөд Солонгосын BLACKPINK хамтлагийн Рүжэг ялгаварлан гадуурхсан явдалдаа уучлал хүслээ. Тус сэтгүүл Парисын Загварын 7 хоногийн шоуны үеэр Хейли Бибер, Зои Кравиц, Charli XCX, Рүжэ нарын хамт авхуулсан гэрл зургаас Рүжэг таслан хассан нь шүүмжлэл дагуулаад байсан юм. Elle UK “Бид хэн нэгнийг гомдоох, доромжлох зорилго агуулаагүй болно. Бид тус нийтлэлээ утсгасан бөгөөд цаашдаа ийм алдаа гаргахгүй гэж амалж байна” гэж хүлцэл өчжээ.

Stray Kids хамтлагийн Bang Chan төрсөн өдрөөрөө их хэмжээний хандив өргөжээ. Тэрээр Сөүлийн “Samsung” анагаах төвд 100 сая вон, ЮНИСЕФ-ийн БНСУ дахь салбарт 100 сая вон хандивласан байна. Алдарт дуучны хандивыг Samsung төв хүүхдийн эмнэлэгт хэрэглэх бол ЮНИСЕФ дэлхийн ядуу зүдүү улс орны эмнэлгийн дэд бүтцийн хөгжилд зарцуулна гэдгээ мэдэгдээд байна. Харин Bang Chan “Намайг үргэлж дэмжиж байдаг фэнүүдийнхээ ачаар би төрсөн өдрөөрөө хүмүүст баяр баясгалан хайрлахыг хичээж явдаг. Миний өчүүхэн энэ хандив аз жаргалтай ирээдүйг харахыг хүсэж байгаа хүүхэд багачуудад бага ч гэсэн тус дэм болно гэдэгт найдаж байна” гэж ярьсан байна.

Шинжлэх ухаан, технологи
Замын аюулгүй байдлын даатгалын IIHS олон улсын байгууллагаас 2025 оны хамгийн осол, аюулгүй машиныг тодрууллаа. Тус байгууллагын шинжээчид маш олон туршилт хийсний дүнд “Tesla Cybertruck” нь жолооч, зорчигчдынхоо амь насыг хамгийн сайн хамгаалдаг машин гэж тодорхойлжээ. Tesla компаниас энэ оны дөрөвдүгээр сард машиныхаа урд хэсгийг сайжруулж, шинэчлэсэн юм. Шалгалтаар урд хэсэг нь сайн, хажуу, хойд талууд онц үнэлгээ авчээ.
Тавхан жилийн өмнө буюу 2020 онд худалдаанд гарч байсан iPhone 11 Pro Max загварын гар утас хуучирсан, эртний бүтээгдэхүүний жагсаалтад албан ёсоор орлоо. Гэхдээ хэрэглэгчид уг төхөөрөмж дээр iOS-ийн хамгийн сүүлийн хувилбаруудыг одоогоор ашиглах боломжтой хэвээр байгаа. Харин ирээдүйд сэлбэгийн олдоц багасч, засвар үйлчилгээний боломж хумигдаж болзошгүй тул хэрэглэгчид шинэ загварт шилжих шаардлага тулгарахыг шинжээчид анхааруулж байна.

Бонус
Аравдугаар сар бол цаг хугацааны урсгалыг хамгийн тод мэдрүүлдэг сар. Хөнгөн гуниг, ид шидийн мэдрэмж, аймшгийн баярын догдлол бүгд нэг дор. Энэ сард дурлах 10 шалтгааныг зааж өгье.
