UBLife Logo
Надад нэг санал байна

Улс орнууд удирдагчаа юугаар нь шинжиж, сонгодог вэ?

Улс орнууд удирдагчаа юугаар нь шинжиж, сонгодог вэ?

Ард олны таашаалд нийцсэн хүсэмжит удирдагч гэж ямархуу хүнийг хэлдэг юм бол? Орчин цагт улс төр хэт медиажиж, улс төрчдийн дүр төрх, зан авир, ажил үйл бүх зүйл сонгогчдод таалагдахын төлөөнөө болжээ. Тэр хэрээрээ ч улс төрчид хэвлэл мэдээллээр хүссэн имижээ бүрдүүлж, сонгогчдын сэтгэлийг татахын тулд тодорхой дүр бүтээх ч шаардлага гардаг байж болох юм. Ямартай ч ард иргэд удирдагчаас юу хүсэж, ямар шинж чанарыг нь харж сонголт хийдэг тухай сонирхолтой баримтуудыг дараах 4 орноор жишээлэн харуулъя. 

АНУ- ЁС СУРТАХУУНТАЙ, ХАРИУЦЛАГАТАЙ

Pew судалгааны төвийн 2014 онд хийсэн судалгаагаар Америкчуудын тал хувь нь ерөнхийлөгч болох хүн бурханд итгэдэг байх нь чухал гэж үзжээ. Мөн тухайн үед Хиллари Клинтон ерөнхийлөгчийн сонгуульд дэвших магадалалтай хэмээгдэж байсан тул эмэгтэй ерөнхийлөгчийг хэр дэмжих талаар санал асуулга явуулахад 71% нь удирдагч байхад хүйс хамаагүй гэж үзсэн байх юм.

Мөн бас нэг сонирхолтой үзүүлэлт бол Америкчуудын гуравны нэг нь гэр бүлээс гадуурх харилцаа, олон удаагийн гэрлэлт бүхий хүнийг ерөнхийлөгчөөр сонгохгүй гэж дүгнэжээ. 

Харин 2020 оны сонгуулийг угтан,  дараагийн ерөнхийлөгч ямар хүн байгаасай гэж иргэд хүсэж буйг тодруулахаар судалгаа хийхэд Бүгд Найрамдах намын дэмжигчдийн 76% нь хүчирхэг, бууж өгдөггүй хүн хүсэж байна гэсэн бол Ардчилсан намын дэмжигчдийн 81% нь үнэнч, худал ярьдаггүй, ёс зүйтэй хүнээр удирдуулмаар байна гэжээ. Мөн тэд эмпати буюу бусдыг ойлгон мэдрэх чадвар өндөртэй байх хэрэгтэй гэж. Харин хоёр намын дэмжигчдийн дуу нэгтэй санал нийлсэн шинж чанар бол “үүрэг хариуцлага хүлээх чадвар” юм. Удирдагч хүнд хийнэ гэсэн бол хийдэг, хэлсэндээ хүрдэг, чадахгүй бол уучлалт гуйгаад хариуцлагаа хүлээдэг чадвар хамгийн чухал гэжээ. 

2019 онд хийсэн “Insider”-ийн судалгаагаар сонгогчдын 1/3 нь ерөнхийлөгчөө нийгмийн дундаж давхаргад өсөж өндийсөн хүн байгаасай гэж хүссэн бол мөн тооны сонгогчид хэд хэдэн хэлтэй, боловсрол өндөр хүн байвал дуртай байна гэдгээ илэрхийлж. 

ХБНГУ- ТОГТВОРТОЙ УДИРДАГЧ, САЙН АНАЛИТИКЧ

Германы канцлераар 15 жил ажиллаад, энэ жил бүрэн эрхийнх нь хугацаа дуусч буй төрийн тэргүүн, хатагтай Ангела Меркел ард түмнийхээ хайртай удирдагч билээ. Германчууд энэ эмэгтэйн чухам юунд нь итгэж түүнээр энэ олон жил удирдуулсан бөгөөд түүний ямар чанарт хамгийн дуртай байдгийг олон улсын хэвлэлүүд ийнхүү бичжээ.

“Тэр маргаанд ялах гэж хичээдэггүй. Өөрийн үзэл санаагаа зарлаж, тунхаглаад ч байдаггүй. Харин өгөгдсөн нөхцөлд нөлөөлж буй хүчин зүйлсийг сайтар үнэлж дүгнээд, аль замаар нь явахаа шийдээд, чимээгүйхэн ажиллаж эхэлдэг хүн

Харвард ньюс газетте

“Меркел бол урд гарч уриалан гүйдэггүй, хамгийн хойно явж, ар талаас хамгаалан удирддаг удирдагч”

Inc.com

“Түүний улс төр хийх арга барилд өвөрмөц содон зүйл юу ч байхгүй. Харизм байхгүй. Хэлбэр загвар байхгүй. Зөвхөн эрдэмтэн хүний баримт сэлтэд дүн шинжилгээ хийх чадвар, эрх мэдэлд хандах эрүүл ухаан, сайн шийдвэр гаргах хурц мэдрэмж л бий”  

Time сэтгүүл

“Түүнийг ажлаа авахад Европ терроризмтай тэмцэж буй хүнд цаг үеийг туулж байлаа. Төд удалгүй эдийн засгийн хямрал нүүрлэсэн. Гэвч Меркелийн бодлогоор Европ хямралыг даван туулж, Европын холбоо хүчирхэг байж чадсан юм. Тэр иргэдийнхээ аж амьдралд, улс орныхоо нийгэмд, мөн Европ даяар тогтвортой байдал бий болгож чадсан. Тэр үнэндээ тийм ч агуу том тоглогч, алсын хараатай лидер биш. Харин тэр бол бидэнд үнэхээр хэрэгтэй байсан тогтвор суурьшилтай удирдагч”

Мюнхений өдрийн сонин

ИРЛАНД- ТУРШЛАГАТАЙ УЛС ТӨРЧ, ЭРДЭМТЭН ПРОФЕССОР

Ирландчууд манайх шиг парламентын засаглалтай агаад ерөнхийлөгч нь маш хязгаарлагдмал эрх мэдэл бүхий, бэлгэдлийн шинжтэй тэргүүн гэдгээрээ бидэнтэй адилхан. Энэ улсын ерөнхийлөгч нэг удаадаа 7 жил алба хаших ба хоёр хүртэлх удаа сонгогдох боломжтой. Ажил үүрэг нь улсын эв нэгдлийг ханган, үндсэн хуулийг сахин хамгаалахад чиглэнэ. Хамгийн сонирхолтой нь хэрвээ ерөнхийлөгчийн сонгуульд ганцхан хүн нэр дэвшээд, өөр өрсөлдөгч байхгүй бол санал асуулга явуулалгүй шууд сонгодог аж. Ийм явдал түүхэндээ 6 удаа тохиолдож байжээ. 

                                                                                                   Ирландын Ерөнхийлөгч Майкл Хиггинс

1937 оноос хойш 9 ерөнхийлөгч сонгогдон ажилласан ба тэдний ихэнх нь улирч сонгогдон 14 жил төр барьжээ. Өнөөгийн ерөнхийлөгч Майкл Хиггинс гэхэд 14 жил төр барьсан хатагтай Мэри МакАалисын дараа 2011 онд сонгогдоод 2018 онд мөн л улиран ажилласан байх юм. Тэрээр өдгөө 80 настай ба улс төрчөөс гадна яруу найрагч, телевизийн нэвтрүүлэгч гэдгээрээ ард түмэндээ танигдсан хүн юм байна. 

Нэгэнт ерөнхийлөгчийн эрх мэдэл, шийдвэр гаргах боломж нь хязгаарлагдмал тул энэ албан тушаалд өрсөлдөөн бага байдгийг ажиглаж болохоор. Өмнөх Ерөнхийлөгч хатагтай МакАалис гэхэд хоёр дахь удаагаа улиран ажиллахад түүнтэй өрсөлдөх нэр дэвшигчгүйн улмаас санал асуулга явуулалгүй шууд ажлаа үргэлжлүүлж байжээ. 

Энэ үүднээсээ Ирландчууд төрийн тэргүүнээрээ аль болох нас тогтсон, тогтвортой ажиллах, 65-аас дээш насны,  улс төрийн арвин их туршлага хуримтлуулсан хүмүүсийг сонгож байсан нь харагдана. Гагцхүү түүхэн дэх хоёр эмэгтэй ерөнхийлөгч нь хоёулаа 50 орчим насандаа сонгогдсон нь хамгийн залууд тооцогдож байна. Түүнчлэн үе үеийн төрийн тэргүүнүүдийн ажил мэргэжлийг анзаарвал хууль, шүүхийн салбараас улс төрд хөл тавьсан, академик мэргэжилтнүүд буюу эрдэмтэн, профессорууд олон байгаа нь харагдана. 

Төрийн тэргүүний ажил үүргийн чиглэл, хүрээ тун тодорхой учраас улс төрийн инстүүцүүд нь хоорондоо тэмцэхгүй, аль болох тогтвортой үйл ажиллагаа явуулах, удирдагчид нь тууштай төр барих боломжтой байгаагаараа Ирланд улс онцлог юм. 

МОНГОЛ- БОЛОВСРОЛТОЙ, НЭР ЦЭВЭР, ШУДАРГА

Монголчууд үе үеийн ерөнхийлөгчөөр ямар хүмүүсийг сонгож байсан тухай цаглабар тоймыг бид уншигчдадаа хүргэсэн билээ. Тэрхүү жагсаалтыг улс төрийн судалгааны зарим материалтай харьцуулан харвал бид ер нь ямархуу удирдагч, төрийн тэргүүнд нааштай хандаж ирсэн, тэдний юуг нь харж сонголт хийдэг болох тухай бяцхан зураглал буухуйц. 

Монгол Улс анхны ерөнхийлөгчөө сонгосон 1993 онд Батлан хамгаалах яамны эрдэм шинжилгээний хүрээлэнгийн социологийн судалгааны төвөөс “Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ямар хүнийг сонгох нь зүйтэй вэ?” гэсэн судалгаа явуулахад оролцогчдын 80% нь өндөр боловсролтой хүн бол ямар ч мэргэжилтэй байж болно гэж хариулжээ. 

Аль намаас нэр дэвшсэн хүнийг сонгох вэ гэсэн асуултанд 77% нь улс орныхоо төлөө ажиллаж л байвал нам хамаагүй гэжээ. Мөн 1993 оны сонгуулиар ерөнхийлөгч асан П.Очирбат сонгогдсоны дараах судалгаагаар түүний хээгүй, энгийн байдал олон түмэнд таалагдсан гэсэн байх юм. 

1997 оны сонгуулийн өмнө хийсэн судлагаагаар ард түмэн шударга, зарчимч ерөнхийлөгч хүсэж байна гэсэн хариу өгчээ. Энэ сонгуульд Н.Багабанди ялсан ба түүний нэр цэвэр, элдэв хэл аманд өртөж байгаагүйд үндэслэн ард түмэн саналаа өгсөн гэж судлаачид үзжээ. Мөн тухайн үед эрх барьж асан Ардчилсан намын эсрэг хүчний дэвшигчид санал өгч, нэг ёсондоо жингийн туухайг тэнцүүлэх сонирхолтой байсан нь ажиглагдаж буй юм.

2001 оны сонгуулийн өмнөх санал асуулгад ард түмэн дахиад л өндөр боловсролтой хүнийг чухалчилж. Н.Багабанди ахин дэвшиж, Р.Гончигдорж, Л.Дашням нартай өрсөлдөөд дахин сонгогдсон шалтгаан нь ард түмэн тогтвортой төр засагтай байхыг хүсэж хуучин ерөнхийлөгчөө улираан сонгосон гэж үздэг аж. Харин 2005 онд бид ерөнхийлөгчөөр Н.Энхбаярыг сонгосон нь түүний өмнөх 4 жилд ерөнхий сайд байхдаа улс орноо эмхэлж цэгцэлж чадсантай холбоотой гэж үздэг. Гэвч тэр 2009 онд Ц.Элбэгдоржид ялагдсан нь түүний төр барьж асан жилүүдэд  нийгэм тэр чигтээ авлигад автсантай холбоотой гэж зарим судлаач үзсэн байна. Мөн тэр хар залуугаасаа улс төрд орж, 13 жил тасралтгүй өндөр албан тушаал хашсан нь ард олныг түүнээс уйдахад хүргэсэн гэжээ. Монголчуудын сэтгэл зүй амархан уйддаг хүүхдийн сэтгэл зүйтэй адил хэмээн бичиж. Тиймээс хэн нэгэн шинэ хүнийг хүлээж байсан нь илт байна. 

2013 оны сонгуульд анх удаа эмэгтэй хүн нэр дэвшсэн. (Л.Удвал, МАХН) Гэвч нийт сонгогчдын 6.5%-ийн саналыг л авсан юм. Өмнөх ерөнхийлөгч Ц.Элбэгдорж улиран сонгогдсон нь энэ цаг үед нийгмийн сэтгэл зүй нэр дэвшигчийн намын статусыг голчлон харгалзаж сонголт хийсэн явдал хэмээн дүгнэжээ. 

Эндээс дүгнэвэл манай ард түмэн саяхныг хүртэл ерөнхийлөгчөө сонгохдоо эрдэм боловсролыг машид чухалчилдаг байсан байна. Хоёрдугаарт, эрх баригч намын эсрэг хүчинд санал өгдөг жишээ хэд хэд бий. Зарим тохиолодолд хүнийг биш намыг нь харгалзан санал өгч байсан байна. Мөн улс төрд удаан оршин тогтносон хүнээс залхах хандлагатай, шинэ удирдагчид дуртай аж. 

Судалгааны эх сурвалж: Ерөнхийлөгчийн сонгууль 1993-2013, О.Эрдэнэчимэг

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.