Кремлийн их танхим дахь хаалттай хуралдаан дээр 1500 төлөөлөгчийн өмнө Никита Хрушев илтгэл хэлэлцүүлж, Унгарын хувьсгал хурцдаж, “Лэзи Боне” нэртэй телевизийн анхны удирдлага мэндэлж байхад Мехикогийн их сургуулийн анги, танхимын хаа нэгтээ 56 настай Эрих Фромм гэгч эр хайрлах урлагийн талаар ном бичиж суужээ. Тэртээ 1956 онд шүү.
Тэрбээр үлгэр домгоос эхлээд хэчнээн зууны турш урлагт тунхагласан романтик сэтгэл хөдлөл биш бодит нөхцөлд, нийгэмд хүн хоорондын харилцаан дээр хайрын яриа үүсэх боломжтой гэсэн санаа руу номоо чиглүүлж байлаа. “Хэрэв чи хэн нэгэнд хайртай боллоо гэхэд бусдыг ч бас хайрлаж чаддаг байх ёстой. Хэний ч өмнө хүлцэл өчиж, зориг, итгэл үнэмшилтэй, хамгийн чухал нь хувийн сахилга баттай байх ёстой”-г өмнөх үгэндээ шигтгэсэн байлаа. Эцэст нь тэр хайр сэтгэлийг философи, нийгэм судлал, сэтгэл судлалын талаас нь жинхэнэ дүр төрхөөр нь урласан цорын ганц бүтээлийг туурвиснаа мэдсэн гэдэг.
Германы философич, психологич, социологич Эрих Фроммын “Хайрлах урлаг” (The Art of love) ном хоёр дахь удаагаа монгол хэлнээ орчуулагдан, худалдаанд шилжсэн даруй шилдэг борлуулалтыг тэргүүлж эхэлсэн юм. Уран зохиолын нүсэр салбар, хувь хүний хөгжлийн амбийцтай хэсгийг философи, психологийн бүтээл борлуулалтаараа давна гэдэг номын жижиг зах зээлтэй оронд цөөн тохиох үзэгдэл. 1996 онд орос хэлнээс орчуулсан “Хайрын амт” хувилбараас энэ удаагийн орчуулга ялгарах хэд хэдэн онцлогтой. 2013 онд Германы философич Р.Д.Прехтийн “Би хэн бэ, тийм гэвэл хэдэн Би вэ?” номыг уншигчдад хүргэсэн олон нийтийн боловсрол, соён гэгээрлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Майнд сан”-гийн залуу орчуулагчдын баг герман, англи эхээс харьцуулан бүрэн эхээр нь буулгажээ. Орчуулгын зөвлөхөөр ажилласан доктор С.Молор-Эрдэнэ “Эрих Фромм хайрыг зүгээр нэг гэнэт учирдаг, тэгээд л өөрөө цаашаа яваад өгдөг мэдээжийн үйл явдал биш гэдгийг анхааруулж, хайранд зөв сайн суралцаж чадвал хүнийг хайрлах болохоос биш, суралцаагүй хүний хайрыг жинхэнэ хайр биш гэсэн. Үүнийг Фромм олон жишээ болон онол дээр дээр тулгуурлан баталсан” гэжээ.
Зохиогч хайрын талаарх уламжлалт ойлголт, орчин үеийн нийгмийн үзэгдлийг сөргүүлэн “Хайрлах нь урлаг уу” гэсэн асуултыг тавьжээ. Өнгөрсөн зуунуудад ихэнх газар гэрлэлт нь хоёр талын тохиролцоон дээр тулгуурладаг байснаа XX зуунаас эхлэн гэнэт чөлөөт сонголттой болж, хайрлах хүнээ өөрөө сонгох болсноор объектийг хэт чухалчлах болсон. Үүнээс үүдээд “сэтгэл татам” гэсэн ойлголт гарч, сэтгэлийг татсаны төлөө чи түүнд өөрөө мөн таалагдах хэрэгтэй болов. К.Марксын солилцооны зарчим шиг чи сайхан сэтгэл, тусч зан, харамгүй байдлаа хэн нэгний зүс царайтай дүйцүүлэн солилцоно гэсэн үг. Гэтэл зарим хэсэг хайрыг амархан гэж хүлээх авах буюу тэгснээр ихэнхдээ сэтгэл хөдлөл, шохоорхол дурлалыг хайр гэж эндүүрдэг гэсэн байна. Тиймээс Эрих Фромм хайрыг урлаг хэмээн үзээд, түүнд суралцахыг санал болгон, түүнийгээ онол, практик гэсэн хоёр зарчмаар авч үзжээ.
Номын орчуулагч А.Баярцэцэг “Хүний нийгэм өрсөлдөөн, хувийн шунал дээр тогтох уу, эсвэл хүнлэг сэтгэл, хайр хүндлэл, морал дээр тогтох уу гэсэн суурь асуултыг хөндөж тавьснаараа онцлог” хэмээн тодорхойлж байна. Зохиогч номынхоо эхний бүлэгт хүний оршихуйд хайр хариулт болдог буюу чи бодож байвал орших биш “чи хайрлаж байвал оршино” гэсэн санааг гаргана. Орчин цагийн нийгэм арилжааг чухалчлах болсноор хайр солилцооны зүйл болон хувирч, үнэгүйдэж, хайртай хүнээ, үр хүүхдээ өмчлөх тохиолдол элбэг гэжээ. Өөрөөр хэлбэл, яг одоо Монголын нийгэмд гарч буй хардалтын хэргүүд, үр хүүхдээ хөнөөсөн жигшүүрт явдал чухам Эрих Фроммын номын бодит жишээ болно. Сэтгэл судлаач Л.Энхтүшигийн ярьснаар “Орчин үеийн нийгмийн харилцаа улам хурцдаж, жирийн хүн цаг ямагт дайралтанд өртөж байдаг. Капиталист нийгэмд амьдарч байгаа хүмүүс нь сэтгэлийн дарамт болон невротикт (улигт айдас, түгшүүр, стресс гэх мэт) ордог. Тиймээс хүн тэвчихийн аргагүй нөхцөлд амьдрахдаа бусдыг энэрэх, “чин сэтгэлээсээ хайр”-лах чанараа мартдаг гэсэн. Эндээс дахин улс төр, нийгэм хийгээд бодгалийн хайр энэрлийн ойлголттой холбогддог”-ийг Эрих Фромм чухалчилсан хэрэг.
“Хайрлах урлаг” номын зөвлөх орчуулагч С.Молор-Эрдэнэ номын өмнөх үгэнд “Орчуулгын зарчимд барьсан нэг үйлдэл нь өгүүлбэрийн бүтцийг маш цомхон илүү дутуу сул үггүй бичиж, ямар ч үед өөрийн санаа эсвэл өөрийн ойлголтыг орчуулга болгож бичээгүй”-г онцолсон байна. Хоёр дахь орчуулгын үнэ цэнийг эх бүтээлдээ үнэнч байх, тухайн хэлний болон мэргэжлийн ойлголтуудыг эвдэхгүйгээр хадаж тайлбарлах, санаагаа тодорхой илэрхийлэх, сул үг, нуршсан өгүүлбэрээс татгалзсанаар тодорхойлж болно.
Гэнэтийн сэтгэл хөдлөл, ямар нэг шалгуурын цаана хайр сэтгэл байх нь цөөн, харин чи суралцаж, бүх нөхцөлд хайрлаж байх хэрэгтэй гэсэн зохиолчийн санаа таныг энэ номын хуудас бүрт хөтлөх болов уу.