Оюутнуудын авьяас чадварыг хөгжүүлэх, чадварлаг сэтгүүлчдийг бэлтгэх, дэмжих зорилготой шилдэг бүтээл шалгаруулах “Алтан үзэг” улсын наадмын шилдгүүдийг жил бүрийн 12-р сард тодруулдаг билээ. Хүмүүнлэгийн Ухааны Их сургууль, МУБИС, МУИС-ийн Сэтгүүлзүйн тэнхим хамтран зохион байгуулдаг тус наадам энэ жил 15 дахь удаагаа болох гэж байна.
“Алтан үзэг” наадамд оюутнууд нийтлэл, теле нэвтрүүлэг, радио нэвтрүүлэг, мултьмедиа нийтлэл, нийгмийн реклам гэсэн таван төрөлд өөрсдийн бүтээлээрээ оролцох боломжтой байдаг. Өнгөрсөн жилийн нийтлэлийн төрөлд шилдэгт багтсан 10 бүтээлийг цувралаар хүргэж байна. МУИС-ийн оюутан Э.Энхжаргалын “Эрчим хүч эрүүлжих үү?“ нийтлэлийг хүргэж байна.
Монгол Улс дүн өвлийн турш тог, дулааны хязгаарлалт удаа дараа хийж байж, амьтай голтой хавартай золгодог тогтолцоотой орон. Идэр есийн хүйтэн хаяанд ирсэнтэй холбогдуулаад, эрчим хүчний реформ хийнэ, эрчим хүчээ либералчилна гэж амтай бүхэн ярих болов. Яг ямар арга хэмжээ аваад, эрчим хүчний салбарыг яаж өөрчлөх гээд байгаа нь олон нийтэд лав ойлгомжгүй, хаа хаанаа тодорхойгүй, залууст бол бүр “сонирхолгүй” санагдана. Одоогийн байдлаар эрчим хүчний үнэ тарифыг өртөгт хүргэх гэж “хэдхэн” төгрөгөөр нэмсэн байна. Хэдхэн гэж хэлж байгаагийн учир юу гэвэл хэдхэнээс ч илүү нэмэх ёстой тухай, хэдхэнээр л нэмсэн байхад эсэргүүцээд байгаагийн тухай бичих болсонд оршино. Ер нь эрчим хүчний үнэ тарифыг нэмнэ гэдэг тэгэхээр реформ, либералчлал нь мөн юм болов уу, үнэ тарифаа нэмчихсэн юм чинь энэ жил тог таслахгүй өвлийг давчих юм болов уу?
ТАРИФ ТОГТООГЧИД ГЭЖ БАЙДАГ УУ?
Үнэ тарифын зохицуулалттай эрчим хүчний реформ гэдэг үг холбогдож яригдаад байгаа болохоор хэзээнээс олон улсад энэ нэр томьёо хэрэглэгдэх болсныг хайж үзлээ. 1980-аад оноос Их Британи улсад зургаан шинэчлэл бүхий стандарт загвар тодорхойлон гаргаж, эрчим хүчний салбартаа үе шаттайгаар хэрэгжүүлсэн үеэс эрчим хүчний реформ, эрчим хүчний либералчлал гэх нэршил олон улсад ихээр хэрэглэгдэх болсон байна. Эрчим хүчний зэх зээлийн бүтэц, үүрэг, зохицуулалтыг монополийн хяналтаас гаргаж, өрсөлдөөнт системд шилжүүлэх энэ үйл явцын нэгээхэн хэсэг бидний шуураад байгаа үнэ тариф аж. Эрчим хүчний үнэ тариф ямар байх вэ гэдэг нь тухайн орны байгалийн нөөц баялаг, эрчим хүчний салбарт баримталж буй засгийн газрын бодлого, эдийн засаг, геополитикийн нөхцөл байдал гээд олон хүчин зүйлээс хамаардаг юм байна. Энэ салбарт тэргүүлэгч улс орнуудыг судалж үзэхэд нийтлэг ажиглагдсан нь төр үнийг хүчээр тогтоодоггүй, харин зах зээлийн өрсөлдөөний зарчмаар эрчим хүчний үнэ “өөрөө хямдарч” хэрэглэгчийн гарт очдог юм байна. Тэгэхээр тариф гэдэг зүйл зөв системийг нь бүрдүүлэхэд өөрөө тогтворждогоос хэн нэгэн очоод яг тэд дээр байна гээд заачихдаг, бариад суучихдаг ч эд биш байх нь ээ.
МАНАЙ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНЭ ТАРИФ МАШ ХЯМД…
ЭХЗХ-оос гаргасан ДНБ-ээр ижил төстэй 23 орны цахилгааны дундаж үнийг харьцуулсан судалгаагаар Азербейжан, Алжир, Египет, Ирак, Ангол улсууд манайхаас доогуур үзүүлэлттэй, бусад нь өндөр байна. Манайхаас хямд байгаа эдгээр орон бол байгалийн хий, газрын тосны асар их нөөцтэй, эрчим хүчний салбар нь хангалттай ашигтай ажиллаж чаддаг учир хэрэглээний үнэ тариф хямд байгаа. Угтаа хэрэглэгчид очих дулаан, эрчим хүчний үнэ хямд байх тусам маш сайн үзүүлэлт байдаг ч манай орны хувьд эсрэгээрээ болчихсон нь гайхалтай. Монгол Улс 2019 оноос хойш 1 кВт.ц цахилгааныг дунджаар 256 төгрөгөөр үйлдвэрлэж, 216 төгрөгөөр хэрэглэгчийн гарт хүргэж, нэг кВт.ц цахилгаан үйлдвэрлэл тутамд 40 төгрөгийн алдагдалтай ажиллаж ирсэн. 2019 оноос өмнө бүр ч ашиггүй байсан гэсэн үг. Эрчим хүчний реформ гэж яриад лав хорин жил алдагдалтай ажилласны эцэст сая үнэ тарифаа нэмсэн нь энэ шилжилтийн анхны алхам боллоо. Угтаа 2005 оноос хойш ЭХЗХ хоёр жилд нэг, нийт 11 удаа үнэ тарифыг нэмж ирсэн ч одоо л бодит өртөгт хүртэл нэмж, 1 кВт.ц цахилгааны үнийг 280 төгрөг болгоод байна. Тийм хэцүү байдлыг эрчим хүчний салбар аргацааж ирээд, иймхэнээр нэмж байхад бид өөр хоорондоо хэмлэлдсээр. Хэдий хэмлэлдсээр байгаа ч Монгол Улсын айл өрх ОХУ-аас 65 хувь, БНХАУ-аас 89 хувиар, аж ахуйн нэгжүүд ОХУ-аас 32 хувь, БНХАУ-аас 23 хувиар тус тус хямд үнээр эрчим хүчийг хэрэглэсээр л байна. Уг нь бид чинь дотоодын хэрэглээгээ бүрэн даагаад өвөлжчих ч чадалгүй, хоёр хөршөөсөө гуйлгачилж суудаг орон. Тэгтэл тэр өндөр үнээр оруулж ирсэн дулаан, эрчим хүчээ дотооддоо хямдруулаад зогсохгүй үйлдвэрлэсэн эрчим хүчнийхээ зардлыг нөхөж чадахгүй түгээж, цацсаар ирж. Ингээд л товчхондоо мөнгө нь байлаа ч цахилгаан, дулаанаа авч чадахгүй болох сүйрлийн ирмэгт эрчим хүчний салбар маань тулж иржээ. Нэг талдаа төр засаг олон жил үнийг барьж ирсэнээс, ЭХЗХ хараат бусаар шийдвэр гаргаж байгаагүйгээс дэлхийн хаана ч байхгүй энэ системийн гажуудал үүсчээ. Нөгөөтэйгүүр хөнгөлнө, чөлөөлнө, үнэгүй болгоно гэж зарлах тусам хэдэн гишүүддээ хайраа илчлээд, сонгох эрхээ тэдэнд шилжүүлж ирсэн бидний буруу ч их бий.
ЭРЧИМ ХҮЧ ЭРЧИМЖИХ ҮҮ?
Энэ асуултын хариултыг бидний дадал зуршил, хандлага, нэгдсэн ойлголт л харуулах байх...
Өнгөрснийг харахад цахилгааны үнийн өсөлт ард иргэдэд хэрхэн тусах вэ гэдэг тухайд бүгд анхаарал хандуулж, харин салбарын бие даасан байдлын төлөө өнөө л хэдэн инженерүүд хашхирч явсан он жилүүд дурайна. Б ага орлоготой айл өрх, аж ахуйн нэгжид хүндээр тусна гэдэг туйлшрал, тэдэнд таалагдах гэсэн улс төрчдийн хөнгөлөлт, урамшууллын бодлого хэтийдсэний горь гохоор үнэ нэмэгдсэн ч энэ өвөл тог цахилгаан тасардгаараа тасрах л байх…
Гэхдээ эрчим хүчний шилжилтийг эхлүүлчихсэн юм чинь эцсийг нь үзэхийн төлөө бүгд нэгдэх, тэвчих хэрэгтэй байна. Эрчим хүчний реформын хамгийн том давуу тал бол олон ханган нийлүүлэгчээс хэрэглэгчид өөрсдөө цахилгаан, дулаанаа сонгож авах эрх чөлөө, боломжийг нээж өгсөн явдал. Зах зээлд олуулаа оролцох тусам өрсөлдөөн бий болж, үйлчилгээний чанар сайжирч, нэг талдаа хэрэглэгч найдвартай, чанартай эрчим хүчийг хямд нөхцлөөр авч, нөгөө талдаа үйлдвэрлэгчид ашигтай ажиллаж чаддаг гэсэн үг. Иймд бид цаг хугацаа шаардах, олон ажил хөтөлбөр болох энэ шилжилтийн үйл явцыг эхэлсэн дээр нь дэмжиж, хувь хувьдаа нэмэр тус болохыг хичээнгүйлэх хэрэгтэй.
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭРЭЭ СОЛОНГОРУУЛАХ НЬ…
Уур амьсгалын хурдацтай өөрчлөлт хүмүүсийн өдөр тутмын амьдралд мэдэгдэхүйц нөлөөлөх болсноос үүдэж дэлхий нийт нар, салхи, усны буюу сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр лүү шилжиж, нүүрснээс татгалзаж байгаа. Гэвч бид Монгол Улсын эрчим хүчний салбарын нөхцөл байдлыг ярихдаа Монгол орны онцлог, байгаль цаг уурын тухай ярих, бодолцож үзэх шаардлагатай юм. Манай улс өргөн уудам нутаг дэвсгэртэй учир төвөөс алсрах тусам эрчим хүчний дамжуулалтын чанар суларч, алдагдал ихээр гарч байдаг. Эрчим хүчний салбар маань үндсэндээ нүүрсний цахилгаан станцууд дээрээ түшиглэж явна. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ихээр байгуулаад ч манайх шиг хүйтэн сэрүүн, эрс тэс уур амьсгалтай орон нүүрснээс татгалзана гэдэг боломжгүйтэй адил. Харин тэр өргөн уудам нутагтаа олон тооны тархмал эх үүсвэр байгуулаад, өөрт ойрхон газраас эрчим хүч авах боломжийг бий болгочихвол болмоор ч юм шиг. Юутай ч эрчим хүчний эх үүсвэрээ аль чадахаараа солонгоруулж, төрөлжүүлж, өөр хооронд нь хослуулж ашиглах хэрэгцээ бидэнд байна. Түүнчлэн олон улсад нийтлэг эрчим хүчний эх үүсвэрүүдээс гадна хог хаягдал гаргаж эрчим хүч үйлдвэрлэх технологи, хүний биеийн энергийг ашиглаж цахилгаан гаргаж авдаг клуб, олон хүнтэй газар даралт мэдэрдэг дулаан үүсгэвэр байрлуулах төсөл гээд шинэ сонирхолтой шийдлүүд нэвтэрч байна. Иргэн та хэрэглээгээ тохируул, бид найдвартай, чанартай эрчим хүчээр хангая гэдэг бодлогоос “иргэн та ч бас эрчим хүч үйлдвэрлэж болно” гэдэг бодлого руу дэлхий нийт чиглэж байна. Чанартай эрчим хүчийг хүлээж суухаас гадна хүн бүр үйлдвэрлэдэг, хэмнэж хэрэглэдэг болчихвол уу…
Энэ мэт сайхан цаг хугацаа, нөхцөл байдлыг бүрдүүлэхийн тулд одоо үнэ тарифыг хэдхэн биш, нэлээд олон “хэдхэнээр” нэмэхээс өөр гарцгүйг ойлгож ухамсарлацгаая. Эрчим хүчний хэмнэлт, зөв хэрэглээний талаар мэдлэг ойлголтоо дээшлүүлцгээе. Улс төрчдийн попролд автах биш, ул сууриар нь хэрхэн өөрчилж болох, яаж би чи та бид эрчим хүчээ эрчимжүүлж болох талаар илүү их гарц гаргалгаа олъё.
Ер нь ч тэгээд өөрөө унасан хүүхэд уйлдаггүй шүү дээ…
