UBLife Logo
Newsfeed
‘’Paramount’’ компани ‘’Warner Bros Discovery’’-г худалдан авахаар зэхэж байна

‘’Paramount’’ компани ‘’Warner Bros Discovery’’-г худалдан авахаар зэхэж байна

Холливудын ертөнцийн хамгийн нөлөө бүхий компаниудын нэг “Paramount” кино телевизийн салбарын могул “Warner Bros Discovery”-г худалдан авах санал тавьлаа. Энэхүү санаачилгын ард технологийн тэрбумтан Ларри Эллисон болон түүний гэр бүл байгаа юм. 

Тэд “Warner Bros Discovery”-гийн нэгж хувьцааг 20 ам.доллараар үнэлсэн санал хүргүүлсэн ч компанийн удирдах зөвлөл уг санал нь компанийн бодит үнэлгээнд хүрэхгүй гэж үзэн, татгалзжээ. Гэсэн хэдий ч хэлэлцээ үргэлжилж байгаа бөгөөд “Paramount” илүү өндөр үнийн дүнтэйгээр дахин санал тавихаар зэхэж байна. Хэрвээ уг хэлцэл биеллээ олвол HBO, CNN, Warner Bros зэргийг нэгтгэсэн аварга корпораци бий болж, медиа салбарт ч томоохон өөрчлөлт ирэх магадлал тун өндөр байна. 

Ларри Эллисоны хүү Дэвид Эллисон 2024 онд ‘’Skydance Media’’-г 8 тэрбум ам,доллараар худалдан авсан. Энэ зун түүний гэр бүл ‘’Paramount’’ компанийн хяналтын хувьцааг худалдан авснаар медиа салбарын хамгийн залуу, том тоглогчдын нэг болсон.

Дэвид Эллисон

‘’Paramount’’ компани сүүлийн саруудад хэд хэдэн томоохон хэлцэл хийсэн бөгөөд  UFC-гийн медиа эрхийг 7.7 тэрбум ам.доллараар авсан юм. Ингэснээр энтертайнмент, медиа салбарт өрсөлдөх хүчтэй стратегийг алхам алхмаар боловсруулж байгаа гэж шинжээчид үзэж байна. Дэвид Эллисоны хувьд “Paramount”-ыг технологид суурилсан, олон талт медиа хэлбэрт чиглүүлэхээр ажиллаж байгаа юм. 

“Warner Bros Discovery” ирэх дөрөвдүгээр сар гэхэд үйл ажиллагаагаа хоёр хэсэгт хуваахаар төлөвлөж байгаа нь “Paramount” компани яаравчлан хөдлөж байгаагийн нэг шалтгаан гэж үзэж болно. Нэг хэсэгт нь HBO, HBO Max болон Warner Bros. студи орж, үүнийг одоогийн Гүйцэтгэх захирал Дэвид Заслав удирдана. Харин нөгөө хэсэг нь Discovery Global нэртэй болж, кабелийн суваг төвтэй бүтэцтэй болох аж. 

Зах зээлийн үнэлгээний хувьд “Warner Bros Discovery” ойролцоогоор 42 тэрбум ам.долларын үнэлгээтэй бол “Paramount” компани 18.5 тэрбум ам.долларын үнэлгээтэй байна. Хэрвээ энэ хэлцэл амжилттай биелвэл энэ нь зөвхөн хоёр компани хоорондын асуудал биш, дэлхийн медиа салбарын хүчний шинэ тэнцвэрийг тогтоохуйц алхам болохыг мэргэжилтнүүд онцолж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.