Оюутнуудын авьяас чадварыг хөгжүүлэх, чадварлаг сэтгүүлчдийг бэлтгэх, дэмжих зорилготой шилдэг бүтээл шалгаруулах “Алтан үзэг” улсын наадмын шилдгүүдийг жил бүрийн 12-р сард тодруулдаг билээ. Хүмүүнлэгийн Ухааны Их сургууль, МУБИС, МУИС-ийн Сэтгүүлзүйн тэнхим хамтран зохион байгуулдаг тус наадам энэ жил 15 дахь удаагаа болох гэж байна.
“Алтан үзэг” наадамд оюутнууд нийтлэл, теле нэвтрүүлэг, радио нэвтрүүлэг, мултьмедиа нийтлэл, нийгмийн реклам гэсэн таван төрөлд өөрсдийн бүтээлээрээ оролцох боломжтой байдаг. Өнгөрсөн жилийн нийтлэлийн төрөлд шилдэгт багтсан 10 бүтээлийг цувралаар хүргэж байна. Энэ удаад өнгөрсөн жил нийтлэлийн төрөл дэд байр эзэлсэн ХИС-ийн Сэтгүүл зүйн IV түвшний оюутан Б.Хонгорзулын “Бүрэн дунд боловсрол “бүрэн” амьдруулсангүй” нийтлэлийг хүргэж байна.
СЭТГҮҮЛЧИЙН ХҮҮРНЭЛ:
Түүнийг зорин очихдоо үргэлж алхдаг зүүн дөрвөн зам ийм богино бил үү гэж гайхширч байснаа сайн санаж байна. Сандрах, түгших мэдрэмжүүд зам товчлоод өгсөн хэрэг. Тэрбээр намайг харуутаа зөндөө том болжээ миний охин, ээж нь сайн биз дээ хэмээсээр бид мэнд мэдэлцээд нам гүм газрыг зүглэн хэн хэн нь дуугаа хураан аажуухан алхлаа…
Урд минь сууж буй энэ хүнтэй ухаан орсноосоо хойш хоёр дахь удаагаа уулзаж буй минь энэ. Магад 1000 километр зам биднийг 17 жил тусгаарласнаас ийм цөөхөн учрах тавилантай болсон биз. Тэрбээр 50 эргэм насны жирийн л нэг ажилчин ангийн төлөөлөл. Харин надад хамаатуулж тодорхойлбол ээжийн минь салсан нөхөр, эгч бид хоёрын биологийн эцэг, өөр нэгэн бяцхан охины хууль ёсны асран хамгаалагч нь.

Түүнтэй уулзалт товлосон минь долоо хүрэхгүй хоногийн өмнө сонссон “бүрэн амьдрал” гэх хоёр үгнээс үүдэлтэй. Дэлгэрүүлбэл, хөрөг нэвтрүүлэгт оролцож буй иргэнийг бага ангийн багш нь ийн тодорхойлжээ. “Миний шавь амжилтад хүрэхээс аргагүй бүрэн амьдралтай охин байсан. Түүнд эцэг эх нь маш их анхаарал хандуулдаг байсныг санаж байна” гээд яриагаа үргэлжлүүлсэн юм. Тэгээд л, “би дутуу амьдаралтай нэгэн болж таарах нь”, “надад бүрэн амьдрах боломж үнэхээр байсангүй гэж үү “ хэмээх гомдол тээсэн асуултууд төрж эхэлсэн.
Яагаад ч юм хариултыг нь би өөрөөсөө биш нэрийн минь урд тавих үсгээс өөр үлдээсэн зүйлгүй энэ хүнээс олох юм шиг санагдаж байлаа. Ийн “хэргийн эзэн, хэнгэргийн дохиур”-ийг өдөрт арван тоогоор нэмэгдэж буй гэр бүл салах хүнд шийдвэр хүртэлх амьдралын замыг “бусдынхаа” өмнөөс хариулж өгөөч хэмээн зүс мэдэх төдий бид хоёрын яриа ингэж эхэлсэн юм.
Түүний тухай
1975 оны 3-р сарын 21 Өвөрхангай аймаг, Арвайхээр сум
1975 оны хавар Б.Чимэдцэрэнгийнх тав дах дах хүүхдээ эсгий гэртээ өлгийдөн авчээ. Энэ өнөр айл ам бүл арван нэгүүлээ. Тэрбээр дээрээ гурван ах, нэг эгчтэй. Доороо гурван дүүтэй. Гурван дүүг нь харах хүнгүй учир ах хүний албан бус үүрэг хүлээж сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт яг нэг жил л явж үзжээ.
1983 он. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд олгогдсон сурч боловсрох эрхээ эдлэхээр найм хүрсэн жилээ тэр аймгийн төвийнхөө хоёрдугаар арван жилийн сургуульд оржээ. Гурван ахын гараар дамжин ирсэн цүнхээ хараад баярлаж байснаа одоо ч санаж байна хэмээснээр боловсрол тэр хоёр танилцсан түүх энд эхлэв.
Тухайн үеийн сургуулийн зураглалыг авч үзвэл, хөдөө орон нутгийн сурагчид сумын сургуульд бага боловсрол, сум дундын сургуульд суурь, аймгийн төвд эсвэл томоохон хот суурин газрын сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшдэг байжээ. Юутай ч тэрээр бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ 5 буюу “сайн” дүнтэйгээр аавдаа өгчээ. Ийнхүү цааш үргэлжлүүлж, дэвшин суралцах хүсэлтэй байгаа талаар тэр өдрийн оройны гурилтай хоолны үеэр аавдаа илэрхийлэв. Тэрбээр, мэргэжилтэй ажилчин бэлтгэдэг техник мэргэжлийн сургуульд элсэнэ гэж дотроо санаж байж.
Харин аав нь “эрэгтэй хүүхэд яах вэ бүстэй юм байна мал маллаад, шороо малтаад ч болов амьдарчихна” гэж хариулаад хөдөө малчин ахынд нь илгээжээ. Тэр үед эрэгтэйчүүд ерөнхий боловсролын сургуульд 100 хувь хамрагддаг атлаа, их, дээд сургуульд суралцах боломж тийм ч их байсангүй.
1994 он. Яг нэг жил ахынхдаа мал малласнаар цэрэгт явах насанд хүрчээ. Намар арван сард Улаанбаатар хотын дотоодын цэргийн 05-р ангид нэг жилийн хугацаатай хувиарлагдснаар цагдаагийн үнэмлэх өвөртлөн 21 насандаа нутагтаа эргэн иржээ. Ийн Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах ангийн 12 дугаар ангийн гал сөнөөгчөөр ажиллаж эхлэв.
Яг энэ үед тэд танилцжээ. Түүний ангийн охин н.Должинсүрэнгийн сайн найз нь ээж минь байжээ.
Ээжийн тухай
1975 оны 2-р сарын 18 Өвөрхангай аймаг, Тарагт сум
Хангай нутгийн өвөр бэлд Ц.Дамдинсүрэн гуайнх ууган охиноо өлгийдөн авлаа. Энэ айл ам бүл долуулаа. Ээж минь найм хүрсэн жилээ Өвөрхангай аймгийн Тарагт сумын сургуульд элсжээ. Сумын сургуульд бүрэн бус дунд боловсролыг найман жилийн хугацаанд 3 буюу “дунд” дүнтэйгээр аавдаа өгчээ.
Эндээс л бүх зүйл эхэлсэн бололтой…
Өвөө хариуд нь “Охин хүүхдээ боловсролтой хүний гар харахааргүй сайхан амьдралтай болгоно оо” хэмээснээр ээж аймгийн төвийн техник мэргэжлийн сургуулийг зорьжээ. Ийн давтагдсан түүхээр их, дээд сургуулиудын ихэнх ширээнд охид сууцгаав.
Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг нуран унав. Үйлдвэрлэлгүй, бүтээгдэхүүнгүй, унд хоолгүй монголчууд ганзагын наймаанд гарч эхэлсэн чөлөөт зах зээлийн нийгэм. Хүнс өргөн хэрэглээний барааны хангамж муудсаар. Шүдээ угаая гэхээр оогоор тасалчихна, юмаа угаая гэхээр саван даанч олдохгүй. Гэртээ тулгаад тойроод сууя гэхээр цайгаар гачигдах юм. Сунжиртал, суудлаа цоортол хуралддаг байж нүдэнд харагдахуйц өөрчлөлт гарсангүй… хэмээн радиогоор дуугарах 1996 онд Монгол Улсад шинэ гэр бүл нэгээр нэмэгджээ.
Шинэхэн айлын “ХОНХ ДУУГАРЛАА*”
Ч.Батмэндийнх ам бүл дөрөв болон нэмэгдэх хугацаанд ээж хоёр ч их дээд сургуулийг дүүргэсэн бол тэрбээр яг л байрандаа. Ээж оффис ажил эрхэлдэг учир маш завгүй. Түүний цагаан цамц, хар өмдийг цэмбийтэл нь индүүдэх, оройн хоолонд юу идэх, намайг харж хандах ажлыг хийхээр тэр ажлаасаа гарчээ. Учир нь манай гэрийн санхүүгийн дийлэнх хэсгийг ээж бүрдүүлдэг байсан хэрэг.
Хайран дээр л босгосон тэдний гал голомт яг арван жил тогтож чаджээ. Намайг цэцэрлэгт хүргэж өгөхдөө чихэр авч өгөх мөнгө түүнд байсангүй. Эгч том болж хоол хийх үйлэнд тэр шаардлагагүй болов. Хаа нэг найр наадмаар дурдуулах цол гуншингүй тэрээр эхнэртээ ч хэрэгцээгүй нэгэн болж хувирав. Энэ чигээрээ удаан үргэлжилвэл би чадахгүй байсан. Тэр гэрт би хэнд ч хэрэггүй юм шиг санагдаж эхэлсэн. Тэгээд л би явсан…
СЭТГҮҮЛЧИЙН ХҮҮРНЭЛ:
Бид гурвыг орхиод явсан тэр өдрөөс хойш бид дахин таараагүй…
Түүнийг явсан эхний жил хаалга тогших чимээ болгонд эгч бид хоёр уралдаж үүд рүү гүйдэг байсан гэсэн. Хаалга хаагаад гарсан шигээ нээгээд ороод ирнэ гэж санаж ээж бид гурав мөн ч их хүлээсэн юм сан.
Түүнийг эзгүй 17 жил охиноо сургуульд нь хүргэж өгч буй аавыг харж би нэг атаархсан, аавын нуруун дээрээс тэнгэр ойрхон санагддаг гэдгийг сонсож би хоёр атаархсан, учир мэдэхгүй хүүхдүүд муудалцаад “аав даа хэлнэ дээ” гэхэд нь би гурав атаархсан. Магадгүй түүнээс хойш түүнд би дургүй болчихсон.
Манай гэрийн төмөр индүүнд түүнээс хойш хэн ч дахин гар хүрээгүй. Эвдэрсэн тавилга дахиж засагдаагүй, унтарсан чийдэн дахиж асаагүй. Миний амнаас аав гэх хэцүү үг нэг ч гараагүй.
Эрчүүдийн боловсролыг орхигдуулсан тэр нийгмийн үеийн гэр бүл болж байгаа эмэгтэйчүүд өөрөөсөө бага боловсролтой эрэгтэйчүүдтэй гэрлэж, ийм гэрлэлтийн үр дагавар нь үзэл бодлын зөрүү, үл ойлголцол, үүнээс үүдсэн салалт болон хувирчээ. Энэ оны гуравдугаар сарын байдлаар Монгол Улсад өрх толгойлсон 66048 эмэгтэй байгаа нь нотолгоо болно.
Ярилцлагын дараа бид хамт гадагш гарч, гэрлэн дохионы дэргэд тэр миний духан дээр үнэрлээд салснаас хойш дотор уужрав. Намайг голоод явсан гэж удаан бодсон бодол тэр хүн өөрийгөө голоод явжээ хэмээх хариултаар солигдлоо. Харин тэр хүн юу бодож цааш алхсныг уншигч та бид хоёр даанч хэлж мэдэхгүй юм даа.
*Хонх дуугарлаа- Ардчилсан нийгэм рүү шилжсэнийг “Хонхны дуу” дууны мөртөөс давхар илэрхийлэхийг зорьсон болно.