Энэ сарын 5-нд Dispatch-д гарсан нэгэн мэдээ алдартай нэгэн жүжигчнийг зодог тайлахад хүргэлээ. БНСУ-ын жүжигчин Чу Жин Үн-ийг ахлах ангид байхдаа машин хулгайлж, бэлгийн хүчирхийлэл зэрэг хүнд гэмт хэрэг үйлдэж, Хүүхдийн хорих газарт хоригдож байсан гэсэн мэдээ гарсан юм. Мөн насанд хүрсэн хойноо ч зодоон, согтуугаар машин барьсан хэргээр шийтгүүлж байсныг мэдээлсэн байлаа.
Энэ мэдээний дараа жүжигчний харьяалагддаг “SARAM Entertainment” агентлагаас мэдэгдэл гаргаж, жүжигчний багадаа хийж байсан хэргүүдийн талаар уучлал хүссэн ч бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдээгүй гэж зарласан.

Харин жүжигчин Чу Жин Үн энэ бүхний улмаас жүжигчний замналаа орхихоор шийджээ. Тэрээр агентлагаараа дамжуулан, гаргасан мэдэгдэлдээ “Сайн байцгаана уу. Би жүжигчин Чо Жин Ун байна. Юуны өмнө би өөрийгөө дэмжиж, итгэж ирсэн хүмүүсийн өмнө толгой бөхийлгөн хүлцэл өчмөөр байна. Би бага залуудаа үйлдэж байсан ичгэвтэр үйлдлээрээ та бүхний урмыг хугаллаа. Би бүх шүүмжлэлийг үг дуугүй хүлээн авч, өнөөдрөөс эхлэн жүжигчний ажлаасаа гарч байна. Энэ бол урьд өмнө хийж байсан хэргээ хүлээх миний үүрэг, хариуцлага юм. Цаашдаа би хувь хүний хувьд зөв амьдрахыг хичээх болно. Дахин уучлал гуйя. Надад харамсалтай байна” гэж дурджээ.
