Цахим спортын "The MongolZ" багийн тамирчид Монголын цөлжилттэй бүс нутагт 100 мянган хайлаас мод тарих санаачилгыг өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргаж байсан. Тэд "Шамбала Инженеринг Кампус" компанитай хамтран Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг Ар цацын ус хэмээх газарт хайлаасан төгөл байгуулах юм. Тэгвэл саяхан тус багаас “Амлалтаа биелүүлэхээр зорьж байна, бэлтгэл ажил ид дундаа” гэсэн пост оруулжээ.


Энэ төслөөр "The MongolZ" багийн тамирчид төглийн хамгийн анхны мод эзэмшигчид болж байгаа юм.

Мод худалдан авснаар өөрийн нэрийн мод эзэмшигчийн гэрчилгээ болон жил бүрийн ургалтын тайлан, зураг хүлээн авах эрхтэй аж. Ингэснээр модныхоо арчилгаа, усалгаа, хяналт хамгаалалт, нөхөн тарилтыг таван жилийн турш мэргэжлийн хүмүүсээр хийлгэх болно.

Энэхүү "THE MONGOLZ #1” төглийг сансраас харж болох бөгөөд Зүүн Азийг хамраад байгаа түйрэн, цөлжилтийн эсрэг тэмцэлд хувь нэмрээ оруулах зорилготой ажээ.

"The MongolZ" багийн нэрээр тарих тарваган хайлаас (Ulmus pumila) мод говийн хуурай, хатуу ширүүн уур амьсгалд тэсвэртэй бөгөөд 8-12 метр хүртэл өндөр ургаж, 100-200 жил насалдаг байна.

Яг одоо “The MongolZ” баг Хятадад 11 дүгээр сарын 3-9-нд болох “IEM Chengdu 2025” тэмцээнд бэлтгэж байна.

