Мэргэжлийн сүмо бөхийн маэгашира Тамаваши Б.Мөнх-Оргилын тасралтгүй барилдсан амжилт Гиннесийн номд албан ёсоор бүртгэгдлээ.
Гиннесийн 2026 оны шинэ дугаарт “MOST CONSECTIVE SUMO BOUTS” гэж түүнийг танилцуулжээ.
Тамаваши 2004 оны нэгдүгээр сараас эхлэн нэг ч өнжилгүй барилдаж, 2024 оны Намрын тэмцээний 3 дахь өдөр 1631 дэх барилдаанаа хийж, шинэ рекорд тогтоосон юм. Өмнөх амжилтыг сэкивакэ асан Аобажюү 1630 дараалсан барилдаанаар эзэмшиж байв. Тамаваши өнгөрсөн Кюүшүю башёд энэ рекорд амжилтаа 1748 болгон нэмээд байгаа. Цаашдаа ч нэмэгдээд явна.

Одоо Нагасакид тойргийн барилдаанд оролцож байгаа Тамаваши энэ мэдээг сонсоод “Маш их баяртай байна. Сэтгэл уярч байна. Төрсөн өдрийн сайхан бэлэг боллоо. Би хоёр удаа дээд зиндаанд түрүүлсэн ч Монголдоо ямар ч шагнал авч байгаагүй болохоор маш их баярлалаа. Би чадлаа гэсэн бодол төрж байна. Ээж аав, гэргийдээ дамжуулсан” гэж сэтгүүлчдэд хэлжээ.
Гиннесийн номд сүмогоос их аварга Хакүхогийн түрүүлсэн тоо, даваа гээд нийт 5 рекорд амжилт бүртгэлтэй байдаг юм.
