Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Сэтгэл судлаач Г.Отгонцэцэг: Улирал солигдохтой холбоотой сэтгэл гутрал эмчлэгддэг


Жил жилийн хавар сэтгэл санаа тогтворгүйтэн, цаанаа л нэг "эмо" байдаг шиг чамд санагддаг уу? Бид үнэхээр цаг уураас болж "эмордог" юм болов уу? Ер нь хавар цагт сэтгэл гэгэлзэн, догдолж, дээш доош савлан "сахилгагүйтэх" нь хэр ортой юм бол? Энэ талаар бид Сэтгэл судлалын үндэсний төвийн Зөвлөгөөний албаны сэтгэл судлаач Г.Отгонцэцэгтэй ярилцлаа. 

Зурган дээр дараад бидэнтэй нэгдээрэй   

- Өдрийн мэнд. Хавар цагт залуусын сэтгэл санаа хямарч, сэтгэл гутрах буюу “эморох” үзэгдэл ихэсдэг гэдэг. Сэтгэл судлалын үүднээс хавар “эморох” нь хэр үнэн бодитой вэ?

Өдрийн мэнд хүргэе. Сэтгэл судлалын шинжлэх ухаанд эморох гэдэг нэр томьёо байдаггүй. Залуучууд бидний дунд өргөнөөр ашиглагддаг "эморох" гэдэг үг "emotion" буюу сэтгэл хөдлөл гэдэг үгнээс гаралтай. Өөрөөр хэлбэл төрж буй мэдрэмжээ, сэтгэл санааны байдлаа илэрхийлж байгаа үг хэллэг гэж ойлгож болно. Хүн бүрийн хувьд эморох гэдэг үг өөр утгыг, өөр мэдрэмжийг агуулдаг байх. Зарим хүмүүс дуу сонсох, ном унших, бодолд автахыг эморох гэж нэрлээд байдаг. Догдолсон мэдрэмжийг ч эморох гэж нэрлээд байгаа харагддаг. Харин зарим хүмүүс түр зуурын хямралд өртсөн үедээ гуниглаж ганцаардаж байгаа гэх мэт сөрөг мэдрэмжээ эморох гэж нэрлэдэг. Нэг үгээр өөрт төрж буй мэдрэмжээ л эморох гэдэг үгээр илэрхийлж байгаа юм. Тэгэхээр заавал сөрөг мэдрэмжээ л эморох гэдэг үгээр илэрхийлж байна гэж хэлэхэд хэцүү. Эморох гэдэг үгийг ашиглаж тухайн хүн ямарч мэдрэмж сэтгэл хөдлөлөө илэрхийлж байх боломжтой гэсэн үг юм. Тиймээс яг юу мэдэрч байна вэ? гэж өөрөөсөө болон бусдаас лавлаж асуугаарай /Инээв/. Яахав бидний нийтлэг ойлголтоор гуниглаж байгаагаа эморох гэж нэрлээд байдаг юм шиг санагддаг. 

- Сэтгэл санаагаар унах, түр зуурын хямралтай үед бид юу хийх хэрэгтэй вэ? Найз нөхөд, эргэн тойрныхондоо хэрхэн туслах вэ?

Бид хямарсан, гунигласан, сэтгэл санаагаар унасан үедээ хэн нэгнээс зөвлөгөө авах гэхээс илүү намайг сонсоосой гэж хүсдэг. Яагаад гэвэл бидэнд өөрт төрж буй мэдрэмжээ хуваалцах, гадагшлуулах хэрэгцээ байдаг. Тиймээс хэцүү байгаа нэгнээ шүүмжлэхгүйгээр, зөв бурууг шүүхгүйгээр, зөвлөх гэж яарахгүйгээр, бодлоо хэлэх гэж яриаг нь таслалгүй идэвхтэй сонсоорой. Мэдээж сонсож байгаа ч тоохгүй байгаа юм шиг мэдрэмж төрүүлбэл нөгөө хүн маань ярихыг хүсэхгүй шүү дээ. Аль болох утсаа оролдохгүйгээр нүдрүү нь харж тэр хүнийг ойлгохыг хичээж сонсоорой. 

 "Хэцүү байгаа нэгнээ шүүмжлэхгүйгээр, зөв бурууг шүүхгүйгээр, зөвлөх гэж яарахгүйгээр, бодлоо хэлэх гэж яриаг нь таслалгүй идэвхтэй сонсоорой"

Та өөрөө гуниглаж, хямарч байгаа бол аль болох итгэж болох хүндээ ярьж хуваалцахыг хичээгээрэй. Нэг үгээр амьд харилцаа маш чухал юм шүү. Мөн өдөр тутмын амьдралын зөв хэв маяг сэтгэл зүйн эрүүл мэндэд нөлөөлдөг. Тэгэхээр та сүүлд хэзээ дасгал хөдөлгөөн хийсэн бэ? Зөв хооллохыг хичээдэг үү? Нойрондоо хэр анхаарал хандуулдаг вэ? гэх мэтчилэн асуултыг өөрөөсөө асуугаад үзээрэй. 

- Залуус заримдаа “эморох” гэх үгийг эерэг талаас нь ойлгох нь бий. Жишээ нь, ном уншиж, кино үзэн, кофе уунгаа “сайхан эморлоо” гэдэг ч юм уу. Ийм хөнгөн, гэгэлзсэн, догдолсон мэдрэмж цаг уураас буюу хавраас үнэхээр шалтгаалдаг уу? 

Тийм ээ. Улирал солигдоход бидний бие махбод болоод сэтгэл зүйд тодорхой өөрчлөлтүүд явагддаг. Өвлийн хүйтэн цаг уураас урин дулаан руу шилжин өдөр уртсаж байгаа нь бидний сэтгэл зүйд олон эерэг нөлөөллийг авчирдаг. Хаврын улирлыг хүмүүс итгэл найдварын улирал ч гэж ярьдаг. Хаврын улирал хүний сэтгэл санааг өргөхөөс гадна илүү бүтээлч байхад хүртэл тусалдаг. Нөгөө талаар улирал солигдох үед үүсдэг сэтгэл гутрал гэж байдаг. Үүнийг "Seasonal depression" гэж нэрлэдэг. /"Seasonal Affective Disorder" гэж ч нэрлэдэг/ Зарим хүмүүст намар өвөлдөө илэрч байхад зарим хүмүүст хавар зундаа ч илрэх тохиолдол байдаг. Улирал солигдохтой холбоотой сэтгэл гутрал эмчлэгддэг. Бид нар хааяа жил бүрийн өдийд ч гэдэг юм уу, жил болгон 10 сарын үед л би сонин болоод байх юм гэж ярьдаг. Энэ нь улирал солигдохтой холбоотой сэтгэл гутрал ч байж болох юм. Та өөрийгөө болон эргэн тойрны хүмүүсээ ажиглаад үзээрэй. Мэргэжлийн сэтгэцийн эмч, сэтгэл судлаачид ч мөн хандах боломжтой. 

- Коронавирусийн үед залуус төдийлөн гадуур гарах боломжгүй байгаа. Ийм үед сэтгэл санаагаа дэмжих ямар алхмуудыг та зөвлөх вэ?

Бид цахимаар ажлаа хийж, цахимаар уулзаад бараг л дасчихлаа. Мэдээж амьд харилцаа хэрэгтэй байлгүй яахав. Гэхдээ одоо байгаа нөхцөл байдлыг бид хүлээн зөвшөөрч дасан зохицохоос өөр аргагүй байгаа. Мөн энэ бүхэн хэзээ зүгээр болж хэвийн байдалдаа орохыг ч бид мэдэхгүй. Тиймээс аль болох битгий хүлээлт тавиарай. Мөн сэтгэл санаагаа тогтвортой тайван байлгахын тулд зөв хооллох, чанартай нойр авах, дасгал хөдөлгөөн хийх гэдэг маш чухал шүү. Хөлсөөр бид стрессээ гадагшлуулж, чанартай нойр сэтгэл санааны байдлыг тогтворжуулж дархлааны системийг бүрэн ажлаа хийхэд нь тусалдаг. 

Мөн хөл хорион дахь цаг хугацааг ашиглаж өөртөө цаг гаргаж дуртай зүйлсээ хийхийг хичээгээрэй. Гэр бүл, найз нөхөд, дотны хүмүүстэйгээ байнга харилцаа холбоотой байхыг хичээгээрэй. Цахимаар найз нөхөд дотны хүмүүстэйгээ хамт хоол хийх, ном унших, зураг зурах гээд л болздог гоё трэнд бий болсон байна лээ. Та бүхэн ч бас цахимаар шинэ зүйлсийг туршиж болзоод үзээрэй. 

- Цаг заваа гарган, хариулт өгсөн танд баярлалаа.

Хамгийн их уншилттай
1
2021.05.02
"Ододтой бүжиглэе" шоу олныг хөгжөөсөн тухай 20 пост
2
2021.04.26
ЦАР ТАХАЛ | Энэтхэгийн нөхцөл байдлыг харуулсан зүрх шимшрэм 16 зураг
3
2021.04.26
Оскарын шагналт жүжигчин Юн Ё Жоны тухай 6 баримт
холбоотой мэдээ
1
4 өдрийн өмнө
Цахимаар хичээллэх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлөв?
2
2021.05.07
Хүүхэд 14 насандаа хамгийн ихээр сэтгэл гутралд өртдөг
3
2021.05.07
"Дисаниа" буюу өглөө босч чадахгүй байх эмгэг гэж юу вэ?
санал болгох
1
20 цагийн өмнө
"Booker Prize 2021"-ийн сүүлийн сунгаанд шалгарсан 6 зохиолч + ном
2
Өчигдөр
Амны хаалт байнга зүүж байгаа энэ үед арьсаа хэрхэн арчлах вэ?
3
Өчигдөр
АНУ вакцинд хамрагдсан иргэдээ маскгүй явахыг зөвшөөрлөө

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
4
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.