Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Сонгуулийн ТОЛЬ БИЧИГ буюу залуу сонгогчдын мэдвэл зохих 13 хэллэг


Залуучуудад сонгууль, улс төр гэх мэт ойлголт хол хөндий, ойлгомжгүй санагдах нь бий. Тэгвэл сонгуулийн үйл явцыг ойлгох, түүнд утга учиртайгаар оролцоход тань туслах зорилгоор улс төрийн хүрээнд өргөн ашиглагддаг хэллэгүүдийг тайлбарлан хүргэж байна. Оролцоо ойлгохоос эхэлнэ.   

Намын сунгаа 

Ерөнхийлөгчийн сонгуульд зөвхөн УИХ-д суудалтай намууд л хүнээ нэр дэвшүүлэх эрхтэй. Одоогоор УИХ-д МАН, АН, ХҮН гэсэн гурван намын төлөөлөл байгаа тул ерөнхийлөгчийн сонгуульд гурван нэр дэвшигч өрсөлдөхөөр байна. Тэгвэл нэр дэвших сонирхолтой хүмүүсээ нам дотроо тодруулж буй үйл явцыг намын сунгаа гэдэг. Жишээлбэл, нэг намаас хэдэн ч хүн сонгуульд нэр дэвших хүсэлт гаргаж болох бөгөөд нийт гишүүдийнхээ санал хураалтаар эсвэл намын бага хурлаар (төлөөлөх зөвлөл ч байж болно) намаа төлөөлж сонгуульд өрсөлдөх НЭГ НЭР ДЭВШИГЧИЙГ тодруулдаг. 

Хөвөгчид 

Хатуу үзэл баримтлалгүй, аль нэг намд харьяалагддагүй, эцсийн мөч хүртэл хэнд саналаа өгөхийг нь таамаглах аргагүй сонгогчдыг саарал хэсэг буюу хөвөгчид (Swing voter) гэж нэрлэдэг. Тэдний олонх нь хэнийг дугуйлахаа сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд, зарим нь бүр санал авах байранд очсон хойноо шийддэг аж. 

Эвсэл

Намууд, "эвсэнэ", эвслийн засгийн газар гэх яриаг олонтаа сонссон биз ээ. Эвсэл гэдэг нь нийтлэг зорилгодоо хүрэхийн тулд хоёр ба түүнээс дээш нам түр хугацаанд хамтран ажиллахаар тохиролцохыг хэлдэг. Улс төрийн намууд эвсэж дундаасаа сонгуульд нэр дэвшигчээ тодруулж болно, эсвэл засгийн газраа байгуулж болно. Тухайлбал, 2012 оны УИХ-ын сонгуулиар аль ч нам олонх болж чадаагүй ба хамгийн олон суудал авсан Ардчилсан Нам нь Шударга ёс эвсэл, ИЗНН-тай хамтран эвслийн засгийн газар байгуулан ажиллаж байв. Хамгийн сүүлийн жишээ гэвэл, Хөдөлмөрийн Үндэсний Нам (ХҮН), Монголын Социал Демократ Нам (МСДН), Зүй Ёс Нам (ЗЁН) хамтран Зөв ХҮН электорат эвслийг байгуулж 2021 оны ерөнхийлөгчийн сонгуульд Д.Энхбатыг нэр дэвшүүлээд байна. 

Популист 

Популизм, популист улстөрч гэх хэллэгтэй бид өдөр тутамдаа таардаг. Энгийнээр, популистууд нийгмийг гэм зэмгүй ард түмэн, авлигад идэгдсэн элит гэж хоёр хуваадаг ба өөрсдийгөө үргэлж ард түмний төлөөлөл гэж ярьдаг.  Жирийн улстөрчдөөс ялгаатай этгээд жигтэй үг, үйлдлээрээ олон нийтийн анхаарлыг татдаг ба төрийн эрхэнд гарвал улс төрийн хямралыг араасаа дагуулдаг. Мөн шударга ёс, сүржин уриа лоозон ашиглаж, нийгмийн нарийн төвөгтэй асуудлыг амархан шийдэх амлалт өгдөг. Түүнчлэн бэлэн мөнгө амлах, тараах, татвар буруулах гэх мэт эрх баригчдын сонгуулийн өмнө гаргадаг олон нийтэд чиглэсэн шийдвэрүүдийг популист гэж тодорхойлох нь бий.

Өнөө цагт дэлхий нийтээрээ популизмыг ардчилалд заналхийлж буй гол аюул гэдэгтэй санал нэгдэж байна. АНУ-ын экс ерөнхийлөгч Дональд Трамп, Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте тэргүүтэй улстөрчдийг популист гэдэг. 

Цүнх баригч (намчин)

Зөвхөн монголчууд л ойлгох хэллэгүүдийн нэг бол цүнх баригч (намчин гэх нь ч бий) юм. Улс төрд хөл тавьж, өндөр албан тушаал, эрх мэдэлтэй хүний дэргэд ажиллаж буй залуучуудыг гол төлөв ингэж нэрлэдэг боловч төрд зүтгэж буй залуучууд бүгд цүнх баригч гэсэн үг биш билээ. Тэд тодорхой хэдэн шинжээр ялгардаг гэнэ. Тухайлбал, "Нөхөрсөг, хэт идэвхтэй, гарах үр дүн багатай сайн санааны ажилд идэвхтэй оролцож, үйл явцыг нь нийгмийн сүлжээнд нэгд нэгэнгүй нийтэлдэг. Улс төрийн намын дэргэдэх залуучуудын байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, гурав болон түүнээс дээш олон нийтийн байгууллагын удирдах түвшинд харьяалагддаг ч тэдгээр байгууллага ямар үйл ажиллагаа явуулдаг нь тодорхойгүй" гэж Үндэсний тойм сэтгүүлийн "Цүнх баригчийн түгээмэл шинж" нийтлэлд дурджээ. 

Цагаан сонголт 

Сонгуулийн тухай хуулиар сонгогч нэр дэвшигчдээс хэнийг ч сонгохгүй байх эрхтэй. Өөрөөр хэлбэл, та сонгуульд хэнийг ч дэмжихгүй байвал хоосон саналын хуудас уншуулж болох бөгөөд үүнийг "цагаан сонголт" гэж нэрийддэг. Сонгуульд огт оролцохгүй байхаас ялгаатай нь та саналаа өгснөөр бүртгэгдэж, сонгуулийн ирцэд нөлөөлнө. Дашрамд дурдахад, 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд 18.6 мянга, дараагийн санал хураалтад 99.4 мянган сонгогч цагаан сонголт хийж байв.  

Дахин санал хураалт ба дахин сонгууль

Хуульд зааснаар сонгуульд оролцсон нийт сонгогчийн зөвхөн олонхын (50%+) санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзнэ. Тэгвэл нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын саналыг аваагүй бол ДАХИН САНАЛ ХУРААЛТ явуулах журамтай. Монгол Улс 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулиар түүхэндээ анх удаа дахин санал хураалт явуулж байсан. Тухайн үед гурван нэр дэвшигчийн хэн нь ч олонхын саналыг авч чадаагүй тул анхны санал хураалтаар хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг дахин өрсөлдүүлснээр өнөөгийн ерөнхийлөгч Х.Баттулга сонгогдсон билээ. 

Хэрэв дахин санал хураалтаар хоёр нэр дэвшигчийн хэн нь ч олонхын санал авч чадахгүй бол ДАХИН СОНГУУЛЬ зарлах бөгөөд намууд өөр хүнийг нэр дэвшигчээр тодруулах ёстой байдаг.

Ухуулагч

Нэр дэвшигч болон тухайн  намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг сонгогчдод тайлбарлан таниулах, нэр дэвшигчийн талаарх мэдээллийг сонгогчдод хүргэх, нэр дэвшигчээс сонгогчидтой хийх уулзалтыг зохион байгуулах үүрэгтэй, тухайн нам, эсвэлээс томилогдсон хүнийг ухуулагч гэдэг. 

Сонгуулийн хар машин

Монгол Улс 2012 оны УИХ-ын сонгуулиас анх удаа санал авах, тоолох автомат төхөөрөмж буюу хар машиныг ашиглаж эхэлжээ. Өмнө нь саналын хуудсыг гараар тоолдог байсныг халж ийнхүү хар машин ашиглаж эхэлсэн нь тухайн үед ихээхэн маргаан дагуулж байсан юм. 2015 онд МАН-ынхан автомат төхөөрөмжид итгэхгүй байгаагаа илэрхийлэн хар машиныг шатааж байсан удаатай. Гэхдээ хар машины үр дүнг нягтлахын тулд санал авах хэсгийн хороодод гараар давхар хяналтын тооллого хийдэг. УИХ-ын сонгуулийн тухай хуулиар нийт хэсгийн хороодын 50 хүртэл хувьд хяналтын тооллого хийж болно гэж заажээ.

Царцаа

Бас л зөвхөн Монголд харж болох "үзэгдэл". Сонгуулийн саналаа нэг нэр дэвшигчийн төлөө өгөхийн тулд өөр нутаг оронд зохион байгуулалтайгаар олноороо шилжихийг “Царцааны нүүдэл” гэж нэрлэдэг. Ингэхдээ тухайн орон нутагт амьдарч буй өрхийн хаяг дээр давхар бүртгэл хийж луйвардах тохиолдол гардаг байна. УИХ-ын сонгууль нь олон тойрогтой, тойрог бүрд өөр өөр нэр дэвшигчтэй тул “Царцааны нүүдэл” гарах эрсдэлтэй юм. 

Сонгуулийн PR

Нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр, тараах материал, сурталчилгааны зурагт самбар, сонгогчидтой хийх уулзалт зэрэг нь сонгуулийн сурталчилгааны хуулиар зөвшөөрөгдсөн арга хэлбэр юм. Тэгвэл сонгогчдын оюун санаа, шийдвэрт нөлөөлөх зорилгоор явуулж буй арга технологийг сонгуулийн PR гэж болно. Сонгуулийн PR сөрөг эсвэл эерэг ч байж болно. Захиалгат нэвтрүүлэг гаргах, хуурамч мэдээлэл тараах, өрсөлдөгчөө гутаан доромжлох, гүтгэх, сошиал орчинд төлбөртэй пост түгээх зэрэг нь сонгуулийн сөрөг PR гэдгийг санаж үүнд итгэх, автахгүй байх нь чухал юм. 

Тролл

Тролл, фэйк ньюс (хуурамч мэдээ), бот, сэвэх гэх мэт үгсийг та сонссон нь лавтай биз ээ. Эдгээр нь ихэвчлэн нийгмийг талцуулах, олон нийтийн анхаарлыг үндсэн сэдвээс хазайлгаж өөр зүйл рүү чиглүүлэх, санаа бодлыг нь эргүүлэх зорилготой үйл ажиллагаа юм. Тухайлбал, интернэт троллуудыг улс төрийн үйл ажиллагаа, сонгуулийн үеэр ашиглах нь түгээмэл байна. Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн пост, мэдээллийн сайтын мэдээний дор сэтгэгдэл бичих хэлбэрээр троллинг хийдэг. Цаад зорилго, шалтгаан, шинж чанараараа өөр хоорондоо ялгардаг боловч хувь хүн, нийгмийн бүлэг хүмүүс рүү чиглэдгээрээ нийтлэг юм. Троллуудууд бусдын сэтгэл хөдлөлийг ашиглан өдөөн хатгасан шинжтэй зүйлс бичиж хүмүүсийг хооронд нь талцуулж, маргаан үүсгэдэг. 

Сонгогчийн боловсрол

Эцэст нь, энэ бүгдээс хамгийн чухал нь сонгогчийн боловсрол юм. Сонгогчийн боловсрол гэдэг бол сонгууль өгөхийн ач холбогдлыг бүрэн ухамсарлаж, хэнд, хэзээ, хэрхэн саналаа өгөхөө мэддэг байх явдал юм. Түүнчлэн сонгуулийн аливаа сурталчилгаа, ухуулга, хуурамч мэдээлэл, гүтгэлэг зэрэгт амархан хууртахгүй, хэн нэгний нөлөөнд автахгүйгээр чөлөөт, хараат бусаар саналаа өгөх нь сонгогчийн боловсролын нэг чухал бүрэлдэхүүн юм. Gogo сайтын Сонгогчийн боловсрол гэж юу вэ нийтлэлд энэ талаар дэлгэрэнгүй өгүүлжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2023.03.30
Сонгуулийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар залуусын мэдвэл зохих 5 зүйл
2
2022.06.15
"Би Нэгдий" залуусын өдөрлөгөөс онцлох нь: Юу болж өнгөрөв?
3
2022.06.11
"Би Нэгдий" залуусын өдөрлөг амжилттай явагдаж өндөрлөлөө
санал болгох
1
17 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

LEMON PRESS 2021.06.16 66.181.165.27

Гоё нийтлэл болжээ.

0 Хариулах