ОХУ-ын нийслэлд Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Стив Уиткофф, Дональд Трампын хүргэн Жаред Кушнер нар Украины дайныг зогсоох талаар хэлэлцээ хийлээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский энэ хэлэлцээрээс бүх зүйл хамаарна гэж хэлж байсан билээ.
Талууд Кремльд бүтэн таван цаг ярилцаад нэгдсэн үр дүнд хүрэлгүй тарлаа. Хэлэлцээрт Оросын талаас Ерөнхийлөгч В.Путины хамт түүний туслах Юрий Ушаков, Шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев нар оролцлоо.

Уулзалтын дараа Ушаков “Газар нутгийн асуудлаар тохирсон хувилбарт одоогийн байдлаар хүрээгүй байна. Гэхдээ бид АНУ-ын санал болгосон төлөвлөгөөтэй танилцсан. Америкийн ихэнх саналтай Ерөнхийлөгч Путин санал нийлсэн ч зарим нь таалагдаагүй. Асуудлыг шийдэхэд ямар ч ахиц гарсангүй. Маш их ажил хийх хэрэгтэй байна” гэж мэдээлсэн. Эх сурвалжийн мэдээлснээр ОХУ Донецк мужийн бүх нутаг дэвсгэрээс Украины цэргийг гаргах шаардлага тавьсныг Украин болон Европын холбоотнууд нь эрс эсэргүүцэж байгаа юм.

ОХУ, АНУ улсууд хэлэлцээрээ үргэлжлүүлэх талаар тохиролцож, хоёр Ерөнхийлөгчийн уулзалтыг зохион байгуулах тал дээр ажиллах болжээ.

Тусгай элч Уиткофф Москвад зургаа дахь удаагаа ирж байгаа нь энэ бөгөөд хэлэлцээр дуусаад Европыг зорьсон. Тэнд Украины Ерөнхийлөгчтэй уулзаж, хэлэлцээрийн явцыг танилцуулах юм.
NBC News-ийн мэдээлснээр ОХУ байр сууриа хэзээ ч тавихгүй гурван том асуудал байгаа гэнэ. Үүнд: Донбассыг бүхлээр нь авна, Украины армийн цэргийн тоонд хязгаар тогтоох, эзэлсэн нутаг дэвсгэрийг нь АНУ, Европ хүлээн зөвшөөрөх ажээ.
