Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский сонгууль явуулахад бэлэн гэдгээ зарлалаа. Гэхдээ аюулгүй байдлыг хангах ганцхан шаардлага тавьсан. Учир нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп түүнийг дайныг ашиглан, сонгууль хийхгүй байна гэж шүүмжилсэн юм.
Украины хууль ёсоор дайны байдалд санал хураалт явуулж болохгүй. Тус улс бараг 4 жилийн өмнө ОХУ-ын халдлагын дараа дайны байдал зарласан билээ. Гэвч Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский депутат нартаа энэ заалтыг өөрчлөх хуулийн төсөл боловсруулахыг даалгаад байна. Төслийг боловсруулж байх хооронд тэрээр АНУ болон Барууны холбоотнуудаа санал хураалтын үеэр аюулгүй байдлыг хангахыг хүслээ.
“Би АНУ-ыг надад туслаач гэж гуйж байна. Европын холбоотнуудтай цуг бид сонгууль явуулах нөхцлийг бүрдүүлж чадна. Хэрэв аюулгүй байдал хангагдвал Украин улс 60-90 хоногийн дотор Ерөнхийлөгчийн сонгууль явуулж чадна” гэж Зеленский мэдэгдлээ.

Зеленский 2014 оны сонгуулиар 73 хувийн саналаар Петр Порошенког ялж байлаа. Тэр үеийн олон нийтийн санал асуулгаар украинчуудын 80 хувь нь Зеленскийг дэмжиж байсан юм. 2022 оны хоёрдугаар сарын эхээр энэ үзүүлэлт 37 хувь хүртэл унаад байсан ч ОХУ-ын халдлагын дараа 90 хувь болж нэмэгдсэн байна. 2025 оны намар хийсэн судалгаагаар ард түмний 60 хувь нь Зеленскийг дэмжсэн хэвээр байгаа гэсэн дүн гарсан.
Хэрэв одоо Ерөнхийлөгчийн сонгууль явагдвал хэн хэн өрсөлдөх вэ?
Энэ Мягмар гарагт нийтлэгдсэн Info Sapiens-ийн судалгаанд хэрэв одоо Ерөнхийлөгчийн сонгууль явагдвал Зеленский 20,3% санал авах гэнэ. Хэдийгээр өндөр тоо биш ч тэрээр өрсөлдөгч нараасаа нэр хүнд илүү хэвээр байгаа.

Түүний дараа Украины Зэвсэгт хүчний командлагч асан генерал Валерий Залужный орж байна. Одоо Их Британи дахь Украины Элчин сайд тэрээр дайны үеэр нэр хүнд нь маш өссөн. Дээрх судалгаагаар 19 хувийн санал авах тооцоо гарсан ч нэрээ дэвшүүлэх нь эргэлзээтэй. Янз бүрийн цуурхал яриа гарч байгаа ч Валерий Залужный улс төрийн нам байгуулахгүй, дайны үеэр сонгууль явахыг ч зөвшөөрөхгүй, эсрэг байгаа гэдгээ мэдэгдсэн билээ.

Гурав дахь эрхэм бол 5 хувийн санал авах магадлалтай Украины Тагнуулын газрын тэргүүн Кирилл Буданов. Харин Буданов хэзээ ч улс төрийн ямар нэг амбиц гаргаж байгаагүй, тагнуулын албаа маш сайн гүйцэтгэж байгаа тул өрсөлдөх эсэх нь тодорхойгүй.
Судалгаагаар Украины ард түмний 63 хувь нь дайн дууссаны дараа сонгууль явуулах хэрэгтэй гэж үзсэн бол дөнгөж 12 хувь нь одоо сонгууль хийх ёстой гэж хариулжээ. Владимир Зеленскийн хувьд дайн дууссаны дараа албан тушаалаа өгнө гэдгээ зарлаад байгаа.

