UBLife Logo
Нийгэм

Вьетнам улсын Морьт цагдаагийн хороонд үүрэг гүйцэтгэсэн монгол морьд эх орондоо ирлээ

Вьетнам улсын Морьт цагдаагийн хороонд үүрэг гүйцэтгэсэн монгол морьд эх орондоо ирлээ

Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс (БНСВУ)-ын хууль сахиулах салбарын хамтын ажиллагааны хүрээнд Вьетнам Улсын Морьт цагдаагийн хороонд амжилттай үүрэг гүйцэтгэсэн монгол адуу 2026 оны 07 дугаар сарын 06-ны өдөр эх орондоо ирлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 26 дугаар захирамжаар нүүдэлчин ахуй, ёс заншлыг хадгалан хамгаалах, адууны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах зорилгоор “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан Вьетнам улсын талд санал тавьсны дагуу тус улсын Морьт цагдаагийн хороонд нэр төртэй үүрэг гүйцэтгэсэн адуунуудыг Монгол Улсад буцаан бэлэглэх шийдвэрийг гаргасан.

Энэхүү түүхэн ач холбогдолтой ажлын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Д.Мөнх-Эрдэнээр ахлуулсан салбар дундын Ажлын хэсэг, Гадаад харилцааны яам, Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа Элчин сайдын яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Гаалийн ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газар болон бусад холбогдох байгууллагууд нягт хамтран ажиллаж, адууг тээвэрлэхтэй холбоотой мал эмнэлэг, хорио цээр, вакцинжуулалт, экспорт, импортын зөвшөөрөл, тээвэрлэлтийн зохион байгуулалт, шаардлагатай баримт бичгийн бүрдүүлэлт зэрэг бүх бэлтгэл ажлыг шуурхай, үе шаттайгаар зохион байгуулан хэрэгжүүлсний үр дүнд монгол түмний их баяр наадмын босгон дээр молор эрдэнийн хүлэг монгол адуугаа эх орондоо авчирлаа.

Эх орон, ард түмнийхээ хүндэтгэл, бахархал болж, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Нийгмийн аюулгүй байдлын яамны Морьт цагдаагийн хороонд үүргээ нэр төртэйгээр амжилттай гүйцэтгэсэн монгол адууг хүлээн авах ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа А.Намсаманд, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Нийгмийн аюулгүй байдлын яамны Хөдөлгөөнт цагдаагийн дэд командлагч, хурандаа До Диен Туй (Вьетнамын талын Ажлын хэсгийн ахлагч), мөн дээрх адуунуудыг эх оронд нь авчрах ажиллагааг зохион байгуулахад гар бие оролцсон холбогдох төрийн байгууллагуудын төлөөлөл болон адууны цаашдын арчилгаа, хамгаалалтыг хариуцан ажиллах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын алба хаагчид оролцов.

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Морьт цагдаагийн хороонд амжилттай үүрэг гүйцэтгэсэн монгол адуунуудыг тусгай үүргийн агаарын хөлгөөр эх оронд нь тээвэрлэн авчрах ажлыг Монголын талаас “Өндөр Зотол Ложистик” ХХК, Вьетнамын талаас “Golden Sun Logistics Services Co., Ltd” компани хариуцан зохион байгуулж, амжилттай тээвэрлэж ажиллав.

Анх 2019 оны долоодугаар сард Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс (БНСВУ)-ын Нийгмийн аюулгүй байдлын сайд То Ламын Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр тус улсад Морьт цагдаагийн хороо үүсгэн байгуулахад дэмжлэг үзүүлэх хүсэлт гаргасны дагуу манай улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон холбогдох байгууллагуудын хамтарсан Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, 2020 оны нэгдүгээр сард дээрх монгол адууг Вьетнам Улсад тусгай үүргийн нислэгээр хүргэн, хүлээлгэж өгч байсан.

Өнгөрсөн хугацаанд Вьетнамын тал адууг арчлан хамгаалах, сургах ажлыг амжилттай зохион байгуулсан бөгөөд хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд 2023-2024 онуудад харилцан төлөөлөгчдөө илгээж, мэргэжлийн сургалт, туршлага солилцох ажлыг тогтмол зохион байгуулсан юм.

Мөн Вьетнам Улс (БНСВУ)-ын Морьт цагдаагийн хороонд амжилттай үүрэг гүйцэтгэсэн монгол адууг эх оронд нь авчрах ажлыг зохион байгуулах хүрээнд тус улсын Нийгмийн аюулгүй байдлын яамны Ажлын хэсэг 2026 оны долоодугаар сарын 04-07-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллав гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...