UBLife Logo
Улс төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдыг огцруулсан тогтоолд бүхэлд нь хориг тавилаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдыг огцруулсан тогтоолд бүхэлд нь хориг тавилаа

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Монгол Улсын ард иргэд 80 жилийн өмнө буюу 1945 оны аравдугаар сарын 20-нд бүх нийтийн санал хураалтад оролцож, тусгараар тогтнолоо баталгаажуулсан түүхт өдрийн мэнд хүргэе.

Монгол Улсын Үндсэн хууль бол Монгол улсын тусгаар тогтнол, үндэсний эв нэгдэл, ард түмний хүсэл зоригийн илэрхийлэл, монголчуудаас урган гарсан эрхэм дээд баримт бичиг байдаг. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэхүү ардчилсан Үндсэн хуулиа сахин хамгаалах, бататган бэхжүүлэх үүднээс УИХ-ын тогтоолд бүхэлд нь хориг тавьж байна. Уг тогтоолыг бүрэн эхээр нь танилцуулъя.

“УИХ-аас Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай 95 дугаар тогтоолыг 2025 оны аравдугаар сарын 17-ны өдөр баталж, тухайн өдрийн 14 цагт ёсчлон ЕТГ-т ирүүлсэнтэй танилцлаа.

УИХ-аас Ерөнхий сайдыг огцруулах тухай 95-р тогтоолыг баталсан. Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 33.1.1, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12.8-ыг тус тус үндэслэж, дараах үндэслэлээр бүхэлд нь хориг тавьж байна:

Нэгдүгээрт, УИХ-ын үйл ажиллагаа Үндсэн хуульд бүрэн нийцсэн байвал зохино. Ерөнхий сайдыг огцруулах саналыг нийт гишүүдийн олонх дэмжсэн бол тогтоолыг баталсанд тооцно. Мөн УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 101-р зүйлийн 101.4-т УИХ-ын нийт гишүүдийн олонх Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоолыг баталсанд тооцно хэмээн тус тус заасан. Дээрх заалт ёсоор УИХ-ын гишүүдийн анх тавьсан санал буюу Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжих эсэхээр УИХ санал хурааж, шийдэх ёстойг Үндсэн хууль болон УИХ-ын Дэгийн тухай хуульд салаа утгагүйгээр тусгажээ. Гэтэл УИХ-ын гишүүдийн тавьсан саналаар биш, ТББХ-ны Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй гэсэн саналаар санал хурааж шийдвэрлэсэн байна.

Хоёрдугаарт, Хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим зөрчигдсөн байна. Хуралдааныг гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцох хуультай. Нэгдсэн хуралдаан пүрэв, баасан гарагт 10:00-13:00, 14:00-18:00 хүртэл хуралдана. Хэрэв хэлэлцэх асуудал дуусаагүй бол олонхын саналаар сунгаж болно гэж заасан. Гэтэл баасан гарагийн хуралдааны ирцийг шинээр эхлүүлээгүй, ирц хүрээгүй пүрэв гарагийн хуралдааныг сунган үргэлжлүүлсэн нь хууль зөрчжээ.

Үндсэн хууль дээдлэх зарчим зөрчигдөх нь тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, гадаад дотоод нэр хүнд, улс үндэстний нэгдмэл байдалд ноцтой хохирол учруулах аюултай. Иймд 2025 оны аравдугаар сарын 17-ны өдрийн 95-р тогтоолд тавьсан энэхүү хоригийг хуульд заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү”” гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.