Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Залуу сонгогчдын ЗААВАЛ мэдвэл зохих 3 ТООН БАРИМТ


Ирэх зургаадугаар сарын 9-нд Монгол Улс найм дахь удаагийн ерөнхийлөгчийн сонгуулиа явуулах гэж байна.

Фэйсбүүк, инстаграм, YouTube гээд бүхий л сошиал платформд сонгуулийн холбогдолтой мэдээлэл, сурталчилгаа, худал мэдээлэл тарж эхэлснийг та анзаарсан биз ээ.  Энэ их мэдээллийн урсгал дунд таарсан бүхнээ үзэж, унших эсвэл огт мэдээлэл авахгүй байхын аль алин нь хортой. Тиймээс бид чанартай, бодит мэдээллийг уншигчдадаа хүргэж, Ерөнхийлөгчөө хамтдаа сонгохоор “Надад нэг санал байна” медиа аянаа эхлүүлээд буй. 

Нэр дэвшигчид, сонгуулийн тухай ярихаас урьтаж ерөнхийлөгчид ямар эрх хуулиар олгогдсон байдгийг Ерөнхийлөгч "бүх юмны дарга" мөн үү? нийтлэлд дэлгэрэнгүй дурдсан билээ. Харин энэ удаа ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа, сонгууль дагасан зардал хийгээд сонгогчдын ирцийн талаар онцлох тоон баримтуудыг хүргэж байна. 

Энэ бол биднийг сонгуульдаа илүү хариуцлагатай, мэдээлэлтэй оролцож, чамбай сонголт хийхийг сануулсан том тоонууд юм. 

Дашрамд дурдахад, сонгуулийг үл ойшоодог хэмээн байнга "адлагддаг" 18-25 насны залуучуудын 63 хувь нь өнгөрөгч УИХ-ын сонгуулиар саналаа өгч, өмнө нь байгаагүй өндөр ирцтэй оролцсон билээ. Мөн өнгөрсөн намар болсон орон нутгийн сонгуульд ч залуучуудын ирц 4.8 хувиар өссөнийг дурдах нь зүйтэй юм. Улс төр сонирхдог, оролцдог, дуу хоолойгоо хүргэдэг залуучууд улам олон болж байгаа нь күүл биш гэж үү? 

Дөрөв биш ЗУРГААН ЖИЛ, хоёр биш ГАНЦ Л УДАА

Өмнө нь бид ерөнхийлөгчөө дөрвөн жилийн хугацаатайгаар сонгодог байсан ба нэг хүн хоёр удаа сонгогдох эрхтэй байв. Үндсэн хуулиа шинэчилж ерөнхийлөгчөө сонгодог болсноос хойш нийт таван хүн Монгол Улсын ерөнхийлөгчөөр сонгогдож байснаас хоёр нь буюу Нацагийн Багабанди, Цахиагийн Элбэгдорж нар хоёр удаа сонгогдсон байдаг. 

Тэгвэл 2019 онд баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын ерөнхийлөгчийг 6 жилийн хугацаатай ганц удаа сонгохоор тусгажээ. Ингэснээр 2021 оноос эхлэн сонгогдож буй ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 6 жил үргэлжлэхээр болж байна. 

ТЭРБУМ ТЭРБУМААР нэмэгдэж буй сонгуулийн зардал

Бүх шатны сонгуулийг зохион байгуулахад гарч буй зардлыг УИХ тухайн жилийн төсөвт суулгаж өгдөг. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч, УИХ, Орон нутгийн сонгуулийг зохион байгуулахад гарч буй зардал татвар төлөгч бидний халааснаас гардаг гэсэн үг юм. Харин уг зардал сонгуулиас сонгуулийн хооронд хэрхэн нэмэгдэж байгааг дараах графикаас харж болно. 2009 оноос хойш л гэхэд ерөнхийлөгчийн сонгуулийн зардал 6.5 дахин нэмэгджээ. 

Үүнээс гадна нэр дэвшигчид, намууд сонгуулийн сурталчилгаандаа мөнгө зарцуулж байгаа бөгөөд 2013 оны сонгуулиас эхлэн улс төрийн нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг Төрийн аудитын байгууллага тогтоох болсон билээ. Үүний дагуу: 

  • 2013 онд Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн зардлын дээд хэмжээг 3 тэрбум, намынхыг 5.1 тэрбум төгрөг,
  • 2017 онд нэр дэвшигч 3.9 тэрбум, намынхыг 6.8 тэрбум төгрөг,
  • Харин 2021 онд нэг нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээ 8.1 тэрбум төгрөг байхаар тус тус тогтоож өгчээ.

Хүн амын өсөлт, газар нутгийн хэмжээтэй харьцуулахад сонгуульд зарцуулах мөнгө дэндүү их болсныг судлаачид шүүмжилдэг. Тухайлбал, 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэг нам болон түүний нэр дэвшигч 10.7 тэрбум хүртэлх төгрөгийг зарцуулах эрхтэй байсан. Гэтэл 145 сая хүн амтай ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын дээд хязгаар 2018 онд 400 сая рубль буюу 16 тэрбум төгрөг байв. Өөрөөр хэлбэл, манай сонгууль хойд хөршийн сонгуулийн зардлын 70 орчим хувьтай тэнцэж байжээ. 

Ийнхүү сонгуулийн зардал нэмэгдэхийн хэрээр: 

  • Тэгш бус өрсөлдөөн үүсэх: Их мөнгөтэй нам болон нэр дэвшигчид бусдаасаа хэт давуу байх боломж олгодог.
  • Тэгш бус боломж: Сонгогдсон улстөрчид бүх нийгмийн төлөөлөл бус харин цөөн хүрээний буюу ихэнх тохиолдолд мөнгөтэй хөрөнгөтэй хэсгийн төлөөлөл болдог.
  • Бохир улс төр: Сонгогчдын саналыг мөнгөөр худалдаж авах, төлбөртэй сурталчилгаа, худал мэдээлэл тараах үндсэн бүрддэг гэж судлаачид үздэг. 

Дахин санал хураалтын дараа ДАХИН СОНГУУЛЬ бий юу?

Ерөнхийлөгчийн сонгуулийн ирцийг харвал сонгуулиас сонгуулийн хооронд буурсаар байна. Хамгийн сүүлд буюу 2017 онд түүхэндээ анх удаа дахин санал хураалт явуулсан билээ. Тухайн үед гурван нэр дэвшигчийн хэн нь ч олонхын саналыг авч чадаагүй тул  анхны санал хураалтаар хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг дахин өрсөлдүүлснээр өнөөгийн ерөнхийлөгч сонгогдож байв. 

Хэрэв хоёр дахь санал хураалтаар хэн нь ч олонхын санал авч чадахгүй бол яах вэ? Энэ тохиолдолд хуулийн дагуу дахин сонгууль зарлах бөгөөд намууд шинээр нэр дэвшигч тодруулах ёстой байдгийг энэ дашрамд сануулъя. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2023.03.30
Сонгуулийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар залуусын мэдвэл зохих 5 зүйл
2
2022.06.15
"Би Нэгдий" залуусын өдөрлөгөөс онцлох нь: Юу болж өнгөрөв?
3
2022.06.11
"Би Нэгдий" залуусын өдөрлөг амжилттай явагдаж өндөрлөлөө
санал болгох
1
23 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.