Багш нар үндсэн цалингаа 3.5 саяд хүргэхийн тулд жагсаал зохион байгуулсан. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас ажлын хэсэг гарган хоёр тал хэлэлцээр хийсэн ч үр дүнд хүрээгүй тул арбитр томилсон юм. Иймд өнөөдрөөс эхлэн сургууль, цэцэрлэгийн багш нар хугацаагүй ажил хаялт зарлаж буйгаа мэдэгдлээ. Нийслэлд өнөөдрийн нөхцөл байдал ямар байгааг сурвалжлан хүргэж байна.

Манай сурвалжлах баг Нийслэлийн 32 дугаар сургуульд очиход хичээл хэвийн үргэлжилж байсан бөгөөд Үйлдвэрчний эвлэлийн хорооноос нь хурал зохион байгуулахаар багш нараа цуглуулж байсан юм.

Тус сургуулийн Дизайн, технологийн багш, Үйлдвэрчний хорооны дарга Б.Батаа “Бид багш нартаа ажил хаялтын талаарх мэдээллээ өгсөн байгаа. Өчигдөр сургуулийн удирдлага буюу ажил олгогчдодоо мэдэгдэх хуудсаа өгсөн. Ирэх долоо хоногийн даваа гарагаас эхлэн ажил хаялт хийх бэлтгэл ажлаа хийгээд багш нартайгаа хуралдаж байна. Багш нар маань ажил хаялтад бүгд нэгдэхийг дэмжиж, гарын үсгээ зурчихсан. Өнөө маргаашдаа бол хичээл хэвийн явагдана.
Засгийн газраас гаргасан үндсэн цалинг 20 хувиар нэмэх шийдвэр нь гал унтраах төдий л арга хэмжээ. Инфляцитай уялдуулан жилд 30 хувиар үндсэн цалинг нэмнэ гэсэн зүйлээ хэрэгжүүлмээр байна. Нэмэгдэл 20 хувийг бид нар хангалттай бус гэж үзэж байна. Цалинг 3.5 саяд хүргэх, жил бүр 30-аас дээш хувиар нэмэх хүртэл нь бид нар тэмцэх болно. Сурагч, хүүхдүүдээ бодсондоо өнөөдрийг хүртэл явлаа. Гэвч бид нар ч үр хүүхэдтэй, амьдрах шаардлагатай байна. Өрөөс өрний хооронд л амьдарч байна шүү дээ” гэлээ.
Эцэг эх, асран хамгаалагчдын төлөөллөөс сэтгэгдлийг нь сонслоо.

Иргэн Л.Отгонсугар “Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй ээ. Ахмад настнууд нь хэчнээн хоног Засгийн газрынхаа гадаа зогслоо. Асуудал шийдэгдсэн юм огт алга. Ахмадууд бид нар улс эх орондоо хийдгээ хийж, амьдралынхаа бүхий л хугацааг зориулчихсан хүмүүс. Гэтэл өнөөдөр гадаа дааруулаад л зогсоож байна. Би өөрөө багш хүн. Дээр үед анги дүүргэлт 25 байсан. Гэтэл одоо нэг ангид 50, 60 хүүхэд хичээллэж байна. Ийм олон хүүхэдтэй ганцхан багш ажиллаж байна. Туслах багш байхгүй. Багшийн хөдөлмөр бол маш хүнд. Хүмүүстэй харилцана, хүүхдэд эрдэм боловсрол заана, ирээдүйн мэргэжилтнүүдийг бэлтгэдэг чухал ажил. Тиймээс багш нарын цалинг нэмэхгүй бол болохгүй. Манайх эрүүл мэнд, боловсрол, ахмад настан гэсэн гурван салбараа хэзээ ч орхиж болохгүй. Өөрсдөө өч төчнөөн саяар нь идэж уудаг мөнгөө эдгээр салбаруудад оруулмаар байна. Зээлээс зээлийн хооронд ажиллаж, амьдарч яваа багш нарынхаа цалинг нэмэх хэрэгтэй” гэсэн юм.

Иргэн С.Батбилэг “Ер нь багш нар ажил хаялт зарлах нь зөв. Сая төгрөгөөр амьдаръя гэхэд нийгэм нь ямар билээ. Дэлгүүрт ороод нэг тор ойр зуурын хүнс авахад л 300 мянган төгрөг болно. Тэгэхээр цалинг нь нэмсэн дээр шүү дээ. Байрны өр зээл, лизингтэй багш нар зөндөө л байгаа. Засагт нь төсөв байхгүй, ард түмнээ татвараар дарамтлаад л байж байна. Ах нь хувийн жижиг бизнестэй, ажил олгогч. Улсаас юу ч гуйгаагүй. Хүмүүсийг ажлын байраар хангаад явж байхад л татварын дарамтад ороод л явж байна” гэв.
Бид Нийслэлийн 27 дугаар цэцэрлэгийг зорин очиход хүүхдүүдээ хүлээн аваагүй ч ажлын байрандаа бүгд цугларч, хуралдаж байлаа.

Тус цэцэрлэгийн бүлгийн багш Г.Сувдаа “Бид нар хүүхдүүдээ хүлээж аваагүй байгаа ч ажлын байрандаа уриа лоозонгоо бариад тайван замаар эсэргүүцлээ илэрхийлээд сууж байна. Бид нарын ажил хаялт хууль ёсны дагуу болж байгаа. МБШУҮЭХ-оос зохион байгуулж буй ажил хаялтад манай нийт ажилтны 95.1 хувь нь оролцохоо илэрхийлж, шийдвэр гаргасан. Засгийн газар, Боловсролын яамнаас бидэнд ямар хариу өгөхийг хүлээж байна. Бидний шаардлагыг хүлээж авах уу, 3.1-т заасан хэлэлцээрийн үр дүнд хүрэх, эсэхийг харж байна. Хэрвээ нааштай хариу өнөөдөр ирвэл бид нар ч хүүхдүүдийнхээ сурч боловсрох эрхийг хангахын тулд маргаашаас үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэхэд бэлэн.
Цалин хөлс нэмэгдэх асуудал өнөөдөр гараад ирсэн юм биш. 2017 оноос хойш шат дараалалтай нэмэгдэнэ гэдэг ч бодит байдал дээр 80, 100, 150 мянган төгрөгөөр л нэмэгддэг. Гэтэл гадуур юмны үнэ ямар байгаа билээ, инфляци ямар байгааг надаар хэлүүлэлтгүй бүгд мэдэж байгаа. Тиймээс 15-20 хувийн нэмэгдэл бидэнд хангалтгүй. 3.5 саяд хүргэж чаддаггүй юм гэхэд 20-иос дээш хувиар үндсэн цалингаа нэмүүлэх хүсэлтэй байна. Одоогийн нөхцөл байдалд хийж байгаа хөдөлмөрөө шударгаар үнэлүүлмээр байна. Ирэх оныг Боловсролын жил болгож зарлаж байгаа ч өнөөгийн нийгэмд боловсрол үнэлэгдэж чадаж байна уу гэдэг эргэлзээтэй” гэлээ.
Нийслэлийн 115 дугаар сургууль хичээллээгүй тул нам гүмхэн биднийг угтав. Багш ажилтнууд хоёр давхрын зааландаа бүгд цугларч, хуралдан эвлэлийн хороон даргаасаа мэдээлэл авч байлаа.

Тус сургуулийн бага ангийн багш, Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Алтанзул “Өнөөдрийн ажил хаялтад манай сургуулийн 92 багш, ажилтан 100 хувийн ирцтэйгээр нэгдэж байна. Яагаад гэвэл өнөөдрийн нэг сая 484 мянган төгрөгийн үндсэн цалин бол бидний хийж буй ажил, үүрч байгаа ачааллын талд ч хүрэхгүй байна. Түмний хүүхдийг сургасныхаа төлөө багш нар яагаад амжиргаагаа залгуулж ч чадахгүй цалинтай байгаа юм бэ. Би 17 дахь жилдээ багшилж байна. Үндсэн цалин дээрээ байж болох бүхий л нэмэгдлээ аваад байхад гар дээрээ 1.8 сая төгрөг хүрэхгүй цалин авч байна. Ийм цалингаар яаж би үр хүүхдээ тэжээж, шавь нарынхаа өмнө өөртөө итгэлтэйгээр нүүр бардам ажиллаж чадах юм бэ. Чин сэтгэлээсээ ажилдаа ханддаг ч авч байгаа цалин минь нийгмийн баталгаа болж чадахгүй байна. Тиймээс бид нар тэмцэхээс өөр аргагүй байдалд хүрч байна. Төр засаг маань ирээдүй болсон үр хүүхдүүдийн боловсрол, багш нарын цалин хөлсөд анхаараач, сурах орчноо сайжруулаач, сургуулиудаа бариачээ гэсэн шаардлага тавьж, тэмцэл хөдөлгөөнд нэгдлээ.
Засгаас үндсэн цалинг 20 хувиар нэмэхээр болсноо мэдэгдсэн. Нэг сая 484 мянган төгрөгийн 20 хувь нь 296 мянган төгрөг. Энэ нэмэгдсэн дүнгийн тал хувь нь буцаад татварт явчихна. Тэгэхээр бид нар бодитоор 100-150 мянган төгрөгийн нэмэгдэл авна. Энэ дүн бидний амьдралыг залгуулахад хүрэлцэхүйц дэмжлэг мөн үү? Ийм учраас л багш нар үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна шүү дээ. Үнэхээр улс орныхоо ирээдүйгээ бодож байгаа бол Монголд ажиллаж буй 40 мянган багшийн нийгмийн хангамжийг бодож байгаа бол 100-150 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэх нь өнөөгийн нийгэмд тохирч байна уу, үнийн өсөлттэй зохицож байна уу. Багш нар хүүхдүүдээ хүлээж аваагүй болохоос биш ажлын цагаа баримтлаад ажил хаялтаа зохион байгуулж байна. Эцэг эхчүүд маань ч биднийг дэмжиж байгаа. Багш нарын үндсэн цалин бол цалин биш гэдгийг Монгол даяараа дэмжиж байна” гэсэн юм.


