UBLife Logo
Хөгжим

Алисагийн тэмдэглэл: Бүтнээр нь сонсох хэрэгтэй гунигтай 15 цомог

Алисагийн тэмдэглэл: Бүтнээр нь сонсох хэрэгтэй гунигтай 15 цомог

Алисагийн тэмдэглэл булангаараа уулзаагүй удсан байна. Энэ удаад та бүхэндээ ойрд сонсож буй цомгуудаасаа хуваалцах гэсэн юм. Өөр олон цомгийг мөн нэмж болох байсан ч одоогоор энэ цомгуудыг сонсоход л хангалттай байх гэж бодлоо. Бидний бяцхан зүрх ч магад дийлэхгүй биз ээ.

Хэн нэгнийг алдах, тавьж явуулах, мэдсээр байж өөрийгөө гунигт унагаах, гол нь өөрөө өөртөө эргэлзэж, амьдралаа ч эргэцүүлж, гайхах хэцүү мөчүүд оны эхэнд тохиох нь үнэхээр тоглоомтой ч юм шиг. Гэлээ ч, үүнийг даван туулахын тулд гунигаа худал инээд, аз жаргалаар халхлах биш тултал нь мэдэрч аваад, бүрэн шаналж аваад л цааш алхъя гэж шийдсэн минь илүү том хүн болсны баталгаа мэт.

Аливаа нэг зүйлийг алдахад бид яг өөртэйгөө үлддэг. Тэр мөчид хажуудаа юуг сонгож байлгах вэ, үлдээх вэ гэдэг хамгийн чухал. Миний хувьд дуунуудыг л өөртөө ойр байлгахыг хүслээ. Тэгэхээр дотроо хорьж барихгүйгээр, гуниглах мөчөө яг тэрүүгээр нь мэдрээрэй. Хамтдаа мэдэрч буй ганцаардал, гашуудал, харууслаа дуугаар дамжуулан хуваалцацгаая.

1. Have A Nice Life - Deathconsciousness

Сонсох тусам дотор чинь асар том, хоосон танхим хаалгаа нээгдэж байгаа мэт санагдана. Амьдрал утгатай юу, үхэл ойрхон уу гэдгийг чимээгүйхэн асуух шиг болдог. Тэр тусмаа эхний дуу нь, хэзээ ч мэдэрч байгаагүй хүнд гуниг, ойлголт, өөрийгөө анзаарах боломж өгч байсан.

2. Grouper - Ruins

Манантай бүрэнхий дунд ганцаараа алхаж байгаа мэдрэмжийг өгдөг. Дуу хоолой нь холоос сонсогдох дурсамж шиг, яг тогтоон барьж авах гэхээр алга болчихно. Ганцаардлыг илүү дулаан мэдрүүлдэг цомог.

3. The Antlers - Hospice

Асрамжийн газар ажиллаж буй хүний өнцгөөс амьдрал, өвдөлт, шарх, өвчнийг харуулдаг. Айдас, гуниг, шаналал, итгэл найдвараа алдах мэдрэмжийг ч хүчтэй мэдэрнэ. “Kettering“ гэх дууг нь анх олж сонссоноос хойш тэр болгон сонсоно гэж боддоггүй ч тааралдвал заавал сонсдог цомог.

4. Giles Corey - Giles Corey

Шөнө өөртэйгөө ярилцах үед, эсвэл бүх зүйл нураад унаж байгаа мэт санагдахад сонсдог хөгжим. Заримдаа хэт ойр санагдаж, эвгүй болгодог нь үнэн. Болгоомжтой л сонсдог доо.

5. Mount Eerie - A Crow Looked At Me

Энэ бол зүгээр ч гуниг биш, бодит гашуудлын дуунууд. Ямар ч гоё чамин, яруу зүйлгүй. Хэн нэгнээ алдсаны дараах өглөө ямар байдгийг яг тэр чигээр нь мэдрүүлнэ. Зүрхийг жинхэнээсээ урж чаддаг. Дөнгөж энэ оны эхэнд л олж мэдсэн цомог.

6. Bon Iver - For Emma, Forever Ago

Хүйтэн байшинд ганцаараа суугаад, өнгөрснөө эргэж харах мэт л. Хайр дууссан ч сэтгэл бүрэн тавьж явуулж чадаагүй мөчүүд шиг. Bon Iver, Bon Iver цомгийн саяхан дахиж сонссон болохоор энэ цомгийн багтаах ёстой гэж бодогдов.

7. teen suicide - i will be my own hell because there is a devil inside my body

Залуу насны асуудлууд, төөрөгдөл, будлиан, өөрийгөө үзэн ядах бодлуудаар дүүрэн. Хэцүү ч гэлээ үнэн учраас салж чаддаггүй дуунууд. No, the moon дууг байнга сонсож байгаа болохоор бас цомгоос нь оруулахыг хүслээ.

8. William Basinski - The Disintegration Loops

Цаг хугацаа бүдгэрч, аажмаар нуран унаж байгааг сонсож байгаа мэт санагддаг. Дурсамж аажмаар муудаж, давтагдаж, алга болно.

9. Radiohead - Ok Computer

Заримдаа энэ цомог чамайг ойлгож байгаа юм шиг санагдана. Яг үнэндээ Radiohead оруулах ёстой гэж бодсоноос аль цомгийн нь оруулах вэ гэж сонгох үнэхээр хэцүү юм даа.

10. Low - I Could Live In Hope

Дуу бүр нь амьсгалаа барьж, хорьж байгаа мэт намуухан байдаг. Найдвар байгаа ч гар хүрэхийн төдийд байхгүй болгочих мэт эмзэг санагддаг.

11. Nick Cave & the Bad Seeds - Skeleton Tree

Хэн нэгнийг алдсаны дараах хоосон орон зайг илэрхийлдэг гэхэд буруудахгүй дээ. Үг бүр нь болгоомжтой, хөгжим нь ч нэг л дуугаа хурааж, дотогшоо орсон янзтай. Хэн нэгнээ алдаад, өөрөө амьд үлдсэн хүний үгс.

12. The Caretaker - Everywhere At The End Of Time

За яг юу ч гэмээр юм бэ дээ. Ой дурсамжууд аажмаар үгүй болж байгааг мэдрүүлдэг. Эхэндээ танил боловч, эцэстээ танихын аргагүй болон өөрчлөгдөнө. Нэг бүтэн сонсоход л хэзээ ч мартагддаггүй.

13. Ethel Cain - Willoughby Tucker, I'll Always Love You

Өнгөрсөн жилийн шилдэг цомгуудын нэг, хайрт “Willoughby Tucker“ минь. Хэсэгтээ салаагүй дээ. Хэн нэгнийг чин сэтгэлээсээ хайрласан үеэ санаж, түүнийгээ дурсаж, гэмшин гашуудахад хүргэдэг. “Dust Bowl“ дээр нуран унаад, “Radio Towers“ дээр хоосроод, “Waco, Texas“ дээр асар их харуусал мэдрээд дуусдаг даа.

14. Aphex Twin - … I Care Because You Do

Электрон хөгжим ч гэсэн сүнс, мэдрэмжээр дүүрэн гэдгийг жинхэнэ утгаар нь харуулна даа харин ч. Зарим дуу нь тайван, зарим нь эвгүй зүүд шиг. Дотор чинь яг юу гэж ч нэрлэж чадахгүй мэдрэмж үлдээх болно. Бас дурсамжаасаа үүдэн орууллаа.

15. Deftones - Deftones

Мэдээж хэрэг Deftones хамтлагаасаа оруулахгүй бол би хэн болох билээ дээ. Тэдэнд гунигтай дуунууд олон бий ч бүхэлд нь яг нэг цомгийг гунигтай гэж нэрлэх бэрх. Гэхдээ тэдний self-titled цомог бол хамгийн хүнд нь. “Saturday Night Wrist”-ийг мөн нэрлэж болох юм. Яг өчигдөр шөнө сонссон учраас энэ цомгийг та бүхэнд санал болгож байна. Юунд ч сатаарахгүй, ганцаараа байхдаа сонсоорой.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.