UBLife Logo
Humans of UB
Humans of UB | Ж.Баасансүрэн: Өөрийгөө хайрладаг эмэгтэй бол хамгийн эрхэмсэг бүсгүй

Humans of UB | Ж.Баасансүрэн: Өөрийгөө хайрладаг эмэгтэй бол хамгийн эрхэмсэг бүсгүй

Ажлын гараа нь анх эхэлсэн, нярайн дуу цангинах эх барих өрөөнөөс түүний амьдралын замнал үргэлжлэх болно. 

“Эрхэмсэг бүсгүй” эмэгтэйчүүдийн эмнэлгийг үүсгэн байгуулагч Ж.Баасансүрэн эмчийг бид Humans of UB буландаа онцоллоо. Түүнтэй уулзан суух цаг хугацаа хязгаартай ч ажил амьдралын түүх яндашгүй байлаа. Эмэгтэй хүн үрээ тээх, эх үр учрах нь нэгэн айлын чухал мөч боловч эмэгтэйчүүдийн эмчийн хувьд энэ нь нөхөн үржихүйн болоод сэтгэл зүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлт зэрэг нь олон жилийн турш арвижуулж байдаг судалгаа шинжилгээ болон туршлага хөгжүүлэлтийн мэргэжлийн асуудлууд, анагаах ухааны чухал олон сэдэв ажээ.  

***

Арван жилийн сурагч бүрийн мэддэг дурсгалын дэвтэр гэж бий дээ. Эмч болох чин хүсэлтэй сурагч охин ангийнхантайгаа солилцож бичдэг дурсгалын дэвтэр бүрт “Би ажлаа сайн хийдэг мундаг эмч болно” гэж бичдэг байжээ. “Ээж маань бага эмчийн мэргэжилтэй тул багаасаа л ээжийнхээ хэрхэн ажилладгийг нутаг орныхондоо хүндлэгдэж байгаагаас нь, хүмүүстэй харилцаж байхдаа хянуур нямбай хандаж байгаагаас нь, мэргэжилдээ хэчнээн их шимтэн дурлаж  буйг нь харж өссөн. Тэгээд л  ухаан орсон цагаасаа эмчийн мэргэжилд татагдсан. Хими, биологийн хичээлдээ ч дуртай, ер нь эмч болно гээд шулуудчихсан байсан учраас мэргэжлээ ямар ч эргэлзээгүйгээр сонгосон. Химийн багшаасаа зүүгдчихсэн аятай л давтлага авч, конкурсдээ шамдан бэлдээд АШУҮИС-д элсэн орж байлаа. Ерөнхий мэргэжлийн эмчээр зургаан жил суралцах хугацаандаа эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн чиглэлээр ажиллах хүсэлтэй гэдгээ ойлгосон” гэж Ж.Баасансүрэн эмч дурсаж байна. 

Мөнөөх дурсгалын дэвтэрт найз нартаа бичиж үлдээсэн өгүүлбэр амилах цаг иржээ. Их сургуулиа дүүргээд Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгийн яаралтай тусламжийн тасгаас ажлын гараа нь эхлэв. Сургууль төгсгөчдийн хувьд бүгдэд шахам тохиолддог ажлын эхний өдрүүд ямар шинэ, тэр хэрээр учраа мэдэхгүй царайтай өнгөрдөг билээ дээ. “Шинэхэн эмч надад хүний амь насыг хариуцах, эмнэлгийн чанд дүрэм журам зэрэг зүйлсийг ээжээсээ ч харж, их сургуулийн он жилүүдэд бишгүй уншиж сонссон ч шууд хүн үзэж гардан эмчлэхээс багахан сүрдсэн ч юм уу, хоёр жил лабораторийн эмчийн резидентэд суралцангаа ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд би ээж болсон юм. Үр хүүхэд тээж, төрүүлсэн минь надад цаашид хэрхэх талаар эргэцүүлэх, эмчийн мэргэшлээ сонгох, тэр дундаа эмэгтэйчүүдийн эмчийн ажлыг сонирхох боломж байлаа. Декритний хугацаа дуусахад би дахин резидент эмчээр суралцаж эхэлсэн юм. Ингэхдээ эмэгтэйчүүдийн эмчийн резидентэд суралцсан билээ. ЭХЭМҮТ-д ажиллах завшаан тохиосон нь амьдралын маань хамгийн зөв зам гэж би талархан боддог. Жирэмсэн эхчүүдийг эсэн мэнд амаржуулна, шинэ хүн тосож авна, хорвоод бүл нэмсэн сайхан мэдээг гэрийнхэнд  нь дуулгана гэдэг үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан мэдрэмж.

Би өөрөө ч ганц насны зөрүүтэй хоёр жаахан хүүхдийн ээж боловч залуу эмч явлаа. Хоёр хүүхдээ гэрийнхнээрээ харуулаад, долоо хоногт таваас зургаан удаа шөнийн ээлжтэй, ачаалал дааж ажиллах залуу ээж, бас шинэхэн мэргэжилтний цаг хугацаа надад давхардсан цаг үе минь юм. Амьдрал зохиогоод удаагүй байсан учир санхүүгийн шаардлагууд ч бишгүй гарах тул ажлын бус цагаараа, амралтын өдрүүдээр хувийн эмнэлэгт ажиллаж эхэлсэн. Хувийн эмнэлэгт ажиллаж байх үед өсвөр насны хүүхэд нь жирэмсэн болсон гээд хандах ээжүүд элбэг. “Үр хүүхдийнхээ төлөө гээд л өглөө гараад орой ирдэг, хаана юу хийж явааг нь анхаарах завгүй явж байтал энэ хүүхэд жирэмсэн болчихсон байна” гэж олон ээжээс сонссон. 13 настай охин цахимаар балмад этгээдтэй танилцаад, бэлгийн хүчирхийллийн золиос болж, хүсээгүй жирэмслэлт гэх айхтар зүйлтэй тулгарсан тохиолдол бий. Танилцсан этгээд нь 12-15 насны маш олон охидтой харилцаж байсан нь цагдаад баригдсан байгаа юм. Охины ээж өглөө гараад л орой ирдэг цаг наргүй ажилтай тул охинтойгоо барагтаа цагийг хамт өнгөрүүлдэггүй, цагдаагаас холбогдоход л охинд нь юу тохиолдсоныг мэдэж..

Тухайн үед миний ажиллаж байсан хувийн эмнэлэгт ээж охин хоёр хандаж үйлчлүүлсэн юм. Тэр ээж бид хоёр яг л адилхан улс байсан л даа. Би эмч л болохоос ажил төрөл гэсээр бага насны хоёр хүүхдээ хайхрахгүй орхичихсон. Хүүхдүүд маань өсвөр насанд хүрэх үед ээж нь анхаараагүй, цаг гаргаагүйгээс ганцаардсан, хохирсон байх вий гэж эмээсэн. Хүүхдүүдтэйгээ хамт байх, хайртай ажлаа орхихгүй байх гэсэн чухал замуудыг хувийн эмнэлэг байгуулах шийдвэр нэгтгэх байлаа. Тэгээд л шулуудан эмнэлгээ байуулсан юм. Эмнэлгээ нээгээд удаагүй байхдаа улсын эмнэлэгт цаг нартай уралдаж, амсхийх сөхөөгүй ажилладаг байснаа үгүйлж хямрах үе бишгүй тохиолдсон. Одоо бодоход, тэр үеийг номын хүчээр давсан байх аа. Өөрийнхөө мэргэжлийн номуудаас эхлээд хүүхдийн сэтгэл зүй гэхчлэн эрүүл мэндийн чиглэлийн болон уран зохиолын номууд ч уншсан. Зөвхөн өөрөө уншихгүй, орой ажлаа тарж ирээд хүүхдүүддээ уншиж өгнө. Одоо манай гэрт орой бүр хүүхдүүддээ ном уншиж өгсөн арав гаруй жилийн түүх миний сайн ээж байх амьдралын маань нэг хэсэг болсон гэхэд хилсдэхгүй.

***

Үр хүүхэд төрүүлж, ээж болно гэдэг эмэгтэй хүний л бүтээж чадах гайхамшиг шүү дээ. Эмэгтэй хүн өөрийгөө хайрлаж, үнэ цэнээ ухамсарладаг байж гэмээн ээж болсныхоо дараа гэр бүлийн сайн сайхан байдал, үр хүүхдийнхээ хүмүүжилд хамгийн чухал байр суурийг эзлэх учиртай. Энэ ч утгаараа нэг номерт эмэгтэй хүн өөрийгөө тавих нь зүйтэй. Өөрийгөө хайрлана гэдэг нь өөрийнхөө хийхийг хүсч буй зүйл, өөрийгөө хэн бэ гэдгийг таньж мэдэхээс эхэлнэ. Дараа нь нөхөртөө, гэр бүлдээ, үр хүүхдэдээ үнэ цэнийг бүтээж өгч чадна гэж боддог учраас эмнэлэгээ “Эрхэмсэг бүсгүй” гэж нэрлэсэн. Бид зөвхөн шинжилгээ аваад, эход хараад өнгөрөх биш, үйлчлүүлэгчтэйгээ энгийн асуулт, харилцан яриагаар чин сэтгэлийн холбоо үүсгэхийг зорьж ажилладаг. “Ойрд сэтгэл санаа нь ямаршуу байна, юу мэдэрч байна, биед нь ямар өөрчлөлтүүд ажиглагдаж байна”  гэхчлэн үзлэгийнхээ явцад асууж ярилцсанаар үйлчлүүлэгчид маань өөрийнхөө бие болоод сэтгэл зүйд тохиолдож, тулгамдаж буй асуултаа нээлттэй ярьж, өөрийгөө илэрхийлэх боломжтой болдог. Үзлэг, оношилгоог чанартай хийж байж оновчтой эмчилгээ санал болгодог.  Үйлчлүүлэгчтэйгээ сайн ярилцаж, тогтмол үзлэгт хамрагдаж заншихын ач холбогдлыг зөвөөр ойлгуулахыг их хичээдэг. “Энэ шинжилгээг өгөх ёстой, энэ эмчилгээг хийхгүй л бол өнгөрлөө шүү” гэж шууд тулгаж хүчлэхээс илүүтэй “Хэрвээ та энэ шинжилгээг өгвөл ийм зүйлсийг оношилно, тохирсон эмчилгээгээ хийлгэвэл цаг хугацаа, мөнгөө хэмнэнэ, болзошгүй эрсдлүүдээс сэргийлнэ” гэж тайлбарлах нь зөв санагддаг. 

Анх улсын эмнэлэгт ажиллаж байхад хүмүүсийн өмнөөс мөнгө санхүүд нь санаа зовдог байсан. “Энэ хүн энэ шинжилгээг өгөхөөр их мөнгө зарцуулна даа, ямар хариу гарах нь ойлгомжтой байхад” гэж бодоод зарим тохиолдолд үйлчлүүлэгчийнхээ мөнгийг нь хэмнэх гээд шаардлагатай эмчилгээг нь зөвлөх үеүд ч байлаа. Гэвч эмэгтэй хүний нөхөн үржихүйн эрүүл мэнд гэдэг юу юунаас чухал зүйл учраас шаардлагатай эмчилгээ, оношилгоог хийлгэж дадах нь чухал гэдгийг удалгүй ойлгосон. Эм тан, эмчилгээ үнэтэй санагдаж болох ч оновчтой эмчилгээ хийлгэснээр эрүүл болоход маш бага хугацаа ордог. Тэр үеэс эхлэн үйлчлүүлэгчдэдээ зөв чиглэл, зөвлөгөө өгөөд шийдвэрээ өөрөө гаргах орон зайг нь тавьж өгөх зарчмаар ажиллаж байна. 

Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд гэдэг нь өсвөр насны охид болон залуу бүсгүйчүүдийн эрүүл мэнд, амьдралын хэв маягийн асуудалтай салшгүй холбоотой. Үтрээний үрэвсэл, өвчлөлөө удаан хугацаагаар эмчлээгүйгээс жирэмслэх боломжгүй болсон олон тохиолдлыг харсан тул үүнд маш эмзэглэдэг. Хамгийн түгээмэл тохиолдлуудын нэг бол бие засахад хорсох, янз бүрийн зовуурь илрэхэд эмэгтэйчүүд “цистит хөдөлчихлөө” гээд эмийн сангаас нэг удаагийн циститний эм аваад уучихдаг. Бэлгийн замын халдвар байсан уу, давсагны үрэвсэл, цаашлаад өндгөвчний асуудал байсан уу гэдгээ ялгаж оношлуулаагүй байж дур мэдэж эмчилгээ хийснээр өвчнөө хүндрүүлэх, даамжруулах эрсдэлтэй. Эмэгтэйчүүдийн эмнэлэгт ямар нэгэн өвчний шинж тэмдэг илэрсэн үед, сарын тэмдэг алдагдсан, жирэмсэлсэн үед л хандах бус, энгийн үед ч ирээд зөвлөгөө үзлэгт хамрагдаж дадах хэрэгтэй. Хамгийн хэцүү нь боловсрол эзэмшээд, мэргэжлээрээ амжилттай ажиллаж карьераа өсгөж яваа бүсгүйчүүд гэр бүл зохиогоод, за одоо л үр хүүхэдтэй болъё гэхэд жирэмслэх боломжгүй болсон байх нь сэтгэл зүй, цаг хугацаа, санхүү мөнгөнөөс авахуулаад маш хүнд байдалд оруулдаг. Үүний цаана өндгөвчний нөөц багасах, сэтгэл зүйн асуудлаас үүдэлтэй дааврын өөрчлөлтүүд, үрийн суваг гэмтсэн байх гэх мэтчилэн харилцан адилгүй олон шалтгаан бий. Гэсэн ч фэйсбүүк группууд дээрх мэдээллээс үргүйдэл гэдэг зохиомол айдастай болж болохгүй. Нэг үеэ бодвол Монголд эмэгтэйчүүдийн үзлэг оношилгооны олон сайн эмнэлэг бий болсон. Дээр нь гуравдугаар шатлалын буюу нарийн мэргэжлийн төрөх эмнэлгүүд ч бий. Тиймээс хугацаа алдалгүй, айдас, санаа зовнилгүйгээр эмнэлэгт хандаж, өөртөө тохирсон эмчилгээ үзлэгийг хийлгэж дадсанаар эмэгтэй хүн бүр жирэмслэх боломжтой. 

***

Эмэгтэйчүүдийн эмч бол маш сонирхолтой мэргэжил, бас хариуцлагатай ажил. Анх найз залуутай болж байгаа 18-19 насны залуу охид, хүүхэдтэй болохоор зэхэж буй бүсгүйчүүд, жирэмсний хяналтдаа орж буй эмэгтэйчүүд, шинэхэн ээжүүдээс эхлээд цэвэршилтийн насны бүсгүйчүүд гээд эмэгтэй хүний амьдралын чухал мөчүүдийг хуваалцдаг болохоор ажилдаа маш их хайртай. Жаахан охин байхаас эмэгтэй хүн болж шилжиж буй үеэсээ эхлэн өөрийнхөө бие махбод, сэтгэл санааны байдлаа анзаарч байх хэрэгтэй. 10-19 насанд өсөлтийн даавруудын ялгарлаар хөх ургах, дуу хоолойн өнгө өөрчлөгдөх, сарын тэмдэг ирэх, сэтгэл санаа тогтворгүй болох гэх мэт бэлгийн бойжилтын хоёрдогч шинжүүд илэрдэг. Энэ үед ээжүүд хүүхэдтэйгээ илэн далангүй ярилцах нь чухал. Ярилцаагүйгээс болж хүүхэд цахим сүлжээнээс, найз нөхдөөсөө буруу зөрүү мэдээлэл авах эрсдэлтэй болж байна. Ээжүүд нөхөн үржихүй, бэлгийн боловсролын талаар мэдлэг мэдээлэлтэй байснаар хүүхдээ үүсч болзошгүй эрсдлээс хамгаалж, хүүхэд ч өөрийнхөө биед анхаарал тавих үндэс суурь нь тавигдана. 

Монголчууд эртнээс л эмч, багшийг хүндэтгэж, итгэл хүлээлгэж ирсэн ард түмэн шүү дээ. Тиймээс тэр итгэлийг алдахгүйн тулд нууцыг нь хамгаалж, үр дүнтэй эмчилгээ үйлчилгээ үзүүлэхийг зорьдог. Хамгийн чухал нь эмэгтэйчүүдийн сэтгэл ханамж. Улсын төрөх эмнэлгийн эмч нар өдөр бүр мэс ажилбар, олон цагийн хүнд хагалгаануудыг хийж маш ачаалалтай ажилладаг учир үнэхээр хүсэвч заримдаа зөвлөгөө асууж ирсэн хүмүүст дэлгэрэнгүй зөвлөгөө өгч чадахгүй байх тохиолдол гардаг. Миний хувьд энэ бэрхшээлийг мэдэх учир ажлын байранд өнгөрүүлэх өдрийн найман цагаа манай эмнэлгийг зорьж ирсэн бүх эмэгтэйчүүдэд бүрэн дүүрэн зориулахыг эрмэлздэг. Оношилгоогоо сайн хийе, үзлэгээ чанартай үзүүлье, үйлчлүүлэгч маань хүсвэл илэн далангүй ярилцаж, сэтгэл зүйн асуудал байвал дэм болохоор ажилладаг. Үйлчлүүлэгчдийнхээ итгэж болох эмч, үр хүүхдүүдийнхээ сайн ээж байх л миний төдийгөөс өдий хүртэл баримталж ирсэн, баримталсаар ч байх зарчим. Эмэгтэй хүн бүрийн дотор эрхэмсэг бүсгүй, сайн ээж, халамжит эхнэрийн дүр эгнэн оршдог юм шүү. 

  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
0
4
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Жаргал \52.77.231.9
Манай Баска мундаг Эмч шүү
Жаргал \52.77.231.9
Манай Баска мундаг Эмч шүү
Жаргал \18.142.49.162
Манай Баска мундаг Эмч шүү
Жаргал \18.142.161.51
Манай Баска мундаг Эмч шүү
Жаргал \18.140.60.23
Манай Басра мундаг Эмч шүү
Жаргал \18.140.60.23
Манай Басра мундаг Эмч шүү
Tserendorj Otgontuul\13.212.68.142
Tserendorj Otgontuul\13.212.68.142
ЗОЧИН\18.138.232.65
ЗОЧИН\18.138.232.65
Хандаа\18.138.232.65
Үнэхээр талархаж явдаг эмч дээ.
ЗОЧИН\18.138.232.65
Зөв чиг шугам, хандлагаар ажлаа дурлаж хийдэг оюунлаг дүүдээ сайхан ярилцлага өгсөнд баяр хүргэж, ажил, амьдралд нь амжилт, сайн сайхныг хүсье
ЗОЧИН\18.138.232.65
Мундаг 🥰
ЗОЧИН\13.214.143.201
Мундаг 🥰
ЗОЧИН\13.214.143.201
Humans of UB | Г.Төгөлдөр-Эрдэнэ: Үзэсгэлэн гоог гагцхүү дуу хөгжим л мэдрүүлдэг

Humans of UB | Г.Төгөлдөр-Эрдэнэ: Үзэсгэлэн гоог гагцхүү дуу хөгжим л мэдрүүлдэг

Хүний амьдралыг зургийн дэвтэр гэж үзвэл дуу хөгжим түүнд өнгө будаг нэмж, орчлон ертөнцөд оршин буйгаа мэдрэх олон мэдрэмжүүдийг хөглөж байдаг. Биднийг тойрон хүрээлж буй юмс үзэгдлийг бид харилцан адилгүй хүртэж ойлгодог шиг Г.Төгөлдөр-Эрдэнийн хувьд үзэсгэлэн гоо гэдэг харахад бус сонсоход мэдрэгддэг зүйл ажээ.

Humans of UB | Б.Ивээл: Цохилж буй хотын гүн рүү

Humans of UB | Б.Ивээл: Цохилж буй хотын гүн рүү

Биднийг тойрон хүрээлэх өндөр нам олон барилгууд, алхаж буй зам, амьдарч буй хот амьдралын хэмнэл, сэтгэл зүйд нөлөөлж байдаг ажээ. Хот судлаач Б.Ивээл 25 жилийн турш Берлин хотод ажиллаж, амьдарсан бөгөөд удаан хугацааны дараа Монголдоо ирээд анзаарсан, мэдэрсэн зүйлсээ, хот төлөвлөлт хүмүүсийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг тухай, өөрийн туршлагаасаа хуваалцсаныг уншигчдадаа хүргэж байна.