UBLife Logo
Улс төр

Энэ өдөр түүхэнд: Монгол Улс Хаант Оростой гэрээ байгуулав

Энэ өдөр түүхэнд: Монгол Улс Хаант Оростой гэрээ байгуулав

Хаант Орос улсын Бүрэн эрхт элчин сайд И.Я.Коростовец 1912 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Нийслэл хүрээнд гэрээ байгуулахаар иржээ. Тус гэрээний төслийг урьдчилан бэлдсэн байжээ. И.Я.Коростовец Богд хааны Засгийн газрын тэргүүн Сайн ноён хан Намнансүрэн, Дотоод явдлын яамны тэргүүн сайд Да лам Цэрэнчимэд, Гадаад хэргийг эрхлэн шийтгэх яамны тэргүүн сайд Чин ван Ханддорж, Сангийн явдлын яамны тэргүүн сайд Түшээт ван Чагдаржав, Цэргийн явдлын яамны тэргүүн сайд Жүн ван Гомбосүрэн, Шүүх явдлын яамны тэргүүн сайд жүн ван Намсрай нартай хэлэлцээр хийсэн. Хэлэлцээрт хоёр тал өөрсдийн байр суурийг хамгаалж, нэг сар гаруй маргалдсаны эцэст 11 дүгээр сарын 3-нд уг гэрээг байгуулсан.

Гэрээ нь оршил 4 зүйлээс гадна, хавсарган тогтоосон 17 зүйлээс бүрдсэн. Хаант Оросын тал Монгол улсын өөртөө эзэрхэг ёс [автономит]-ыг хүлээн зөвшөөрч, Монголын нутагт хятад цэрэг оруулах байх, монголчууд өөрсдөө цэрэг байгуулахад туслахаар болсон. Харин Оросын худалдаачид Монголын нутагт чөлөөтэй худалдаа хийх эрхтэй болж, монголчууд өөр гадаад улстай гэрээ байгуулахад урьдаар заавал Хаант Орос улстай хэлэлцэж байхаар тогтоожээ.

Монгол-Оросын 1912 оны гэрээний дараа 1914 онд Орос-Монголын хоорондын нууцаар байгуулсан дөрвөн зүйлийн гэрээг (мөнгө зээлүүлэх, буу зэвсгийн, төмөр зам байгуулах, цахилгаан мэдээ байгуулах) Хаант Оросын консул Миллер, Дотоод яамны тэргүүн сайд Дашзэвэг, Сангийн яамны тэргүүн сайд Чин ван Чагдаржав, Гадаад яамны дэд сайд гүн Цэрэндорж нар хэлэлцэн тогтоосон.  1915 оны Хиагтын гурван улсын гэрээ нь Монгол-Оросын 1912 оны гэрээг үндэс болсон.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.