1980 оны олимпын аварга Анатолий Белоглазовыг урихаар Энэтхэгийн бөхийн холбоо хэлэлцэж байна. Анатолий өмнө нь ОХУ, Хятад, Беларусь, Канад, Австралийн шигшээ багт ажиллаж байсан. Нэг үгээр хэлэхэд гадаадад ажиллаж сурсан мэргэжилтэн.
Энэтхэгийн чөлөөт бөхийн холбооноос эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөх, сонгомол барилдааны шигшээ багийн дасгалжуулагчийн ажилд тендер зарлаад байсан. Сүүлийн хугацаа нь 11 дүгээр сарын 15 байсан бөгөөд Узбекистан, Турк, Казахстан, Оросын мэргэжилтнүүд нэрээ дэвшүүлснээс хамгийн алдартай нь Анатолий ажээ.
Энэтхэгийн бөхийн холбоо гол зорилгоо 2026 оны Азийн наадам гэж тодорхойлсон. Хэрэв Азийн наадамд амжилттай оролцвол гэрээгээ 2028 оны олимп болгон сунгах юм. Харин цалин хөлсний тал дээр санал зөрөлдөж байгаа гэнэ. Анатолий сард 10 мянган ам.доллар авах хүсэлтэй байгаа бол энэтхэгчүүд багасгах гэж оролдсоор байгаа ажээ.
