UBLife Logo
Нийгэм

Танил талгүйгээрээ мань чинь л цэрэгт явлаа

Танил талгүйгээрээ мань чинь л цэрэгт явлаа

Оюутнуудын авьяас чадварыг хөгжүүлэх, чадварлаг сэтгүүлчдийг бэлтгэх, дэмжих зорилготой шилдэг бүтээл шалгаруулах “Алтан үзэг” улсын наадмын шилдгүүдийг жил бүрийн 12-р сард тодруулдаг билээ. Хүмүүнлэгийн Ухааны Их сургууль, МУБИС, МУИС-ийн Сэтгүүлзүйн тэнхим хамтран зохион байгуулдаг тус наадам энэ жил 15 дахь удаагаа болох гэж байна.

“Алтан үзэг” наадамд оюутнууд нийтлэл, теле нэвтрүүлэг, радио нэвтрүүлэг, мултьмедиа нийтлэл, нийгмийн реклам гэсэн таван төрөлд өөрсдийн бүтээлээрээ оролцох боломжтой байдаг. Өнгөрсөн жилийн нийтлэлийн төрөлд шилдэгт багтсан 10 бүтээлийг цувралаар хүргэж байна. СУИС-РТМС-ийн оюутан М.Чинбилэгийн “Танил талгүйгээрээ мань чинь л цэрэгт явлаа” нийтлэлийг хүргэж байна.


“Тусгай салаа алхана, тугийн дор жагсана” гэх энэ дуу орой бүр манай зурагтаар эгшиглэнэ. Би ч дагаж дуулаад клипийг нь дуурайж гүйж харайгаад л. Манай үеийн хүүхдүүдээс энэ киног үзээгүй, бүр цаашлаад цэрэг болно гэж бодож байгаагүй хөвгүүд үгүй биз ээ. Би тэр мөрөөдөлт мянга мянган цэрэг эрсийн нэг. Том болоод цэрэгт явна, мэргэн буудагч болно гэх хүсэлд автчихсан үе хэсэг надад байлаа. Эмээ маань ч “Миний хүү жавхаатай цэрэг эр болно, улсын наадмаар миний хүү хүндэт харуул ч хийж мэднэ” гэдэг байсан юм.

Цаг хугацаа улиран одохын хэрээр цэрэг болох бодол арчигдсаар нэг мэдэхэд хамаг хүсэл маань цэрэг татлагаас зугтах болж, жигшин зэвүүцэх болсноо юунд нуун. Энхийн цагт ээждээ үнсүүлж, аавдаа тэврүүлж явахдаа энэ мэдрэмжийг эргээд мэдрэхгүй болдог нь өнөөгийн зэвсэгт хүчний үнэн төрх. Цэрэг эрс суманд бус нударганд өртөж өөд болж байгаа мэдээ эмээгийн минь сонорт хүрэх бүрд “Хүүгээ яасан ч цэрэгт явуулахгүй, тэтгэврээ хурааж байгаад хаалгуулна” гэдэг үг амнаас нь унадаг болжээ.

Арван найман нас хүрч цэргийн зарлан ирлээ. Амьдралын алтан цагаа алдах юм шиг мөн амьдралаа ч алдаж магад санагдлаа. Хүний хүүхдүүд албаа хаагаад ирж болоод байхад яагаад би чадахгүй гэж ч гэж хааяа нэг санагдана. Гаслант мэдээ мөн л тархлаа. Хал цэргийнхээ гарт нөгчсөн түүн шиг тавилан хэний аавын хүүг хүлээж байгаа бол гэдгийг хэн ч таашгүй. Үзлэгтээ орохоор нутаг зорих үедээ татлагаас мултрах арга сүвэгчилж л байлаа. Үеийн олон хөвгүүд иржээ. Байхгүй нэг нь очвол явчихна, торгуулийг нь төлөөд мултарна гээд ирээгүй аж. Цэрэг татлагын ШТАБ-д оноогдсон тоонд цэрэг татахаар өвчин зовлон, их сургууль тоолгүй тэнцүүлж байна гэлээ. Их сургуульд суралцаж буй тодорхойлолт буюу ганц найдвар маань хэнд ч хамаагүй болох нь энэ. Үүрэгтний үнэмлэх барьсан олон дунд явах хүсэлтэй ганц ч хүн байсангүй. Явах болбол явъя гэсэн нэгэн ч байсангүй. Цөм мултрахыг л бодно. Бусдыг ажаад тоог нь гүйцээчих гээд орохгүй дөлөн байсан ч орсон болгон тэнцэж, тоо нь хамаагүй болжээ. Дуудагдаж орлоо. Ангийнхаа дөрвөн хүүхэдтэй хамт орж эхнээс нь үзлэгээ хийлгэв ээ. Харааны үзлэг дээр чин шударгаар шалгуулах хүн ч үгүй. “Хараа муу” гэх бичиг авахыг хүссэндээ л тэр. Хугарч байсан гар, хамар, туссан харшил гээд бүгдийгээ л хэлж явсан ч одоо зүгээр юм байна аа гээд бэртэл гэмтэл тоох шинж үгүй. Яаралтай хагалгаанд орох хэрэгтэй гэсэн хамраа үзүүлэхэд амьсгалуулаад л тэнцүүлчхэв. “Баяр хүргэе, тэнцлээ” гэх үгийг айдас бүр ч нэмэм чангаар хэлээд өргөмжлөл мэт зүйл гардууллаа. Сумандаа тэнцсэн бол аймагт очоод л явчихдаг гэсэн мэдээ сонссон надаас илүү эмээ маань сандран намайг гаргахаар гүйж байлаа. Таньж мэддэг хүнээрээ холбогдуулж байж нэг жил түр чөлөөлүүлж эмээ бид хоёрын сэтгэл хэсэг амрах нь тэр. 

Хамт үзлэгт орсон нэг найз минь цэргийн 232 дугаар ангид алба хааж байгаа билээ. Ангийнхнаараа 280 километр замыг туулж эргэхээр очиж байгаа минь энэ. Цэрэгт ирснээс нь хойш нэг ч эргэлт түүнд ирээгүй  болоод ч тэр үү биднийг хараад нүдэндээ ч итгэсэнгүй гэнэ. Аз таарч ааш сайтай захирагч нэг цаг уулзах хугацаа олголоо. Хэр холоос ирснийг нь үл харгалзан зарим захирагчид нь арван минут л олгох тохиолдол байдаг аж. Амт шимтэй зүйл авахдаа юу хэрэгтэйг нь сайн мэдээгүй тул сумаас юм авчрах уу гэхэд тамхи, халууд тамхи нэхнэ гээд авчирч өгөхөд уулзалтын өрөөний гаднаас байлдагч гээд нэрээр нь дуудахад малгай бүсээ засаад хайрцаг тамхи аваад гаран гүйлээ. Нэг ангиас тавуул тэнцчихээд ганцаараа л цэрэгт татагдсанд нууцхан гомдсон бололтой “танил талгүйгээрээ мань чинь л энд ирлээ дээ” гэхэд чих маань хайрч байгаа мэт халуу дүүгэн хамт мултарсан найзууд руугаа хартал толинд харсан мэт боллоо. Нийт манай нутгаас найман цэрэг энэ ангид алба хааж байгаа аж. Бүгд л ажилд гавшгай тул дажгүй сайн байгаа гэнэ. Бид бүгд айгаад ирээгүй шалтгаан болох дээрэлхэл, зодуур хэр байгааг асуухад “хамаагүй зүйл ярьж болохгүй ээ, болдог бол хэлчихмээр их л зүйл байна” гээд 10 жил найзалсан найз маань бидэнд хэлэхгүй хав дарж байхад ард түмэнд үнэн бодит төрхийг мэдэх ямар ч боломжгүй байх нь арга ч үгүй нь гэж бодлоо.

Монгол цэргийн сүр жавхаа хэдхэн нөхдөөс болж ийм байдалд хүрсэн нь харамсалтай. Хэзээ нэг өдөр цэрэгт яваагүй талаараа цэцэрхэж суусан цагаасаа ичиж мөн харамсах цаг ирэх л байх. Даанч амьдрах үнэхээр гоё.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.