UBLife Logo
Ярилцлага

Ц.Сүнжидмаа: Дулаанаа алдаад байвал сайн халаагуур асаагаад, их хэмжээний нүүрс түлээд ч нэмэргүй

Ц.Сүнжидмаа: Дулаанаа алдаад байвал сайн халаагуур асаагаад, их хэмжээний нүүрс түлээд ч нэмэргүй

Цаг агаарын мэдээллээр энэ долоо хоногоос эхлэн өдөртөө хасах хэмийн хүйтэнд шилжиж байна. Хүйтний эрч чангарч буй энэ үед “Жэрэс” олон улсын төрийн бус байгууллагын “Дулаан шийдэл” төслийн дэд менежер Ц.Сүнжидмаатай байшингийн дулаалгын талаар ярилцлаа.


-Сайн байна уу. Ойрын өдрүүдэд өдөртөө хасах хэмийн хүйтэнд шилжиж байна. Ихэвчлэн гэр сууц, байшинд амьдардаг манайхны хувьд дулаалга, түлээ түлшний тухай ид яригдаж байна. Бид байшингаа хэрхэн дулаалж байж өвлийг өнтэй давах вэ?

-Улаанбаатар хотод 200 мянга гаруй гэр хорооллын айл өрх байгаагаас 60 орчим нь байшинд үлдсэн нь гэр сууцанд амьдарч байгаа гэсэн тооцоолол бий. Тэгэхээр 100 гаруй мянган айл өрх байшинд амьдарч байна. Байшингийн дулаалгын хэрэгцээ өндөр гэж судалгаанд тусгагдсан. Сүүлд ЖАЙКА-гаас гаргасан судалгаанд Улаанбаатар хотын агаарын бохирдлын эх үүсвэрийн 55,6 хувь нь гэр хорооллын нүүрсний утаанаас ялгарч байгааг дурдсан байсан. Тиймээс гэр хорооллоос ялгарч байгаа утааг бууруулахад бүх түвшний байгууллага анхаарч, дорвитой арга хэмжээ авснаар үр дүнд хүрнэ. Өвөл болохоор дулаалгадаа анхаардаг айл өрх байдаг ч ихэнх нь байшингаа хэрхэн халаах тухайд анхаардаг. Хэдий хэмжээний нүүрс авах вэ, ямар цахилгаан халаагуур хэрэглэх вэ гэдэгт л анхаарч, санаа зовдог. Гэтэл дулаанаа гадагшаа алдаад байвал сайн халаагуур асаагаад ч нэмэргүй, их хэмжээний нүүрс түлээд ч хэрэг нь гарахгүй. Хамгийн чухал нь дулаалга. Дулаалсны дараа халаалтаа та яаж ч шийдсэн илүү үр дүнтэй.

-Байшингаа хэр дулаан алдаж байгааг мэдэх боломжтой юу. Ер нь хаагуураа хамгийн их дулаан алддаг вэ?

-Манайд дулаан алдагдлыг хэмжих үйлчилгээ бий. Утсаар холбогдоод захиалга өгөх боломжтой. Очоод хэмжилт хийж, зөвлөгөө өгдөг. Гэрийн нөхцөлд бол цан цохих, хөгц мөөгөнцөр үүсэх, дулаанаа хурдан алдах гэх мэт шинж тэмдгээр дулаалга хангалтгүй байгааг анзаарч, дулаанаа алдаж байгааг мэдэж болно. Хамгийн эхэнд дээврээ дулаалах хэрэгтэй. Халуун агаар хүйтнээсээ хөнгөн шинж чанартай учраас дээшээ хөөрдөг. Тийм болохоор дээвэр онгорхой цоорхой, дулаалга муу бол хэчнээн сайхан гал түлээд ч хурдан хөрнө. Мөн дээврийн дулаалгыг улирал харгалзахгүй хийж болдгоос гадна боломжийн үнэтэй.

Судалгаанд оролцсон айл өрхүүдийн 60 хувь нь дулаалгагүй байшинтай байсан. Дулаалсан байшинтай айлуудын 90 хувь нь өөрсдөө дулаалга хийсэн байсан. Гэсэн ч өвлийн улиралд хүйтэн, салхи сийгдэг, олон удаа гал түлдэг гэхчлэн дулаалгагүй байшинтай адил нөхцөл байдалтай хариулт өгч байсан л даа. Тэгэхээр Монголд дулаалгаа стандартын дагуу зөв хийх зайлшгүй шаардлагатай гэсэн үр дүн гарсан.

-Та бидэнд “Дулаан шийдэл” төслийн хүрээнд хийж буй ажлаасаа хуваалцана уу?

-“Дулаан шийдэл” төсөл 2018 оноос Монгол улсад хэрэгжиж эхэлсэн. Амины орон сууцыг дулаалах замаар эрчим хүчний хэмнэлтийг бий болгох, нүүрсний хэрэглээг багасгах улмаар агаарын бохирдлыг бууруулах зорилготой Европын холбооноос санхүүждэг төсөл юм. “Дулаан шийдэл” төслийг нийт 5 байгууллага хамтран хэрэгжүүлдэг. Франц төвтэй манай “Жэрэс” олон улсын төрийн бус байгууллага удирдан хэрэгжүүлэх, хамтран ажиллаж байгаа байгууллагуудын харилцаа холбоог хангах үүрэгтэй. Нийгэмд үлдэх үр ашиг, багц мэдээллүүдээ хөгжүүлэхэд анхаарч байна. ШУТИС-ийн дэргэдэх Барилгын эрчим хүч, хэмнэлтийн төв технологи талаа хариуцдаг. Мэргэжлийн инженер, эрчим хүчний аудитор, багш нар ажилладаг. Тэд нар ямар дулаалгын технологи Монголын нөхцөлд зохимжтойг судалж, гаргасан. Тус технологийнхоо дагуу дулаалгын мэргэжилтнүүдээ бэлтгэсэн. Мөн “Монголын Барилгын Үндэсний Ассоциаци” ТББ нь бэлтгэгдсэн дулаалгын зөвлөх, бригадыг чадавхижуулах, хөгжүүлэх, тогтвортой байлгахад анхаарч ажилладаг бол “Монголын эмэгтэйчүүдийн сан” нь “Хялбар шийдэл” аяныг зохион байгуулах, төслийн үйл ажиллагааны жендэрийн асуудалд анхаарч ажиллаж байна. Ялангуяа барилга, дулаалгын чиглэлийн ажилд эмэгтэйчүүдийг сонгох нь ховор шүү дээ. Хэвшмэл энэ мэт ойлголтыг багасгах талаас нь ажиллаж байна. “Монголын Ногоон Санхүүгийн Корпораци” нь дулаалгын ногоон зээлийн хууль эрх зүйн орчныг сайжруулах тал дээр санал зөвлөмж гаргаж, нөлөөллийн ажлууд хийдэг.

Анх төслөө эхлүүлэхдээ олон судалгаа авсан. Хүмүүс дулаалга, эрчим хүчний талаар мэдлэг мэдээлэлтэй байна уу, Монголын цаг агаарын онцлог нөхцөлд барьсан амины орон сууцууд нь дулаалгатай байна уу, байгаа бол хэрхэн дулаалсан байгааг судалсан. Судалгаанд оролцсон айл өрхүүдийн 60 хувь нь дулаалгагүй байшинтай байсан. Дулаалсан байшинтай айлуудын 90 хувь нь өөрсдөө дулаалга хийсэн байсан. Гэсэн ч өвлийн улиралд хүйтэн, салхи сийгдэг, олон удаа гал түлдэг гэхчлэн дулаалгагүй байшинтай адил нөхцөл байдалтай хариулт өгч байсан л даа. Тэгэхээр Монголд дулаалгаа стандартын дагуу зөв хийх зайлшгүй шаардлагатай гэсэн үр дүн гарсан. Ингээд төслийн хүрээнд Монголд хамгийн түгээмэл байдаг бүтээцтэй байшинд зориулсан дулаалгын шийдлүүдийг боловсруулсан. Энэ шийдлээ айл өрхөд хүргэхийн тулд зах зээлийн суурьтай буюу үнэ хөлсийг нь боломжтой байдлаар айлуудад санал болгохыг зорьсон. Тэгж байж төсөл маань урт хугацаанд, тогтвортойгоор үр өгөөжөө үзүүлэхээр байгаа юм.

-Төсөл анх хэрэгжиж эхлэх үед хүмүүс дулаалгын ач холбогдлын талаар хэр мэддэг байв. Одоо ямар болж өөрчлөгдсөн бэ. Төсөл үр дүнд хүрсэн үү?

-Анх 2018 онд дулаалгын талаар ярихад хүмүүс хүлээж авах нь бага байсан. Эрчим хүчний хэмнэлт, дулаалгын тухай ойлголт шинэ зүйл байсан л даа. Одоо бол дулаалгын тухай ойлгочихсон. Цаашдаа хэрхэн, яаж хийх вэ гэдэгт анхаараад судлаад эхэлчихлээ. Гол асуудал нь санхүүгийн нөхцөл байдал л байна. Төслөө анх Улаанбаатарт хэрэгжүүлье, утаа бол нийслэлийн асуудал гэж үзсэн. Гэвч сүүлийн жилүүдэд аймгийн төвүүдэд ч утаатай, агаарын бохирдол их хэмжээнд хүрсэн. Тийм болохоор өнгөрсөн жилээс Дархан-Уул аймагт төслөө хэрэгжүүлж эхэлсэн. Төсөл маань 2026 оны дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжилнэ. Жил хүрэхгүй хугацаа үлдсэн байна. Төсөл дууслаа гээд төслийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажил дууссан гэсэн үг биш. Бид нар төслийн хугацаанд хэрэгжүүлсэн бүх нөү хау, сургалт, ажлуудаа багц болгож эмхэтгээд орон нутаг, аймгийн төвүүдийн төрийн байгууллагууд, цахим орчинд нээлттэй байршуулах гэх зэрэг ажил хийнэ. Гол нь хялбар аргаар дулаалга хийхээр зорьж буй хүмүүст хаанаас ч хайсан олдохуйц эх сурвалж бүрдүүлэхээр ажиллаж байна.

Мөн УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц дулаалгын ач холбогдол, үр нөлөөллийн талаар УИХ, Засгийн газрын хэмжээнд мэдээлэл өгч ажиллаж байна. Энэ хүрээнд аймаг орон нутаг, УИХ-ын хэмжээнд дулаалгад анхаарч, ач холбогдол өгснөөр “Дулаалъя”, “Дулаанбаатар” зэрэг аян өрнөж эхэлсэн. Орон нутгаас байшинтай айлуудаа дулаалмаар байгаа ч технологийг нь мэдэхгүй байна, зөвлөгөө өгөөч гэсэн хүсэлт их ирдэг болсон. Манайхаас ямар нэгэн үнэ төлбөр авахгүйгээр механизм, аргачлалаа зааж сургаж, өвлүүлж өгөхөд бэлэн.

“Жэрэс” олон улсын төрийн бус байгууллагын “Дулаан шийдэл” төслийн дэд менежер Ц.Сүнжидмаа

-Хүмүүс хэр их дулаалга хийлгэж байна вэ. Жишээлбэл, танайх 7 жилийн турш хэчнээн айл өрхийг дулаалсан бэ?

-“Дулаан шийдэл” төсөл маань 2018-2022, 2022-2026 он буюу хоёр үе шаттайгаар хэрэгжээд 7 жил боллоо. Энэ хугацаанд 5 мянга орчим өрхөд бүтэн болон хэсэгчилсэн дулаалга хийсэн байна. Барилгын бичил бизнес эрхлэгч 200 гаруй хүнийг дулаалгын бригад болгон сургажээ. Энэ сургалтаараа бид нар зөвхөн дулаалга заадаггүй. Бизнесээ хэрхэн хөгжүүлэх, хог хаягдлаа яаж ялгах, жендэрт хэрхэн мэдрэмжтэй хандах вэ гэхчлэн багц сургалтаар бэлтгэдэг.

Улирал, жил бүр тайлангаа гаргадаг. Зөвхөн айл дулаалахаас гадна олон зүйл бий. Дулаалаад бодитой өөрчлөлт орж байгаа эсэхийг жил болгоны өвөл хэмждэг. Дулаалгатай, дулаалгагүй, хагас дулаалсан айлуудыг сонгоод агаарын чанар нь сайжирсан байна уу, температурын хэлбэлзэл багассан уу, чийгшил нь ямар байна, эдийн засгийн үр нөлөө нь хэр байна гэдгийг судалдаг. Энэ мэтчилэн төслөө тайлагнах, батлах зэрэг дагалдах ажлууд байдаг. Төсөл хэдийгээр дуусах ч гэсэн төслийн ажлын үр нөлөөгөөр орон нутгууд дулаалгын ажлуудыг төлөвлөгөөндөө оруулсан байна билээ. Тэгэхээр дулаалах үйл ажиллагаа зогсохгүй гэж ойлгож байгаа.

Та эхлээд хялбар аргаар өөрөө цонх, хаалгаа дулаалаад үзэж болно. Ингэснээр та 16 хүртэлх хувийн эрчим хүчний хэмнэлт бий болгох боломжтой.

-Дулаалга хийлгэхэд ойролцоогоор хэдий хэмжээний төлбөр гардаг вэ. Манай улсын нөхцөлд ямар материалаар дулаалахад зохимжтой байдаг бол?

-Модон юмуу тоосго, блокон байшин гэдгээс хамаараад дулаалгын материалаа сонгох хэрэгтэй. Манайд хамгийн түгээмэл ашигладаг материал нь хөөсөнцөр дулаалга, эрдэс хөвөн дулаалга байдаг.

Байшингийн хэмжээ болон материалаас хамаараад бодогдох үнэ харилцан адилгүй. Жишээлбэл, дундаж материалаар 6х8-ын хэмжээтэй байшинг бүтэн дулаалахад ойролцоогоор 12 сая төгрөг болно. Хүмүүс энэ мөнгөн дүнг сонсоод зүрхшээгээд дулаалга хийлгэхээ хойшлуулах талтай байдаг. Та алхам алхмаар хийх боломжтой. Эхлээд хялбар аргаар өөрөө цонх, хаалгаа дулаалаад үзэж болно. Ингэснээр та 16 хүртэлх хувийн эрчим хүчний хэмнэлт бий болгох боломжтой. Яг ийм байдлаар өөрсдөө хийгээд үр дүнг нь мэдэрчихсэн хүмүүс дулаалга ямар чухал болохыг ойлгоод бодит туршлагаа бусадтайгаа хуваалцдаг. Мөн мэргэжилтнүүдээр эхний жилдээ дээврээ 10см-ээр дулаалууд ирэх жил нь 20см болгон нэмж дулаалуусныхаа дараа хана, шалаа хэсэгчлэн дулаалуулж болно. Алхам бүрд тодорхой хэмжээний үр дүн гарахын зэрэгцээ санхүүгийн дарамт үүсэхгүй. Хэрвээ та дулаалга хийлгүүлэхээр шийдвэл манай дуудлагын утаст холбогдоход л болно. Үлдсэн ажлуудыг төслийн зүгээс бүгдийг нь гүйцэтгэнэ. Нэгдүгээрт, мэргэжлийн бригад ажлыг гүйцэтгэж инженерүүд зөв хийсэн эсэхэд нь хяналт тавьдгаараа онцлогтой. Хоёрдугаарт, дулаалахаас өмнө болон дараа нь эрчим хүчний хэмнэлт хэр зөрүүтэй, ямар байгааг хэмжээд гэрчилгээ олгодог. Нэг цэгийн үйлчилгээ гэж болохуйц цогц үйлчилгээ үзүүлдэг.

Ихэнх айл дулаалга хийлгэмээр байдаг ч санхүүгийн хувьд боломжгүй гэдэг. Үүнийг харгалзан үзээд төслийн хүрээнд “Хялбар аргаар байшингаа хэрхэн дулаалах вэ?” аяныг эхлүүлсэн. Жил бүр энэ аянаа зохион байгуулдаг. Өөрөөр хэлбэл, гар доорх материалаар байшингаа хэрхэн дулаалж болох аргачлалыг нь хүмүүст зааж өгдөг. Сурсан хүмүүс гэртээ хэрэгжүүлэхээс гадна хөрш 5-10 айлдаа зааж, мэдлэгээ хуваалцахыг уриалдаг. Ингэж иргэдийн оролцоог хангахын зэрэгцээ бусдадаа сурсан мэдсэнээ хуваалцсан хүмүүсээ тодорхой хэмжээгээр урамшуулдаг. Ерөнхийдөө төсөл маань 2 хэсгээс бүрдэж байгаа юм. Нэг нь, зах зээл суурьтай стандартын дулаалга буюу өрхүүд төлбөрөө төлж дулаалуулна. Нөгөөх нь, санхүүгийн боломжгүй байгаа айл өрхүүдэд байшингаа зөв дулаалах аргачлалыг нь зааж өгдөг сургалтын хувилбар юм.

Хүмүүс дулаалгын тухай ойлгочихсон. Дулаалах сэдэл байна.

-Тус сургалт хаана, хэзээ болдог вэ. Хүмүүс хэрхэн хамрагдах боломжтой вэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-“Хялбар аргаар байшингаа хэрхэн дулаалж болох вэ?” аяныг зохион байгуулахдаа жил бүр тодорхой дүүргүүдээ сонгоод хороотой нь хамтраад сургалтаа хийдэг.

Гэхдээ Хялбар аргаар байшингаа дулаалах аргачлал олон нийтэд ил тод байдаг. Сонирхсон хүмүүс “Geres mongolia” гээд youtube суваг бий. Тус сувагт хана, хаалга, цонхоо хэрхэн зөв дулаалж болохыг алхам алхмаар нь заасан бичлэг байгаа. Хоёрдугаарт, Улаанбаатарт Амины орон сууцны мэдээллийн төвүүд бий болж байгаа. Саппоро болон Чингэлтэй дүүрэгт байдаг төвийг хүмүүс сайн мэддэг. Эдгээр төвүүдэд очоод “Дулаан шийдэл” төслөөс гаргасан “Хялбар аргаар байшингаа дулаалъя” гарын авлагыг авах боломжтой. “Дулаалгын хялбар шийдэл” гэж фэйсбүүк группд нэгдэж болно. Ойрд “Дулаанбаатар” аяны хүрээнд дүүрэг бүрт мэдээлэл өгөх өдөрлөг болж байгаа. Одоогоор Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт хийсэн. Гэр хорооллын бүсүүдэд очиж газар дээр нь мэдээлэл өгдөг. Хүмүүсийг олноор нь хамруулах үүднээс ихэвчлэн бямба гарагт хийж байгаа.

Хүмүүс дулаалгын тухай ойлгочихсон. Дулаалах сэдэл байна. Санхүү мөнгөтэй уялдаж байгаа учраас хүмүүс хялбар аргаар дулаалахыг илүүд үзэж байгаа. Санхүүгийн хязгаарлагдмал байдлаас болоод стандарт, бүтэн дулаалгыг сонгож байгаа айл цөөхөн. Бид нар банк, санхүүгийн байгууллагуудтай хамтарч ажиллан айл өрхүүдээ хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломж бүрдүүлсэн. Гэсэн ч тогтмол орлогогүй, татвар, нийгмийн даатгал төлдөггүй гэх мэтчилэн банкны үндсэн шаардлага хангахгүйгээс болж зээл авах боломжгүй айлууд бий. Тэгэхээр ганц манай төсөл шийдэх боломжгүй учраас улсын хэмжээнд цогц арга хэмжээ авах хэрэгтэй болов уу.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Б.Нинжин: Үр дүнд суурилсан удирдлагын тогтолцоог Засгийн газрын бүх түвшинд бүтэц, үйл ажиллагаандаа бүрэн шингээх хэрэгтэй

Б.Нинжин: Үр дүнд суурилсан удирдлагын тогтолцоог Засгийн газрын бүх түвшинд бүтэц, үйл ажиллагаандаа бүрэн шингээх хэрэгтэй

Европын холбооны Төсвийн дэмжлэгийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол  Улсад Тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэтгэлийг дэмжих нь” төслийн менежер Б.Нинжинтэй ярилцлаа.

Б.Баярмаа: Хэвлэл мэдээллийн эрх зүйн зохицуулалтаар хэвлэлд хэтэрхий их үүрэг, хариуцлага оноосон

Б.Баярмаа: Хэвлэл мэдээллийн эрх зүйн зохицуулалтаар хэвлэлд хэтэрхий их үүрэг, хариуцлага оноосон

Харанхуйгаар олонхыг дагах юм бол сенсац хөөсөн, төлбөртэй мэдээллийн асуудал үүснэ, харин үүнийг сэтгүүлч, редакц өөрөө нийгмийн өмнө хариуцлагатай байх замаар шийдэж болно.