Энэ сарын 1-нээс эхлэн гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифын хугацааг гурван цагаар сунгаж, оройн 21:00 цагаас өглөөний 09:00 цаг хүртэл хөнгөлөлттэй тооцохоор боллоо. Урьд нь энэ хөнгөлөлт нь жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл, оройн 21:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл хэрэглэсэн цахилгаанд хамаарч байсан юм.
Хөнгөлөлтөд нийслэл, аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сум, гэр хорооллын айл өрхүүд хамрагдах боломжтой. Хөнгөлөлтөд хамрагдхын тулд цахилгааны үлдэгдэл төлбөргүй байх, зөвхөн ахуйн хэрэгцээ, гэр сууц халаах зориулалтаар ашиглах, цагийн ялгаварт тариф тоолууртай байх зэрэг шаардлагыг хангасан байх ёстой. Хэрэглэгчийн төлбөрийг тооцохдоо тоолуурын заалтыг үндэслэн өдөр, орой, шөнийн хэрэглээ тус бүрийн нийт хэрэглээнд эзлэх хувийг тодорхойлж, 150 кВт.ц хүртэл, 151–300 кВт.ц, 300 кВт.ц-аас дээш гэсэн гурван шатлалт тарифаар үржүүлж, нийлбэр дүнг гаргадаг. Ийнхүү шөнийн тарифыг үр ашигтай ашигласнаар цахилгааны хэрэглээг зохицуулж, эрчим хүчний зардлаа багасгах боломжтой.
Бэлтгэсэн: Б.Ариунзаяа
