Биднийг тойрон хүрээлэх өндөр нам олон барилгууд, алхаж буй зам, амьдарч буй хот амьдралын хэмнэл, сэтгэл зүйд нөлөөлж байдаг ажээ. Хот судлаач Б.Ивээл 25 жилийн турш Берлин хотод ажиллаж, амьдарсан бөгөөд удаан хугацааны дараа Монголдоо ирээд анзаарсан, мэдэрсэн зүйлсээ, хот төлөвлөлт хүмүүсийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг тухай, өөрийн туршлагаасаа хуваалцсаныг уншигчдадаа хүргэж байна.
***
Би багаасаа л лего эвлүүлж, зураг зурах их дуртай хүүхэд байсан. Тиймдээ ч орон зайн мэдрэмж маань илүү хөгжсөн гэж боддог. Ахлах сургуульд байхад газар зүйн хичээл дээр мөрөөдлийнхөө хотыг төсөөлж, том цаасан дээр зурах даалгавар өгсөн юм. Зах, худалдааны төвөөс нь эхлээд нийтийн тээврийн шугам, онгоцны буудал, далайн эрэг, сургууль, цэцэрлэг гээд хотод байх ёстой бүхий л зүйлсийг төлөвлөн зурж, будаж хийж байлаа. Тэр хичээл дээрээ сайн дүн ч авсан. Ахлах сургуулиа төгсөхөөсөө өмнө ямар мэргэжлээр сурахаа баттай сайн шийдээгүй байсан ч хот гэдэг зүйл надад эртнээс сонирхолтой санагддаг байсан тул Постдамын их сургуулийн архитекторын ангид элсэж орсон. Их сургуульд ороод үзсэн анхны хичээлүүдийн дунд архитектур ба хот төлөвлөлт гэсэн нэртэй хичээл байсан. Архитектор мэргэжил юмсыг маш олон өнцгөөс нь харах чадварт суралцуулдаг. Интерьер дизайнаас эхлээд дэд бүтэц хүртэл бүх зүйлсийг нягт холбож судалдаг болохоор ч тэр юм уу. Мөн архитектор хүний хувьд зурж төлөвлөсөн зүйлээ бодитоор баригдаж, бүтээн байгуулалт болж буй үйл явцыг харах маш сайхан байдаг. Оюутан байхад бол барилгын гал тогоо, ариун цэврийн өрөө гэх мэт жижигхэн хэсгийг л зурж төлөвлөхөөс эхэлж байлаа. Ангиараа хичээлээ тараад барилгын газар дээр очоод, өөрсдийнхөө зурсан зүйлийг бодитоор баригдаж байгааг харах миний хувьд хамгийн дурсамжтай үеүдийн нэг байсан.

Хаана ч явж байсан эргэн тойрныхоо байшин барилгуудыг ажиглаж, анзаарах нь бараг л амьдралын нэг хэсэг болчихсон. Архитектураар суралцаж эхлэхээс ч өмнө дугуй унах, өөр хотууд руу аялах их дуртай байлаа. Эргэн тойрноо, намайг хүрээлж буй орон зайг олон талаас нь харж, илүү өргөн, нээлттэй байдлаар ажиглах маш таатай байдаг. Оюутан байхдаа хичээлийнхээ хажуугаар архитектурын компанид хагас цагаар ажиллахаас гадна амралтын өдрөөрөө аяллын хөтөч хийдэг байсан юм. Берлин хотын дурсгалт газруудаас эхлээд жижиг байшин, гудамж талбай бүрийг нь жуулчдад танилцуулдаг байлаа. Хэдий олон жил Берлинд амьдарсан ч аяллын хөтөч хийж байхдаа өмнө нь очиж байгаагүй, мэдэхгүй хэсгүүдтэй нь өөрөө танилцахын зэрэгцээ өөрийнхөө хоббигоороо мөнгө олж байгаа болохоор сэтгэлд их өег. Европын, Берлин хотын архитектурын түүх хэдэн зууныг хамардаг тул маш баялаг. XVIII-XIX зууны үед Герман хаант улс байсан тул тансаг, нарийн хийцлэлтэй томоохон бүтээн байгуулалтууд хийгдэж байсан бол XX зууны эхээр үүссэн минималист модернизмын хөдөлгөөний үед нэг стандарт бүхий даруухан хэр нь бат бэх барилгууд ч олон баригдсан. Орчин цагийн барилгуудыг ойлгохын тулд өнгөрсөн үеийг нь судалсан байх хэрэгтэй шүү дээ. Цаг үе өөрчлөгдөх тусам барилгын хэв загвар, хот ч дагаад өөрчлөгддөг тул тэр бүрийн ялгаа, онцлог чанар, үүсэл түүхийг хүмүүст мэдүүлж, өөрөө ч тэр бүрийг судалж мэдэж явна гэдэг хөтөч хийхийн хамгийн сайхан нь.

***
Гадаадад ажиллаж, амьдардаг монголчууд ихэвчлэн амралтаараа Монголдоо ирээд найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ уулзаад, хөдөө яваад, шүдээ янзлуулчихаад л яаруу сандруу буцдаг шүү дээ. Би хоёр жил тутам зундаа нэг Монголд ирээд, яг л жуулчин шиг байж байгаад л төд удалгүй буцдаг байсан. Харин энэ жил хэдэн сарын турш Монголдоо байгаа анхны тохиолдол болж байна. Германд архитектурын ном товхимол дагнан хэвлэдэг нэг компани байдаг юм. Тэдний гаргасан дэлхийн хотуудын архитектурын хөтөч цуврал ном дунд Улаанбаатарынх байхгүйг анзаарсан. Монголдоо би яаж бага ч гэсэн хувь нэмэр оруулж чадах вэ? Надад ямар авьяас чадвар байна вэ, түүнийгээ би хэрхэн хэрэгтэй зүйлд ашиглах вэ гэж эргэцүүлэхэд ийм ном заавал хэвлүүлэх ёстой юм байна гэсэн бодол зурсхийсэн. Энэ номыг уншсан хүмүүс Улаанбаатар хотоо илүү том зургаар хараасай, магадгүй ирээдүйд энэ чиглэлийн томоохон ном, боть бүтэх эхлэл болоосой гэсэн итгэл төрсөн. Ингээд номоо бичихээр шийдэж, ажлаасаа гараад, эх орондоо ирсэн. Ирэх бүрт том, жижиг гэлтгүй маш олон зүйлс өөрчлөгдсөнийг хардаг ч энэ удаад хотынхоо өнцөг булан бүрийг бүрэн дүүрэн мэдрэх боломж гарсанд их баяртай байгаа. Одоогоор 150 орчим барилга, байгууламжийн зургийг дарж, баригдсан он, архитектурын нэр, хаяг байршил, онцлог шинжийнх нь талаар судалж, цуглуулсан. Хотдоо олон жил ажиллаж амьдарсан хүмүүс ч тухайн хотоо сайн мэдэхгүй байх тохиолдол бий. Бидний нүдэнд тэр бүр өртөөд байдаггүй ч нуугдсан сувд шиг олон гоё барилга, хотын олон өөр өнгийг номоороо дамжуулж хүмүүст хүргэхээр хичээж байна.

Би таван нас хүртлээ Монголд амьдарсан. Бага насны минь он жилүүд Сансарын туннел орчимд өнгөрсөн юм. Тэр хавьд хөл хөдөлгөөн багатай, маш тайван. Одоо ч намайг бага байхад ямар байсан, тэр л янзаараа. 60 гаруй жилийн өмнө баригдаж байсан байрнууд өнөө хэр нь элэгдэж хуучраагүй, хуучны төрхөө хэвээр нь хадгалж үлдсэн шалтгаан нь зөв төлөвлөж бат бэх материал ашигласантай холбоотой болов уу. Тав, есөн давхар эдгээр байр Улаанбаатарын эрс тэс, хүйтэн цаг агаарт тэсвэртэй зузаан хана бүхий, маш чанартай тоосгоор баригдсан. Хоорондын тавиу зайтай, дундуураа мод, ургамал ихтэй, дэлгүүр хоршоо, үзвэр үйлчилгээний газар, спорт заал ч цөм тэнд бий. Сая ирээд анзаарахад тоосго нь ч өөрчлөгдөөгүй хэвээрээ байна лээ.

***
Монголд ирэхэд хамгийн түрүүнд шинэ мэдрэмж төрүүлсэн зүйл бол Чингис Хаан нисэх онгоцны буудал. Өмнө нь Буянт-Ухаа нисэх онгоцны буудал яг л Монголыг өөр улсуудтай холбодог том хаалга шиг санагддаг байлаа. Буянт-Ухаагаас хотын төв хүртэл явахад бараг л хоосон шахуу байдаг байсан бол өнөөдөр эсрэгээрээ болсон нь их шинэ, өөр мэдрэмж төрүүлсэн. Буянт-Ухаа бол яг л Монголыг илэрхийлэхүйц маш гоё шийдэлтэй бүтээн байгуулалт. Үндэсний онцлог, монгол хүний ур ухаан, уран нарийн хийц шингэсэн барилга гэж боддог. Үүнээс гадна Гэрлэх ёслолын ордон, Соёлын төв өргөө, 3,4-р хорооллын бүжгийн ордон гэх мэт маш гоё барилгууд бий. Энэ барилгуудыг сайн ажвал яг Монгол үндэсний хувцас, малгай зүүсгэл шиг харагддаг. Жишээлбэл, Гэрлэх ёслолын ордон яг л Монголчууд хуримлахдаа өмсдөг ёслолын дээл, ганган малгай шиг хийцтэй.

Хэрвээ монгол үндэсний хувцас барилга байсан гэж бодож үзвэл яг л дээр дурдсан барилгууд төсөөлөгдөнө. Нөгөө талаас монгол архитектурын нэгэн чамин шийдэл нь монгол хээ хуар байна. 40,50 мянгатын дөрвөн давхар байрнууд, Байгалийн түүхийн музейн булан ирмэгүүдийг анзаарвал үндэсний хээгээр хүрээлж чимэглэсэн байдаг шүү дээ. Энэ мэтчилэн хуучны олон том байгууламжуудаас үндэсний онцлогоо шигтгэсэн, гоё шийдлүүдийг анзаарч болно.
Харин хэдэн жилийн дараа Улаанбаатар хот Зүүн Азийн орнууд шиг харагддаг болчих вий гэдгээс жаахан санаа зовж байгаа. 2010-аад оноос өмнө Улаанбаатарт дээр дурдсан шиг монгол архитектурын ур хийц шингэсэн барилгууд байдаг байсан шүү дээ. Харин одоо яг л Бээжин, Сөүл гээд том хотуудад байдаг шиг гял цал, өндөр шилэн барилгуудаар зай завсаргүй дүүрчихсэн. Улаанбаатарыг илэрхийлэх барилга юу вэ гэвэл олон хүний санаанд Блю Скай эсвэл Шангри Ла орж мэднэ. Харахад их гоё, орчин үеийн шийдэлтэй мэт боловч зүгээр л өндөр шилэн барилгууд шүү дээ.

Орчин үеийн, шинэ өндөр барилгууд өдрөөс өдөрт нэмэгдэж, хот ч хөгжиж байгаа нь сайшаалтай ч үндэсний онцлогийг шингээсэн барилгууд цөөрч, монгол архитектурын шийдэл дутагдаж буй нь анзаарагдсан. Энэ нь нийслэл хотын бусад улс орноос ялгарах үнэт чанарыг бага багаар бүдгэрүүлж байгаа юм шиг. Орчин үеийн барилгуудыг эсэргүүцэж байгаа юм биш, бага ч гэсэн монгол үндэсний элемент, жижигхэн хээ хуарыг ч болов шигтгэвэл зүйтэй гэж боддог. Хийц, хэв маягаас гадна удаан хугацаанд оршин тогтнохуйц бат бөх, чанартай барилгууд барих нь маш чухал. Хүний бие эд эс, организмаас бүрддэг бол хот түүнтэй яг адил. Хэдий шинэ барилгууд баригдаж, орчин үеийн тохижилт хэв загварууд шингэж байгаа ч Европын зарим хотууд 12-р зууны үед ямар байсан, одоо ч тэр үеийн зарим зүйлс нь яг хэвээрээ. Үүний адил Улаанбаатар хот цаг хугацааны эрхээр, хүн ам нь өсөхийн хэрээр өргөжин тэлж, өөрчлөгдөх нь тодорхой ч өөрийн нандин онцлогийг хадгалж үлдээсэй гэж хүсдэг.
***
Өөрөө зураг дизайнаас нь эхлээд ширхэг хадаас, тоосго бүрийг нь сонгоод бүтээн байгуулалтын цөм нь болж ажилладаг тул архитекторыг маш романтик мэргэжил гэж хардаг байлаа. Харин сүүлийн жилүүдэд хот төлөвлөлт, антропологийн чиглэлд илүү татагдах болсон. Амьдарч буй нийгэм, цаг үе, ард иргэдийн онцлог бүрийг нарийн ойлгож байж хотыг ойлгоно, цаашлаад сайн төлөвлөлт хийнэ гэж боддог. Гэр бүлүүдэд зориулсан орон сууц уу, эмнэлэг, боловсролын байгууллагын байгууламж уу, хүүхдүүд, өндөр настнуудад зориулсан уу гэдгээсээ шалтгаалаад тэдэнд юу хэрэгтэй, тэд юу хүсэж байна гэдгийг нарийн, сайн судлах шаардлага үүсдэг.

Герман улс дэд бүтэц нь маш сайн хөгжсөн учраас иргэд нь “Ямар гоё зам бэ, яасан сайхан түгжрэлгүй юм бэ, ямар цэвэрхэн гудамж вэ” гэж баярлаж хүлээж авдаггүй юм шиг санагддаг. Бүх зүйл нь стандартын дагуу, сайн төлөвлөгөөний үндсэн дээр бий болж, хөгжсөн улсад амьдарч байгаа учраас жижиг сажиг асуудал гармагц шууд болохгүй байгаа зүйлийн эсрэг дуугарч, шүүмжилж эхлэдэг. Харин Монгол залуучууд ямар ч замбараагүй, хүндрэлтэй нөхцөл байдал, асуудал байсан түүнд дасан зохицоод сурчихсан юм шиг санагдсан. Бороо орсны дараа үер, ус явган хүний зам дээр тогтчихсон байвал харайгаад л гарчихна, зам засаж байна гээд шороо овоолоод тавьчихсан байвал тойроод л алхчихна. Байгаа орчиндоо дасан зохицох нь буруу зүйл биш ч ая тухтай, аюулгүй орчинд амьдрах эрхээ хамгаалж, зөв шаардлага тавьж байх нь чухал. Эргээд хотыг төлөвлөж байгаа хүмүүс нь ч хүнээ бодсон шийдэлтэй, зөв бүтээн байгуулалтуудыг хийх хэрэгтэй. Герман, Монгол хүмүүсийн амьдарч буй орчин асар их ялгаатайн дээр тэдний аливаад дасан зохицох чадвар, хандлага, амьдралын хэв маяг гээд бүгд тэс ондоо. Хот төлөвлөлт, дэд бүтэц, алхаж буй зам харгуй хүртэл хүний сэтгэл санаа, аливааг харах өнцөгт нөлөөлдөг гэдийг эндээс харж болно.
***
Миний аялсан, зочилсон хотууд дундаас Амстердам, Копенхаген хотын иргэд хамгийн аз жаргалтай амьдардаг юм шиг санагдсан. Яагаад гэвэл энэ хотууд мэдээж маш тогтвортой, хүчтэй эдийн засагтай, голцуу намхан байшинтай, явган хүний болон дугуйн зам, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж ихтэй. Хөдөлгөөний эрх чөлөө гэдэг зүйлийг иргэд нь бүрэн утгаараа мэдэрч болохуйц. Хүүхдүүд нь сургуульд орохоосоо ч өмнө дугуй унаад сурчихдаг болохоор дугуйн зам дээр таван настай хүүхдээс эхлээд тэтгэвэртээ гарсан хүмүүсийг ч харж болно. Нийтийн тээвэр нь маш сайн хөгжсөн тул хүн бүр нь хувьдаа машинтай байна гэхгүй. Заавал машинаар явах шаардлага ч өдөр тутамд нь гарахгүй. Яагаад гэвэл хүний хэрэгцээний бүхий л зүйл орон сууц, хорооллуудтай ойрхон байдаг. Цэцэрлэг сургууль, дэлгүүр, кафе ресторан, музей галлерей гээд бүх газар нь таван алхмын л зайтай шахуу ойрхон баригдсан. Хаанаас ямар машин гэнэт гараад ирэх бол гэж эмээх айдасгүй, хүссэн газар руугаа хэдхэн алхаад эсвэл дугуйгаар хэд жирийлгээд л хүрэх боломжтой тул энэ хоёр хотын амьдрал надад маш амгалан мэдрэмж төрүүлсэн.

90-ээд оны үед Улаанбаатар хотын амьдрал их тайван, хүмүүс хоорондын харилцаа ойр дотно байсан шалтгаануудын нэг нь тухайн үеийн хот төлөвлөлттэй холбоотой гэж боддог. Тэр үед одоогийнх шиг олон өндөр барилга байгаагүй шүү дээ. Ихдээ л дөрөв, таван давхар байрнууд байсан. Намхан ч гэсэн маш цэгцтэй эгнэн баригдсан цав цагаан, даруухан барилгууд. Байр, байшин хооронд хүмүүс тайван алхаж, салхилж болох саруул зайтай, мод, ногоон байгууламжтай, хүүхдүүд чөлөөтэй тоглож наадах талбай ч ихтэй байсан. Барилга хоорондын зай их тул нар, салхи үзэх нь ч их. Хүүхдүүд шатаар хэд харайж гэрээсээ гараад л байрныхаа найзуудтай тоглоомын талбайд тоглочихно. Хөршүүд нэгэнтэйгээ тааралдах нь элбэг болохоор илүү ойр дотно болно гэх мэт олон давуу тал бий. Таван давхарын цонхноос харахад орчин тойрноо ч илүү ойроос харна, гудамжаар, байрны гадаа явж байгаа хүмүүсийн царайг ч харж, таньж болно. Багадаа гадаа тоглож байхад ээж маань цонхоо онгойлгоод л “Миний хүү хоолоо идээрэй” гэж дууддаг байсан. Энэ мэтчилэн хүн хоорондын холбоог илүү нягт болгох олон давуу талтай. Харин 20 давхар байшинд ажиллаж, амьдарч байгаа хүмүүс хөршүүдээ таних, дотносох магадлал дээрхтэй харьцуулахад маш бага. Өдөрт ихдээ л хоёр гурван удаа лифтээр өгсөж буугаад өрөө тасалгаандаа ихэнх цагаа өнгөрүүлж байгаа хүмүүст хэдэн арван хөрштэйгээ танилцах, таван үг солих бүү хэл ойр орчмоо анзаарах боломж ч цөөн олдоно. Аз жаргалтай амьдралд хүн хоорондын харилцаа холбоо чухал, харин үүнд барилга байшингийн төлөвлөлт маш нөлөөтэй.

Ямар ч насны хүн бай сониуч зангаа битгий гээгээрэй. Дэлхий ертөнц маш хурдан хувьсаж, өөрчлөгдөж байгаагийн хэрээр бидэнд ч бас харах, мэдэх, үзэх зүйлс бий болсоор л. Хот бол зөвхөн байшин барилга, зам харгуйн нэгдэл бус хүмүүсийн амьдралын эрчмээр цохилж байдаг зүрх шиг орон зай. Өдөр бүр өөр өнгө, хэмнэлтэйгээр амьсгалж байдаг энэ орон зайд уусан шингэхийн тулд бид тасралтгүй суралцаж, эргэн тойрноо анзаарч, сонирхож байх хэрэгтэй юм шүү.
