Хонконгийн "Wang Fuk Court” орон сууцны цогцолборт гарсан түймрээр одоогийн байдлаар 44 хүн амиа алдаж, 279 хүн сураггүй алга болоод байна. Цагдаагийн газраас гал түймэр алдсан, санамсаргүй хүний амь хохироосон хэргээр 52-68 насны гурван хүнийг баривчилснаа зарлалаа. Тэд бүгд тус хотхонд засвар хийж байсан барилгын компанийн ажилтан бөгөөд хоёр нь захирал, нэг нь зөвлөх инженер гэнэ. Мөрдлөгийн дүнд барилгын гадна талд галд шатамхай материал ашигласныг илрүүлсэн байна.

Цагдаагийн газраас “Барилгын компанийн удирдлага ажилдаа маш хариуцлаггүй хандсан нь энэ эмгэнэлт явдалд хүргэсэн гэх бүх баримт байна. Тэдний буруутай үйл ажиллагааны улмаас гал гарсан” гэж мэдэгджээ.
Тус хотхоны 65 настай оршин суугч “Манай байрны оршин суугчдын ихэнх нь ахмад настай хүмүүс байсан. Засварын улмаас цонх хаалттай байсан тул олон хүн гал гарч байгааг мэдээгүй. Хөршүүд нь утсаар ярьж, зугтах хэрэгтэйг хэлж байсан. Ойн түймэр гарахад нисдэг тэрэг гаргаж, ус цацдаг. Гэтэл бидэнд тийм тусламж ирсэнгүй” гэж AFP агентлагийн сэтгүүлчид ярьсан байна.

Гал түймэр гарсан шалтгаан тодорхой бус байгаа ч засвар хийж байсан газраас гарсан нь тогтоогдсон. БНХАУ-ын тэргүүн Ши Жиньпин хохирогчдын гэр бүлд эмгэнэл илэрхийлж, гэмт этгээдийг тогтоохыг даалгажээ.
“Wang Fuk Court” цоцгцолбор 1983 онд баригдсан. Найман блоктой, 4600 хүн амьдардаг байжээ.

