UBLife Logo
Загвар
2026 онд зонхилох трендүүд: Ирэх жил бид юу өмсөх вэ?

2026 онд зонхилох трендүүд: Ирэх жил бид юу өмсөх вэ?

Дэлхийг хэрхэн гоёх, хүмүүст юуг анзааруулах, том хотуудаас жижиг суурин хүртэл юугаар ижилсэх, амьдрал хэрхэн өөрчлөгдөх анхны санаанууд дизайнеруудын ширээнээ зурагт буух, оёдолчдын машинаас ямар бүтээлүүд урган гарахыг бид чухам загварын долоо хоногуудын тайзнаас тольддог билээ. Энэ оны эхээр Лондон, Парис, Милан, Нью-Йорк хотуудад болсон загварын долоо хоногийн үеэр томоохон брэндүүд 2026 оны хавар, зуны улиралын цуглуулгуудаа танилцуулж, ирэх жилийн хэв маягийн ерөнхий чиг хандлагыг томруун болголоо.

Зоримог, тод өнгөнөөс бүү ай

Хавар, зуны хувцас гэж бодмогц жижиг цэцэгт хээ, зөөлөн пастель өнгийн хувцаснууд төсөөлөгддөг байсан бол ирэх жил энэ ойлголт эрс өөрчлөгдөх нь. Загварын тайзнаа хурц тод өнгөнүүд давамгайлж, Loewe, Dior, Fendi зэрэг томоохон загварын орднууд шар, улаан, ногоон өнгийг зоригтой хослуулсан силуэтүүдээр үзэгчдийг алмайрууллаа. Парисын загварын долоо хоногийн үеэр Valentino брэндийн танилцуулсан хавар зуны цуглуулгад толгойноос хөл хүртэл улаан, ягаан өнгөөр дагнасан монохром төрхүүд олны харааг булаасан бол Нью-Йоркт Proenza Schouler улбар, гүн цэнхрийг минимал хийцтэй хослуулж харуулсан нь “bold” хэв маяг зөвхөн максималист байх албагүйг нотлов. Бельгийн дизайнер Мерилл Роггегийн тод цэнхэр өнгө давамгайлсан цуглуулга энэ чиг хандлагын хамгийн тод жишээ байлаа.

“Чимээгүй тансаглал”-ын эрин үе дуусав уу?

Ирэх жил максимализм дахин ноёлох нь гарцаагүй боллоо. Хурц, тод өнгөний зоримог эргэлт нь тансаг хувцас эдлэлийн талаар ойлголтыг ч өөрчилж байна. 2025 онд “чимээгүй тансаглал” буюу даруухан, минимал хэв маяг хүчтэй эргэн ирсэн ч загварын тайзнаас аажмаар шахагдаж, оронд нь илүү тод, максималист дүр төрхүүд хүч түрэн орж ирж байна. Saint Laurent арьсан материалтай, толгойноос хөл хүртэл хар өнгөөр шийдсэн хүчирхэг дүр төрхүүдийг танилцуулсан бол Missoni өөрсдийн нэрийн хуудас болсон “chevron” хээг том хэмжээний гоёл чимэглэлтэй хослуулсан байв. Chanel, Balenciaga-гийн хувьд өд, текстур, эзэлхүүн дээр төвлөрсөн драматик шийдлүүд зонхилж, Dolce & Gabbana алтлаг чимэглэл, барокко элементүүдийг дахин тайзнаа авчирсан нь “loud luxury” зөвхөн хувцас эдлэл бус загварын ертөнцөд байсаар байх хэв маяг гэдгийг дахин санууллаа.

Материал, бүтэц дээр тоглосон шинэ романтизм

Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал загварын чиг хандлагад шууд нөлөөлдөг. Үүний нэг илрэл нь чимэглэл, унжлага цацаг бүхий хөдөлгөөнт элементүүдийн эргэн ирэлт юм. Tassel, fringe буюу унжлага, сөдөн чимэглэлүүд дахин сэргэсний баталгаа нь Balmain-ийн том хэмжээтэй илгэн цүнхнүүд, Louis Vuitton, Elie Saab-ын неон өнгийн унжлага бүхий даашинз, өмд болно. Түүнчлэн, Bottega Veneta савхи, нэхмэлийн зааг дээрх fringe-ийг минимал хэлбэрээр ашигласан нь энэ тренд олон янзаар тайлбарлагдаж болохыг харуулсан юм. Ийнхүү материал, бүтэц дээр тоглосон шийдлүүд ирэх улирлын гол сэдвийн нэг болж байна.

Chloé-гийн тайзан дээр цэцгэн баримал мэт цээживч, зөөлөн хуниралттай даашинзнууд романтик уур амьсгал бүрдүүлсэн бол Moschino эсрэгээрээ өнгө, хээ зөрчилдсөн, үрчгэр хоёр хэмжээст хувцсаар анхаарал татав. Zimmermann олон давхар хормой, нарийн хуниасуудаар мөн бохо-шик мэдрэмж төрүүлсэн бол Isabel Marant-ын инди маягийн юбка, хурц хэр нь хараа булаам элементүүдээр илүү сонирхолтой, өвөрмөц өнгө аяс нэмсэн нь текстурын тренд эргэн ирж буйг илтгэнэ.

Тренч цув үргэлж “классик” сонголт байх болно

Тод өнгө, хээ, зоримог загварууд хүч түрэн буй ч сонгодог хэв маяг бүр мөсөн алга болчихсонгүй. Тренч цув ирэх жилүүдэд ч байр сууриа хадгалсаар байх нь. Ихэнх загварын орднууд уламжлалт цайвар шаргал өнгийг сонгосон ч Celine сонирхолтой хээ, өнгө бүхий доторлогоотой сонгодог тренчийг танилцуулж, Saint Laurent шинэлэг өнгө, материалыг цувнууддаа туршжээ. Elie Saab нарийхан, эмэгтэй хүний галбирыг тодотгох силуэттэй цув танилцуулсан бол Givenchy илүү цайвар өнгө, тод өнгийн том товчнууд ашигласан нь сонгодог загварыг орчин үеийн байдлаар загварчилж болохыг харууллаа. 

Ажил хэрэгч хувцаслалтыг стиль болгосон шинэхэн “дүрэм”

Эцэст нь, энэ бүх максимализм дунд ажил хэрэгч хэв маяг ч өөрийн орон зайг буйдхан төвхнүүллээ. Stella McCartney, Bottega Veneta эмэгтэй оффисын хослолыг 1980-аад оны хүчирхэг силуэтээс сэдэвлэн дахин загварчилж, ажлын хувцсыг “уйтгартай” бус, харин загварлаг байж болохыг харууллаа. Prada, Miu Miu брэндүүд сорочка, хантааз, хүрэм давхарлаж өмсөх шийдлүүдийг түлхүү ашиглаж, харин Thom Browne склад, олон давхарга бүхий юбка танилцуулсан нь ажлын дүрэмт хувцсыг концепцийн түвшинд аваачсан жишээ боллоо.

Ийнхүү 2026 оны хавар, зуны хэв маяг биднийг илүү зоримог, илүү илэрхий, өөрийнхөөрөө байхыг уриалж байна. Энэ бол зөвхөн юу өмсөх тухай бус, хувцаслалтаараа өөрийгөө хэрхэн харуулах тухай улирал байх нь гарцаагүй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.