2022 оноос "Monster" гэмт хэрэг, антологи төрлийн цуврал үзэгчид бидний хүртээл болсон билээ. Энэхүү цуврал нь Америкийн алдарт гэмт хэрэгтнүүдийн түүхийг өгүүлэх бүтээл гэдгээрээ онцлог. Тус цувралын гуравдугаар бүлэг болох “Monster: The Ed Gein Story” саяхан нээлтээ хийгээд байна. Хоёр эмэгтэйн амь насанд хэрцгийгээр хүрч, олон тооны булшийг сүйтгэж, хүний арьсаар эд хэрэглэл хийсэн аймшигт хэрэгтэн фермер Эд Гейны түүхийг энэ бүлэгт харууллаа. Жинхэнэ мангас төрдөг үү? Бүтээгддэг үү? Гэсэн асуултыг үлдээгээд буй энэ бүлэг үзэгчдийн анхаарлыг татаж байна. Тэгвэл энэхүү цуврал дээр өгүүлсэн Эд Гейны бодит түүхээс зөрүүтэй 8 баримтыг танилцуулъя.

Эд Гейн хоёр хүний амь насанд халдсан нь албан ёсоор тогтоогдсон

Гейн хоёр хүний аминд халдсан хэргээ баривчлагдсан даруйдаа хүлээсэн байдаг. 1954 онд 54 настай архины мухлагийн эзэн Мэри Хоган болон 1957 онд 58 настай Бернис Ворден нар түүний хохирогч болж, харамсалтайгаар амь насаа алдсан. Гэвч цуврал дээр мөрдлөгийн үед Гейнийг сэжиглэж байсан, түүнийг үйлдсэн гэж албан ёсоор батлагдаагүй хэргүүдийг ч мөн Гейний хийсэн хэрэг гэж харуулсан.
Үүний нэг жишээ бол 1953 онд Ла Кросс хотоос алга болсон 15 настай Эвелин Хартлин хэрэг. Гейн Хартлигийн амь насанд хүрсэн гэж цуврал дээр гардаг. 1957 онд Эд Гейн баривчлагдахдаа Эвелин Хартлигийн хэрэгт сэжиглэгдэж байсан ч полиграф шалгалтад орж түүнийг хэрэгт ямар ч холбоогүй болох нь батлагджээ.

Эд Гейн ах Хенригийн амь насанд хүрсэн, эсэх нь тогтоогдоогүй

Цувралын эхний ангид Гейн ах Хенриг модоор цохин хөнөөж, хэргээ нуухын тулд гал тавьдаг. Гэвч 1944 оны цагдаагийн бүртгэлд Хенриг эдлэндээ гал алдаж улмаар зүрхний шигдээсээр нас барсан хэмээн тэмдэглэжээ. Гал гарснаас хэдэн цагийн дараа цагдаа нар Хенригийн биеийг олсон. Хенригийн цогцос дээр задлан шинжилгээ хийлгээгүй бөгөөд өдгөө олон хүмүүс Гейнийг түүний аминд хүрсэн хэмээн сэжиглэдэг. Гэвч Гейн энэ хэргийг үйлдсэн эсэх нь албан ёсоор батлагдаагүй юм.

Аделин Уоткинс, Гейний үйлдсэн гэмт хэргүүдэд хэзээ ч оролцож байгаагүй

Аделин Уоткинсийг цувралд Гейнтэй хамт булш сүйтгэж, түүний хамтрагч байсан мэтээр гардаг. Гэвч Уоткинс гэмт хэрэг үйлдсэн гэсэн ямар ч нотлох баримт байхгүй. Мөн Уоткинс нь Гейнтэй романтик харилцаатай байгаагүй бөгөөд 20 жилийн турш энгийн л танилууд байсан хэмээн өөрийн биеэр мэдэгдсэн байна.

Гейн, Бернис Вордентэй харилцаагүй байсан

Гейн хоёр дахь хохирогч болох Бернис Вордентэй хайр сэтгэлийн холбоотой байсан гэж цувралд өгүүлдэг. Гэхдээ бодит амьдралд тэд ямар ч хайр сэтгэлийн холбоогүй байсан. Харин Гейн “Deviant” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа түүнийг хөнөөхийнхөө өмнө хамт дугуйт тэшүүрээр гулгахыг хүсэж байсан гэж ярьсан байдаг.

Гейнийг бэлэг биш төлбөрийн баримтаас болж баривчилсан

Цувралд цагдаа нар Бернисийн барилгын дэлгүүрээс өөрт нь хаягласан бэлгийн хайрцаг олж, Гейнийг баривчидаг. Харин бодит түүхэнд Бернис Ворденыг дэлгүүрээс нь нас барсан байдалтай олохын өмнө оройны хамгийн сүүлийн худалдан авалтыг Гейн хийсэн гэх төлбөрийн баримтыг олж цагдаа нар түүнийг баривчилдаг.

Гейн некрофилийг үгүйсгэдэг байсан

Гейн хүний арьсаар бээлий, хувцас хийх зэрэг олон аймшигтай зүйл хийсэн ч хэзээ ч үхсэн хүнтэй бэлгийн харьцаанд орж байгаагүй гэдгээ 1957 онд “TIME” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг.

Цуврал алуурчин Ричард Спек Эд Гейн рүү захидал бичиж байгаагүй

1966 онд Чикагод найман сувилагч эмэгтэйн амийг хөнөөсөн хэргээр шийтгэгдсэн цуврал алуурчин Ричард Спек Эд Гейний шүтэн бишрэгч байсан хэмээн цувралд гардаг. Гэвч бодит түүхэнд тус хоёр алуурчин ямар ч холбоогүй мөн Ричард Спек Эд Гейний шүтэн бишрэгч байсан гэх ч нотолгоо байхгүй.

Гейн Тед Бандиг баривчлахад туслаагүй

"Netflix-ийн Monster: The Ed Gein Story" цувралд FBI-ийн агент, Жон Дуглас ба Роберт Ресслер, Эд Гейнийг сэтгэцийн эмнэлэгт хоригдож байх үеэр ярилцлага хийж, энэ ярилцлагын үеэр Гейнийг Тэд Бандиг барихад тусалсан гэж гардаг. Харин бодит түүхэнд Жон Дуглас FBI-ийн анхны гэмт хэрэг судлаач Эд Гейнийг сэтгэцийн эмнэлэгт хоригдож байх үед ярилцлага хийсэн ч тийм ч үр дүнтэй болоогүй байдаг. Учир нь түүний сэтгэцийн байдал үнэхээр тогтворгүй байсан байжээ.