Францын кино урлагийн түүхэнд хэвшин тогтсон эмэгтэй дүрийн ойлголтыг орвонгоор нь эргүүлж асан жүжигчин Бриджит Бардо 91 насандаа таалал төгслөө. Тэрээр 1950-иад оны даруу, зөөлөн аягтай эмэгтэй дүрүүдийн дундаас эрс ялгарч, дэлгэцийн цаана ч бодит амьдрал дээр ч секс бэлгэ тэмдэг болж чадсан юм.

Бриджит Анне Мери Бардо 1934 оны есдүгээр сарын 28-нд Парис хотод төрсөн. Католик шашинтай, чинээлэг эцэг эх нь охидоосоо өндөр ёс суртахуун, сахилга бат шаарддаг байв. Дэлхийн хоёрдугаар дайны үед Герман цэргүүд Парисыг эзэлж байхад Бриджит ихэнх цагаа гэртээ өнгөрүүлж, пянзны эгшиг дор бүжиглэх хоббитой байв. Ээж нь түүний сонирхлыг дэмжиж, долоон настайгаас нь балетаар хичээллүүлж эхэлсэн нь түүний урлагийн замналын эхлэл байжээ.


Арван таван настайдаа “Elle” сэтгүүлийн нүүрэнд зургаа даруулсан нь жинхэнэ сенсаци дэгдээв. Тухайн үед эмэгтэйчүүд богино үстэй, даруу гоёл чимэглэл, нарийн эсгүүр бүхий хүрэм, шик даашинзаар голчлон гоёдог байсан бол Бриджитийн бэлхүүсээр нь татсан гил хар үс, балетчны гоо бие галбир нь түүнийг бусдаас онцгойруулав.

Ингэснээр тэр “jeune fille” буюу залуу охины дүр төрхийг илэрхийлэгч болж, 16 насандаа Парисын хамгийн алдартай залуу модель болсон юм. Түүний “Elle” сэтгүүлд гарсан зураг найруулагч Марк Аллегрегийн анхаарлыг татаж, туслахаар нь ажиллаж байсан Роже Вадимд түүнийг олох үүрэг өгчээ.

Ингээд уран бүтээлийн шугамаар Бриджит Роже Вадимтай танилцаж дотносон, сүй тавьжээ. Мэдээж Бриджитийн эцэг эх тэдний харилцааг эсэргүүцэн, Англи руу хүртэл нүүх талаар хэлэлцсэн ч эцэст нь буулт хийж Бриджит 18 нас хүрмэгцээ Роже Вадимтай гэрлэжээ.

Вадим Бриджитийг жинхэнэ од болгохын тулд уйгагүй ажилласан. Хуримын зурагаа Paris Match сэтгүүлд зарж, цаашлаад олон дэлгэцийн бүтээлд туслах дүрд тоглуулжээ. Бриджитийн ч нэр хүнд тасралтгүй өсөж, бикинитэй зураг, том долгионтой үсний засалтаараа алдартай болоод амжсан байлаа.

Харин “And God Created Woman” кино Бриджитийг алдар нэрийн оргилд хүргэсэн юм. Францад арилжааны амжилт, ашиг орлого төдийлөн сайн олоогүй ч Америкт шуугиан тарьсан. Эл киног философич Симон Де Бовуа “эрх чөлөөний үнэмлэхүй бэлгэдэл” хэмээн магтан сайшаасан нь ч бий. Энэ үед тэрээр Францын хамгийн өндөр цалинтай жүжигчин болж, түүний гадаад худалдаанд оруулж буй орлого нь дангаараа автомашины салбараас ч илүү үнэлэгдэж байлаа.

Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон түүний таалал төгссөнд эмгэнэл илэрхийлж, мэдэгдэлдээ “Түүний бүтээсэн дүрүүд, дуу хоолой, гялалзам алдар суу, бас гуниг шаналал, амьтдын төлөөх хайр энэрэл, Францын Марианна болон мөнхөрсөн төрх нь Бриджит Бардог эрх чөлөөний бэлгэдэл болгосон юм” хэмээжээ.

Камерийн өмнө Бриджит гэнэн хонгор хэр нь тачаангуй байдлыг тун ч чадмаг зэрэгцүүлэн хоршуулдаг байв. Тухайн үеийн нэгэн алдартай хэвлэл түүнийг “Уруулаараа ховсдон урхидагч, харцанд нь төөрөм авхай” хэмээн тодорхойлж байлаа. Гэвч энэ дүр төрх, имиж нь түүнийг жинхэнэ жүжигчин болох хүслээ биелүүлэхэд саад болж байв. Эцэст нь тэр 39 насандаа кино урлагаа орхиж, амьтны эрхийг хамгаалах үйлсэд үлдсэн амьдралаа зориулсан юм.
