Саяхан Цагаан Ордны ойролцоо болсон зэвсэгт халдлагаар Үндэсний гвардийн нэгэн цэрэг алагдаж, нэг цэрэг хүнд шархадсан билээ. Гэмт этгээдийг баривчилсан бөгөөд Афганистаны иргэн байсан нь тогтоогдсон. Энэ хэргийн улмаас Трампын Засгийн газар Афганистаны иргэдэд олгосон байнга оршин суух эрх, ногоон картаа дахин шалган үзэж, шаардлагатай бол хураан авах шийдвэр гаргажээ. Мөн өөр 19 улсын дүрвэгчдийг нарийн мөрдөн, шалгах үүрэг өгсөн байна.
Сэжигтэн Рахманулла Лаканвал АНУ-ын цэрэг Афганистанаас гарсны дараа хамтран ажиллаж байсан афганчуудад дүрвэгчдийн онцгой хамгаалалт олгох төслийн хүрээнд 2021 онд Америкт ирж байжээ.

Ерөнхийлөгч Трамп “Энэ халдлага үндэсний аюулгүй байдал эрсдэлд орсныг харууллаа. Өмнөх засгийн газар дэлхийн өнцөг булан бүрээс 20 сая хүнд виз олгоод, оруулаад ирсэн. Бид эмх журам тогтооно. Жо Байдений үед виз авсан бүх хүнийг шалгана” гэж мэдэгдлээ.

