2011 оны гуравдугаар сарын 11. Тэр "хар өдөр" Японд болсон газар хөдлөлт, аймшигт цунами 20,000 хүний амь насыг авч одсон билээ.
Японы Онагава хотын "77 банк" -ны дээвэр дээрээс цунамид автан ор сураггүй болсон, амиа алдсан хүмүүсийн нэг нь тус банкинд насаараа ажилласан Юко байсан юм. Юко байгалийн аймшигт хүчин зүйлд өртөхийнхөө өмнөхөн нөхөр Ясуо Такамацү рүүгээ "Чи зүгээр үү? Би гэртээ харихыг хүсч байна!" гэсэн мессеж бичсэнийг хэдэн сарын дараа олдсон гар утаснаас нь мэдсэн байна.

Юкогийн, эхнэрийнхээ сүүлчийн зурвас, хүсэлтийг "биелүүлэхээр" нөхөр Ясуо Такамацү 56 насандаа далайд гүн шумбаж сурч, шумбах зөвшөөрөл лиценз авчээ. Эхнэрийнхээ алга болсон цогцос, эсвэл ямар нэгэн зүйлсийг олж гэртээ аваачина гэсэн итгэл, зорилгоор 14 жилийн турш долоо хоног алгасалгүй Онагава хотын далайн эрэг орчмын хог хаягдлаар дүүрэн, хүйтэн харанхуй ус руу шумбаж эрлээ үргэлжлүүлдэг гэнэ , Ясуо.

Цэргийн албан хаагч байсан, тэтгэвэрт гараад автобусны жолоочоор ажиллах болсон Такамацү өдгөө ч далайн ус руу шумбасаар л, хоёр хүүхдийнхээ эх, хайрт ханийгаа хайх төгсгөлгүй эрлээ үргэлжлүүлсээр байгаа ажээ.
Ясуо Такамацү энэ бүх хугацаанд доор хаяж 800 гаруй удаа гүн шумбалт хийсэн гэнэ. Одоо 60 хол гарсан настай тэрээр эрлээ зогсоох нь найдвараа алдана гэсэн үг. Найдвар байгаа цагт хайр ч бас байсаар л байдаг гэж ярьжээ.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

