UBLife Logo
Newsfeed

Splice Beta 2025 | Шинэ санаа, туршлагаар дүүрэн медиа хэлэлцүүлгийн найрсаг орон зай

Splice Beta 2025 | Шинэ санаа, туршлагаар дүүрэн медиа хэлэлцүүлгийн найрсаг орон зай

Жил бүрийн 11 дүгээр сард Тайландын умард хэсэг дэх Чиан Май хотод медиа экосистемийн оролцогч талууд буюу сэтгүүлч, судлаач, медиа хөгжлийн мэргэжилтнүүд, технологи хөгжүүлэгчид, олон улсын байгууллагууд, хандивлагчид гэхчлэн олон талт хамт олон цуглаж, ярилцдаг “Splice Beta” арга хэмжээ болдог. Энэ томоохон цугларалтыг Алан Сун, Ришад Пател нарын үүсгэн байгуулсан Splice Media байгууллага зохион байгуулдаг бөгөөд тэд Ази тивд хэрэглэгч төвтэй, эрүүл бизнес загвартай, медиа экосистем бий болгохын төлөө тал бүрийн үйл ажиллагаа явуулдаг.

Энэ сарын 26-27-нд болсон зургаа дахь удаагийн арга хэмжээнд манай “Гэрэг” сэтгүүл, Ub.life сайтын редакцаас дөрвөн хүний бүрэлдэхүүн оролцсоны зэрэгцээ Монголын медиа салбарын төлөөллүүд ч баг, хамт олноороо оролцож өөрсдийн түүхээ хуваалцаж, туршлага солилцлоо. Энэ жилийн Splice Beta нь “Нуран уналт ба шинээр эхлэх нь” сэдэвтэй байсан нь сонирхолтой. Хиймэл оюун сэтгүүл зүйг өөрчилж, уламжлалт орлогын бизнес загвар ч хувьсаж, бидний мэдэх медиа ертөнц магад зуунд нэг тохиох цочмог өөрчлөлттэй нүүр тулав. Гэвч мэддэг бүхэн минь нуран унаж буй мэт энэ цаг үед түгшээд, хямраад суух нь дэндүү хайран, харин хамтдаа шинэ шийдэл, шинэ эхлэлийг эрэлхийлэх нь илүү амттай гэж тэд уриалсан юм. 

Ингээд Splice Beta 2025-д оролцсон монгол залуусынхаа сэтгэгдлийг хуваалцаж байна.

Дашрамд дурдахад, Ub.life -ийн хамт олны энэхүү аяллыг бодитой болгож, хамтран ажилласан Itrip компанид баярлалаа. “Мөрөөдлийн аяллаа бодит болгоход” тань Itrip бүх талаар тусална!


Б.Алтанзул, “Positive Dadal” төслийн ахлах судлаач

Бидний хувьд анх удаа олон улсын хэмжээний медиа салбарын арга хэмжээнд оролцож байна. Манай “Positive Dadal” төслийн хувьд сэтгэл зүйн эрүүл мэндийн талаарх контент, шинжлэх ухаанч, баталгаатай мэдээллийг хүргэж, олон нийтийн сайн сайхан байдлыг нэмэгдүүлэх зорилготой. Splice Beta-д ирээд олон улсын медиа салбарын чиг баримжаа, хөгжлийн хандлага, ажиллах арга барилын талаар хамгийн богино хугацаанд үр дүнтэйгээр мэдээлэл авч болох арга хэмжээ байна гэдгийг харж байна.

Би төслийн менежер Б.Үүрийнтуяатай хамтраад энэ жил илтгэгчээр оролцож, туршлагаа хуваалцах болсон маань бүр ч олзуурхууштай. Монгол дахь сэтгэл зүйн эрүүл мэндийн нөхцөл байдал, бид яагаад “Positive Dadal”-г нээх болсон, нийгмийн асуудлыг шийдэхэд медиа хүчирхэг хэрэгсэл болж чадах юм байна гэсэн итгэл үнэмшил, туршлагаасаа хуваалцсан. Илтгэлийн дараа гаднынхан монголчуудын сэтгэл зүйн эрүүл мэндийн түвшин, онцлог төдийгүй өөр өөрийн улсын нөхцөл байдал болон бидний цаашдын төлөвлөгөөг асууж сонирхож байлаа. Мэдээж улс орон бүрийн тулгамдаж байгаа асуудал өөр учраас медиа нь ч өөрийн гэсэн онцлогтой нь ярианаас нь мэдрэгдэж байсан.

Хонконгийн нэг сэтгүүлчтэй ярилцахад өөрөө сэтгэл судлалаар суралцах хүсэлтэй бөгөөд сэтгүүлчийн туршлагатайгаа хослуулаад энэ чиглэлээр мөн төсөл эхлүүлэх хүсэлтэй юм билээ. Гэвч хамтрагчаа олж чадахгүй байгаа тул биднийг хэрхэн бие биеэ олсныг сонирхож асууж байсан. Мөн Сингапурын үндэсний их сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн профессортой ярилцаж, туршлага судалсан. Тэдний хувьд ахмадуудынхаа туршлагыг залууст хуваалцдаг “Our grandfather Story” контент эхлүүлж 170 мянга гаруй дагагчтай хуудас болсон тухайгаа яриад биднийг тууштай байгаарай гэж урам өгсөн. Энэ мэтчилэн юу хийж байгаа, хийж болох, хийх хүсэлтэй гэдгээ өөр хоорондоо ярилцаж, харилцан урам өгсөн сайхан мөч байлаа.   

Чиан Май хотын хувьд уламжлалаа сайтар хадгалсан хэр нь орчин үеийн хандлагыг ч орхигдуулаагүй хот шиг санагдлаа. Бүх зүйл нь зохицсон өвөрмөц байдлыг нь хараад яаж ингэж уламжлал, шинэчлэлийг хоршуулж чадсан юм бол гэж гайхаж байна. Энд амьдрах хүсэлтэй хүмүүсийг энд ирээд л ойлголоо. Жуулчид ч тэр уугуул соёлд нь хүндэтгэлтэй хандаж байгааг харах таатай байлаа. Бүх талаар харилцан хүндэтгэсэн, нэгдсэн сайхан уур амьсгалтай юм байна.

Л.Анударь - Сэтгүүл зүйн инновац, Хөгжлийн үүр төвийн хөтөлбөрийн менежер

Би Splice Beta-д анх удаа оролцож байна. Бид зөвхөн Монголдоо байгаад байхаар заримдаа утга учиртай ажил хийж байгаа эсэхдээ эргэлзэх үе бий. Өөрчлөлт, шинэчлэлт хийхийг хичээж байгаа ч үр дүн нь мэдэгдэхгүй, удаан үргэлжлэхээр хааяа шантармаар, сэтгэлээр унамаар ч болно. Харин энд ирснээр бусад орны медиа салбарынхан ч бидний адил мэдрэмжтэй байдгийг ойлголоо. Тэдний л адил нэг хэсэг нь гэдгээ мэдрэхэд сайхан байсан.

Нөгөөтээгүүр шинэ мэдээллээр цэнэглэгдэж, шинэ санаа олныг олж авлаа. Нэг талаасаа урам зориг авсан ч, бас өөрийгөө голох ч мэдрэмж авснаа нуумааргүй байна. Мөн маш олон боломж байдгийг олж харлаа. Ингээд бодохоор олон төрлийн мэдрэмж авсан өдрүүд болж өнгөрч байна. Надад Сингапурын оюутнуудын бяцхан ном буюу сэтгүүл хийж гаргасан тухай илтгэл хамгийн өгөөжтэй, Монголдоо ч хийж болохоор төсөл санагдсан. Мөн “Lighthouse Reports” редакцын хоёр ч сэтгүүлчийн хэрхэн үр нөлөөтэй эрэн сурвалжлах бүтээл хийх вэ, сэтгүүл зүйн бүтээлээ хэрхэн үр нөлөө нь хэмжигдэхүйц байлгах вэ гэсэн илтгэл их сонирхолтой байлаа.

Би Тайландад дөрөв, Чиан Майд анх удаа ирж байна. Тайландчууд их гоё хүмүүс шиг санагддаг, тайван амьсгаа авмаар мэдрэмж төрж байна. Өмнө нь 2019 онд ирэхдээ Сара Бүрид хоёр сар орчим амьдарч, сайн дурын ажил хийсэн юм. Завгүй хэмнэлтэй амьдралаас тэнд очоод амгалан тайвныг мэдрээд гоё байсан. Тэнд хүмүүс чаддаг мэддэг зүйлсээ хийж байгааг нь харах сайхан санагдсан л даа. Жишээлбэл, хоол хийж зарна, худалдаа наймаа эрхэлнэ, гар урлалаа хийнэ гэдэг ч юм уу. Түүндээ ч өөрсдөө сэтгэл хангалуун байгаа нь харагдсан. Ер нь аялж явахдаа нууцлаг газруудыг нь өөрсдөө нээж илрүүлээд үзээд явбал сонирхолтой байж магадгүй. Бас нийтийн тээврээр нь зорчвол тухайн улсын хүмүүсийнх нь аж амьдрал, бодит байдлыг мэдрэхэд илүү тустай санагддаг. 

Ж.Хулан, “Гэрэг энд юү би лайф” компанийн Дэд захирал

Би анх 2018 онд Чиан Май хотод аялахаар ирээд маш их таалагдаж байсан. Ер нь хаа нэг тийш явахаараа нийслэлээс нь заавал гарч үзэхийг хичээдэг юм, тэр дадлаараа уншиж байгаад Чиан Майд ирсэн минь хуучин, шинэ хотыг зэрэгцэн цогцлоосон бөгөөд тайван боловч бүтээлч хэмнэлтэй, ер бусын сайхан мэдрэмж үлдээж байсан. Харин дараа жил нь Splice Media-г эхлүүлэгчидтэй танилцаж, Splice Beta арга хэмжээний тухай дуулж байв. Алан Сун, Ришад Пател нар Азид медиа экосистемийн эрүүл зураглалыг бий болгох судалгаа, мэргэжлийн зөвлөмж, туслалцаа өгөх, харилцаа холбоо өрнүүлэх гээд олон талын арга хэлбэрээр ажилладаг. Тухайлбал, 2020 онд Сэтгүүл зүйн инновац, хөгжлийн “Үүр” төвтэй хамтран Монголын медиа орчны зураглалыг гаргаж байсныг санаж байна. Энэ утгаараа Splice Media монголчууд, Монголын медиагаас хол биш хийгээд жилээс жилд оролцож байгаа монголчуудын тоо өсөж, хамгийн олон оролцогчтой орнуудын нэг болж байгааг Алан онцолж байсан.

Энэ жил миний хувьд Splice Beta-г угтан зохион байгуулагдсан DW Akademie-ийн “Хиймэл оюуны эрин дэх сэтгүүл зүйн шинэ үе” бүс нутгийн хэлэлцүүлэгт уригдаж оролцсондоо олзуурхаж байна. Сошиал медиа платформуудтай медиа хэрхэн харилцах вэ, контентын эрх, санхүүгийн нөхцөлөө хэрхэх вэ гэдэг байсан яриа, хэлэлцээр хиймэл оюуны платформуудын нөлөөгөөр илүү өргөжих болов. Энэ талаар Азийн нэр хүндтэй редакцууд, медиа хөгжлийн байгууллагууд, технологийн мэргэжилтнүүд, судлаачид цуглаж санаа, шийдлээ хуваалцахад Монголын нөхцөл байдлынхаа талаар илэрхийлж, санаагаа ч хуваалцав. Бидний хувьд жижиг зах зээлтэй, том компаниудын хувьд үр нөлөө багатай тул тэдний зохицуулалтын хэрэгжилт сул басхүү давуу тал, боломжуудыг нь ашиглахад ч хязгаарлагдмал байдаг тул ийнхүү бүс нутгийн нэгдмэл хэлэлцүүлэгт хамрагдаж, дуу хоолойгоо хүргэж, эрх ашгаа илэрхийлэх нь ач холбогдолтойг анзаарч авсан.

Ерөнхийдөө технологи нь контент (1) үйлдвэрлэл, (2) түгээлт (3) хандалт (4) санхүүжилт гэсэн дөрвөн түвшинд медиад нөлөө үзүүлж байгааг системтэйгээр авч үзэх ёстойг энэ үеэр ярилцлаа. Жишээ нь, хайлтын системийн хиймэл оюуны санал болгосон илэрцээс хэвлэл мэдээллийн сайт руу хэрэглэгчдийн ердөө 1 хувь нь дарж орж байгаа бол ерөнхийдөө холбоосоор сайтад хандах уншигчдын хэмжээ 30 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа судалгааг танилцуулсан юм. Үүнийг дагаад дижитал медиагийн орлого 70 хүртэлх хувиар буурч байна гэжээ.

Ийм нөхцөлд медиа салбарынхан хамтран ажиллах, саналаа нэгтгэх зайлшгүй шаардлагатай бөгөөд бидний оролцсонтой адил Европ, Африк гэхчлэн бусад бүс нутгуудын хэлэлцүүлэг энэ ондоо багтаж явагдсанаар ирэх нэгдүгээр сард DW Akademie-аас нэгдсэн байдлаар санаачилга гаргах юм байна.

Splice Beta-ийн хувьд сонссон бүх илтгэлээ дүгнээд үзвэл хэзээ ч уламжлалд баригдаж болохгүй юм байна гэдгийг тод санаж байх учиртайг өөртөө тэмдэглэв. Медиаг урлагтай, инфлюнсертэй, ээжүүдтэй, бяцхан номтой, хиймэл оюунтай, технологийн машинтай, хэрэглэгчидтэйгээ гээд яаж л бол яаж бүтээж байна. Гол нь эцсийн зорилго бол хэрэглэгчид л үнэ цэнтэй, хэрэгцээтэй бүтээгдэхүүн өгөх, түүнийгээ мэргэжлийн, эрүүл арга замаар санхүүжүүлэх замыг бий болгох нь чухал.

Б.Үүрийнтуяа “Positive Dadal” төслийн менежер

“Splice Beta 2025” арга хэмжээнд илтгэл тавьсан маань шинэ туршлага боллоо. Илтгэл тавих үед сандарч байсан боловч хүмүүс дэмжиж, инээмсэглэн урам өгсөн нь сайхан байсан. Илтгэлээ тэр хэрээр сайн тавьсан болов уу гэж бодож байна. Сэтгүүл зүйн хүрээллийнхэн дулаахан уур амьсгалтай, дотно нэгдэл гэдгийг ойлгож мэдэрсэн. “Positive Dadal” төслийнхөө өдий хүртэлх хугацаанд ямар ололт амжилт бүтээж, ямар бэрхшээлийг даван туулсан туршлагаа бусад орны хүмүүст танилцуулж, хуваалцлаа. Илтгэлийн дараа олон хүмүүстэй ярилцаж, танилцахдаа бидний бүтээсэн туршлага хүмүүсийн сэтгэлд ойрхон, дотно дулаахан сэтгэгдэл үлдээсэн болов уу. Заримд нь шинэ санаа өгч, нүдийг нь нээсэн туршлага, түүх болсон байсан. 

Жишээ нь, Пакистанд үймээн самуун ихтэй боловч иргэдийнхээ сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах тухай ярьж, уриалахад ойлгож хүлээн авах хүмүүс цөөн байдаг. Магад байнгын үймээнт байдалдаа дасал болоод тэр байх. Тийм болохоор сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудлыг хөндөж, олон нийтийн анхаарлыг хандуулах боломж, туршлагаас сонирхож байсан. Бидний контентын санаагаа гаргах, олон хүнд хүргэх үйл явцын талаар ярилцаж, туршлагаа хуваалцлаа. 

Миний хувьд Чиан Май хот ч, Splice Beta ч тухтай, хүмүүсийнх нь дулаахан илчийг мэдрэх сайхан байна.

Ж.Тэгшжаргал, “Гэрэг энд юү би лайф” компанийн Гүйцэтгэх захирал

Энэ жил “Splice Beta”-д бид дөрвүүлээ явж, оролцоод ирлээ. Хэдийгээр өөр улсад байгаа ч ижил төстэй, жаргал зовлон ч адил редакцын төлөөллүүд цугларсан. Үндсэн илтгэлүүд нь сонирхолтой, үр өгөөжтэй байснаас гадна хүмүүс туршлага хуваалцаж, ярилцах боломжтой байсан нь чухал байлаа. Яг л бидний адил цөөн хүний бүрэлдэхүүнтэй старт-апууд болохоор янз бүрийн нөхцөл байдал дундаас контентоо хийдэг тухай нь сонсоход урам зориг авмаар, “өнгө ижил” зовлонгоо хуваалцмаар, туулаад гарсан газар газрын жишээнүүд сонирхолтой санагдсан.

Үндсэн илтгэлүүдээс хоёр нь анхаарал татсан. Нэг нь, инфлюнсерүүдийг хэрхэн медиад ашиглаж болох вэ гэсэн агуулгатай илтгэл байсан. Зарим медиагаас илүү инфлюнсерүүдийн ярьж буй зүйлс хүмүүст хүрдэг. Тийм болохоор хэрхэн баталгаатай мэдээллүүдийг тэднээр дамжуулж хүмүүст хүргэх вэ, зарим талаараа хэрхэн медиа бизнестэй холбох вэ гэдэг талаас нь сонирхолтой жишээнүүд ярьсан. Үүнийг Монголын нөхцөлд яаж хийж болох билээ гэж ургуулж бодмоор, санаа авахаар байлаа. Нөгөө нь, хүмүүсийн масс уншилт, хандалт багасаж буй өнөө үед медиа яах вэ гэсэн агуулга бүхий илтгэл байсан. Зөвхөн Монголд төдийгүй дэлхий даяар хүмүүс сайт болон сонин унших нь буурч байгааг юу гэж хүлээж авах хэрэгтэй вэ гэсэн асуулттай нүүр тулж байна л даа. Нэг мэдээг хэдэн зуун мянгаар уншиж байгааг амжилт гэж үзэх үү, эсвэл…? гэсэн асуулт урган гарч байна. Ингэхээр хандалтын талаар дахин эргэцүүлж бодох шаардлагатай болсон. Ер нь редакцууд нийтийг хамарсан масс медиа байж байгаад одоо “niche” буюу жижиг зах зээл рүү ороод, зөвхөн хэрэглэгчдээсээ санхүүждэг болсон жишээтэй. Ямар ч сурталчилгаа байхгүй, төрийн болон компанийн хамтрал байхгүй. Уншигчид нь бага ч гэсэн тэдний итгэлийг дааж, чанартай контентоор мэдээллээ хүргэхэд анхаардаг болсон байна. Тухайн үед өөрсдийнхөө редакцтай харьцуулах, ургуулан бодох зүйлс их байлаа. Монголынхоо хөрсөнд тохирсон, байгууллагынхаа онцлогийг хадгалаад ямар шинэ санаа гаргах, контентуудаа хэрхэн сайжруулж болох тухайд нэлээд эргэцүүлэн бодсон өдрүүд болж өнгөрсөн. 

Мөн сүүлийн үед дэлхийд тренд байгаа хиймэл оюуны тухай илтгэлүүд энэ жилийн цөм байсан. Хүмүүс хиймэл оюунаас айх, сэтгүүлчдийн ажлыг булааж байна гэхээс илүү хиймэл оюуныг медиад хэрхэн зөв зохистой хэрэглэж, контентдоо үр дүнтэй ашиглах тухай ярианууд онцлог бөгөөд хэрэгтэй санагдсан. 

Зөвхөн старт-ап гэлтгүй хэвлэл мэдээллийнхэн маань дотоодын орчноосоо гараад, ижил зовлон жаргалтай бусад орны медиа салбарынхны цуглардаг Splice Beta-д заавал очоорой. Жилдээ нэг очоод шинэ урам зориг, бодол, төлөвлөгөөгөөр өөрийгөө цэнэглэж баймаар санагдлаа. 

Чиан Май  хотын хувьд төсөөлж байснаас өөр байсан. Жишээ нь, цаг агаарын хувьд Монголын зургаа, долоодугаар сар шиг сэрүүхэн салхитай, хэт халуун биш байсан. Бид борооны улирал нь дууссаны дараа төгс цаг агаартай үед нь очсон юм билээ. Чиан Май 12-р зуунаас эхтэй, үүх түүх нь арвин сонирхолтой хот байсан. Дахин очих хүсэл төрсөн шүү. 

Б.Эгшиглэн, Чөлөөт сэтгүүлч

“Splice Beta 2025” дээр би өөрийнхөө ирээдүйн тухай хоёрдмол, ямар чиглэл рүү алхах ёстойгоо сайн мэдэхгүй үедээ очсон. Энд медиад ажилладаг олон янзын хүмүүстэй уулзаж, илтгэл сонсож, жижиг хэлэлцүүлгүүдэд сууж, кофе уух зуураа танилцсан хүмүүстэйгээ ярилцахдаа нэг зүйлийг ойлгосон. Хариугаа хэн нэгнээс, нэг газраас хайгаад хэрэггүй, өөрийнхөө хийхийг хүсэж байгаа зүйл чинь аль хэдийн дотор чинь байсан юм байна гэдгийг тэндээс мэдэрсэн.

Splice Beta өөрөө надад “фестиваль” гэхээсээ илүү нэг төрлийн хамт олон, сүлжээ шиг санагдсан. Зүүн Өмнөд Азийн медиа, уран бүтээл, технологийн хүмүүс нийлж харилцан туршлагаа ярьж, баяр, гуниг, амжилт, алдаагаа хүртэл нээлттэй хуваалцдаг нэг орон зай. Мөн медиа гэдэг нь зөвхөн сэтгүүл зүй биш, ёс зүй, технологи, инновац, дизайн, өгөгдлийн хүч, уран бүтээлч, кино бүтээгч гээд маш олон чиглэл нэг дор цуглардаг том ертөнц юм байна гэдгийг дахин сануулсан.

Чиан Май бол уулсын хөндийд зөөлөн утаа татуулан орших, тайван атлаа бүтээлч эрч хүчээр амьсгалдаг онцгой хот. Энд амьдрал удаан, намуухан явдаг хэр нь хот өөрөө хэзээ ч уйтгартай санагддаггүй. Гудамж бүрд уран бүтээлчид, жижиг бие даасан дэлгүүрүүд, гар урлалын зургуудаа хатааж өлгөсөн мастер хүмүүс, чимээгүйхэн ажиллаж суугаа зураачид, жижиг музейнүүдээс эхлээд орчин үеийн урлагийн цуглуулгатай том орон зай хүртэл зэрэгцэн оршдог.

Хотоос 50–60 км тойрвол улам сонирхолтой зүйлс эхэлнэ. Өдөр өнжөөд ирэх боломжтой нутгийн тосгон, гар урлалын төвүүд, уулын хийдүүд, кофены талбай, хойд Ланнагийн уламжлалыг мэдрүүлсэн жинхэнэ орон нутгийн амьдрал. Чиан Май нь аялал жуулчлалын төв хэдий ч “жуулчинд зориулсан амтгүй хувилбар” биш, үнэхээр бодитоор оршин тогтнодог соёл, урлаг, уламжлалт гар урлалынх нь цохилт мэдрэгддэг. Мөн ногоон орон зай үнэхээр их. Хүрээлэн, ой мод, голын хөвөө, уулын зам, алхах хүмүүсийн урт замууд. Гүйх дуртай хүмүүст өглөөний зөөлөн манан дундуур уул руу харж гүйх мэдрэмж нь жинхэнэ бэлэг шиг санагддаг.

Энэ хоёр зүйл нийлээд миний хувьд Чиан Май болон Splice Beta 2025 бол “амьдрал түр удаашраад, чи өөрийгөө сонсох боломжтой болдог” тийм үнэ цэнтэй туршлага байлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Geopro: Мэдрэмждээ найдаж азаа үздэг  үе ард хоцорлоо

Geopro: Мэдрэмждээ найдаж азаа үздэг үе ард хоцорлоо

Geopro нь үүрэн холбооны (Mobicom) радио станцын өгөгдлийг /өдөр бүр 4 сая гаруй CDR бүртгэгддэг big data боловсруулж, хөдөлгөөний урсгал, хүний шилжилт хөдөлгөөн, хүн амын нягтаршил зэрэг олон төрлийн нарийвчилсан шинжилгээ хийх боломжийг олгодог вебийн болон консалтингийн үйлчилгээ юм.