Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

ХҮРД (The Wheel) киноны тухай | Tegshee's Movie Corner

Амстердамын олон улсын кино наадмын шагналт "Хүрд" баримтат киноны тухай


“3, 3 сая хүн амтай оронд өдөрт дунджаар 1 хүн амиа хорлодог, 3 хүн тутмын 1 нь ядуу амьдарч байна.”

Ийм бичиг “Хүрд” (The Wheel) баримтат киноны төгсгөлд гардаг. Магад өдгөө үед ийм нэг тоо баримт илтгэсэн өгүүлбэр хэний ч эмзэглэлийг төрүүлж сэртэсхийлгэхгүй, бид хэдийн дөжирсөн биз. Гэхдээ...

Гэхдээ энд дурдагдаж буй орон нь бидний эх орон “Монгол”. Өдөрт дунджаар 1 хүн бидний дундаас сайн дураар хорвоог орхин одож байгаа, бидний яг эргэн тойронд тэрхүү ядуу амьдраад буй 3 хүн тутмын 1 нь байгаа. Тэгэхээр бидэнд хамаагүй гээд өнгөрч боломгүй хөндүүр сэдэв, амьдрал, хүмүүсийн түүх...эцэстээ бидний бүтээж буй нийгэм, тэр нийгэмд дунд нэгнээсээ хэлхээтэй амьдарч буй бид. 

Тийм ээ, “Хүрд” бол амиа хорлолтын тухай баримтат кино. Амиа хорлолтыг гол төлөв хувь хүний сэтгэлзүйн асуудал гэж ихэнх маань боддог, би ч ялгаагүй эл асуудлыг тэр “хувийн” гэх ангилалд багтаадаг байсан. Яагаад хүн амьдралаасаа татгалзах болов гэдэг шалтгааныг яг онож, яг таг тодорхойлох хэцүү. Юутай ч амиа хорлолтын дийлэнх хувь сэтгэл гутралаас үүддэг, харин сэтгэл гутрал гэх түгээмэл шалтгаан хүн нэг бүр дээр буухаар харилцан адилгүй болдог, хүн чухам юунд гутарч сэтгэлээр үхэж, эцэстээ амиа хорлох үйлдлийг хийв гэдэг бас л харилцан адилгүй. Ийнхүү нэгэн хэмжүүрээр тодорхойлох аргагүйн дээр хэний ч хүсэмгүй, хөндүүр сэдэв учир амиа хорлолтыг тэгсгээд сэтгэлийн хатгүй хэдхэн хувь хүний асуудал гэж өөрсдөөсөө зайлуулж түлхчих нь бидэнд амар байдаг биз. Амиа хорлох оролдлого хийсэн хүмүүсийн сэтгэлзүй ч ямагт өөрсдийгөө л буруутгадаг. “Би л болдоггүй хүн, би байхгүй байсан бол...” гэж. Харин...

Харин “Хүрд” баримтат кинонд ийм цөөхөн хүн амтай оронд амиа хорлолтын түвшин ийм өндөр байгаа нь энэ бол хэдхэн хувь хүнд хамаатах асуудал биш нийгмийн шинжтэй үзэгдэл болтол ужгирсан, нийгэм, эдийн засгийн хүчин зүйлтэй нягт холбоотой асуудал юм гэдгийг анх удаа ул суурьтай, хүнлэг, нээлттэй байдлаар хөндөн харуулснаараа онцлог. “Хүрд” кинонд “сэтгэл гутрал” гэдэг оношилгооны үг хэллэг нэг ч дурдагдахгүй, амиа хорлолтын шалтгааныг тогтоох гэсэн хөндлөнгийн хүний дүн шинжилгээний үнэр ч байхгүй, гагцхүү амиа хорлох оролдлого хийсэн хүмүүсийн ахуй, бодит яриа, амиа хорлогсдын ар гэрийнхний сэтгэлийн уудлал үг л үзэгчдэд хүрнэ. 

Хөндүүр нийгмийн хөндүүр асуудлыг бодит хувь хүмүүсийн түүхээр дамжуулан хөндөхдөө сэтгэлийн шархаа дэлгэж буй хүмүүст уран сайхны хэтрүүлэл, драм ашиглалгүй ямар нэг зориудын анхааруулга, сургамж тээлгэх гэсэн санаа зорилгогүй яг байгаагаар нь үнэн, шударга хандаж үзүүлсэн нь “Хүрд” баримтат бүтээлийн хүнлэг ёсны цаашлаад баримтат кино хэмээх урлагийн төрлийн үнэ цэн юм. Нээрээ “Хүрд” кино баримтат киноны хамгийн том наадам болох Амстердамын баримтат киноны наадмаас дунд хэмжээний урртай шилдэг кино шагналыг хүртэж энэ төрөлдөө дэлхийд өндрөөр үнэлэгдсэн нь сайхан хэрэг. “Хүрд” баримтат киноны найруулагч, сэтгүүлч Л.Номин ярилцлагадаа “манайд нийгэмд тулгамдаж, бодитоор оршдог ч хэн ч ярихыг хүсдэггүй, харанхуй буланд хав дарчихсан асуудалд гэрэл тусгах гол зорилго байсан, асуудал буюу агуулга нь хэлбэрээ хөтөлж баримтат кино бүтээсэн” гэснээс үзвэл анхнаасаа мундаг бүтээл хийнэ гэж зориогүй, дэлгэн хөндөж буй сэдэв, агуулгатаа л илүү ач холбогдол өгч, бүтээлийг нь бүрдүүлж буй хүмүүс, үүх түүхд нь шударга, хүнлэг хандсан нь аяндаа сайн бүтээл төрөхөд хөтөлжээ. 


Эл “Хүрд”-эд янз бүрийн нас, хүйсний таван хүний бодит түүх хэлхлэгдэн бүтсэн. Кино эхлэхэд л зураг авалт нь баримтат зураг үзээд байх мэт бодитой, бидний л эгэл ахуй, орчин гарч байгаа учир хүнд сэдвийг хөндөж байгаа ч цаана нэг түгшүүр, айдасгүй, дассан, мэддэг орчиндоо юмыг шинээр эргэцүүлж нээхийн, анзаарч ажиглахын, хүн хүндээ сэтгэл тавихын “дулаан”-ыг мэдрүүлж байв. 

Баяраа бол хөдөөнөөс ээжтэйгээ хамт хот рүү шилжин ирж амьдралын эрхээр хаягдал төмөр цуглуулах, уурхайд ажиллах зэрэг янз бүрийн ажил хийх болсон залуу. Гэтэл нэг л өдөр ээжийг нь хордлогын төв дээр дуудаж, хүүд нь юу болсныг дуулгадаг...

“Хүрд” эргэсээр төгсгөлдөө хүрэхэд л хуучин шоронгийн хашаанд буй тэднийхний амьдардаг “монгол гэр” хот, хөдөө, уламжлал, шинэчлэл, баян, ядуудаа тэлэгдэн хуваагдаж дунд нь тэлчлэн үймэрч буй бидний өнөөгийн дүр төрхийг бэлгэдэх мэт гашуун санагдсан. Энэ тийм зориудын, анзаарахгүй байхын аргагүй хурц гардаггүй л дээ. Аяндаа л тийм сэтгэгдэл төрсөн хэрэг. 

Сумынхаа эрүүл мэндийн төвд ажилладаг Цээеэ эгчийн хүү амиа хорлож хорвоог орхисон. Охинтойгоо хоёул талийгч хүүгийнхээ тухай ярих энэ эгчийн яриа үлдэгсэд ямар шаналал, буруутгал тээж үлддэгийг эрхгүй мэдрүүлсэн. 

Жоохон охинтойгоо үлдсэн Уртаа багшийн нөхөр халамцуу байхдаа нэг л өдөр “шалтгаангүй” гэмээр амиа хорлосон. 

Эрдэнэ бол бидний “шошго” хадаж чичилдгээр бол “архичин.” “Сэтгэл санаа ганцаардлаа тайлахын тулд хүн архинд ордог болохоос архинаас болж гудманд гараад, амьдрал нь доройтоод байдаггүй” гэж ярих тэр ахын шулуун, цэгцтэй ярианаас архи бол шалтгаан биш, архидалт бол шинж тэмдэг гэдгийг илүүтэй ойлгоно. Төр засгийн бодлого, хүмүүсийн хандлага ч тэр архийг ямагт шалтгаан гэж ойлгож тэмцэх гэдэг, гэтэл архидалт бол ядуурлын, ажилгүйдлийн, тэрнээс хамаарсан гутрал, итгэл алдрал, ганцаардал, зовлонгоо мартагнах зуурын арга, сатаарал, түүний цаана ийм нарийн шалтгаанууд байгаа, тэр шалтгаануудтай л тэмцэж арилгахгүй бол шинж тэмдэгтэй нь тэмцээд хэзээ ч бүрэн үр дүнд хүрэхгүй гэдгийг дурайтал мэдрүүлсэн.

Уянга бол амиа хорлох оролдлого хийсэн өсвөр насны охин. Чухам яагаад гэдгийг энд хэдхэн үгээр бичмээргүй. Ер "Хүрд" эхнээсээ эргэн кино үргэлжлэх явцад миний энэ бичсэн шиг хүмүүсийн нэр ч тодорхой гардаггүй, хүмүүсийн амьдрал, түүх нь л өөрсдийнх нь амаар хүүрнэгдсээр төгсгөлд нь харин тэр ийм нэртэй хүн байжээ гэдэг нь мэдэгддэг.

Эл таван хүний “амиа хорлолт”-ыг тойрсон үүх түүх, ахуй, шалтгаан, киноны хэллэг, зураглал нийлж “Хүрд”-энд хэлхлэгдэн зангилагдаж нэг цогц болоход бид чухам ямар нийгмийг бүтээгээд байна, хүн хүндээ ямар амархан “шошго” хадаж, тэр дагуугаа ангилан ялгаж, хүн гэж хайхрахгүй болдог, хүнээ байцгаадаг, ямар амархан хүн хоорондын холбоосоо тасалж хүнийсч, холдож хөндийрч, хүн хүндээ хэчнээн хайхрамжгүй болж, хүнлэг биш харгис цэвдэг нийгэм бүтээх зам руу шударч буйн дохио тэмдгийг л маш хүнлэг, бодитой байдлаар сануулах шиг болсон. Угаас урлагт үүрэг гэж байдаг бол нэг нь энэ байх. Хувь хувьдаа бэдэрч буй ахуй амьдралаасаа илүү гарч чаддаггүй хүмүүс бидэнд урлаг л хувьхан ахуй, оршихуйгаасаа сугарч нийгмээ, хүний амьдралыг бүхлээр нь харах, тольдох, бурангуй, болохгүйг чичлэлгүй сануулах, цаашид түүнийгээ яах вэ хэмээн ултай эргэцүүлэх асуултыг тавьдаг биз. Дэлгэцэнд эргэх ХҮРД хөндүүр нийгмийн хөндүүр асуудлыг бидний дотор ийн хэлхэж байна.


Эцэст нь “Хүрд” (The Wheel) баримтат киног “Алтан өргөө” олон улсын кино наадмын хүрээнд 6 сарын 18-20-ны хооронд 3 хоногийн хугацаанд Look Tv-ээс үнэ төлбөргүй үзэх боломжтойг олзуурхан дуулгаж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
5 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
Өчигдөр
Роберт Паттинсон, Сүки Уотерхаус нар анхны хүүхдээ өлгийдөн авлаа
санал болгох
1
4 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
5 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
9 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
0
0
0
0
0
0
0