Монголын хэвлэлийн газруудаас энэ онд уран зохиол, танин мэдэхүй, хүүхдийн номын чиглэлд дотоод болон гадаад зохиолчдын олон шинэ бүтээлийг уншигчдад хүргэхээр төлөвлөжээ. Энэ удаа бид 2026 онд уншигчдын гарт хүрэх зарим онцлох номыг танилцуулж байна.
1. “Болор судар” хэвлэлийн газар

1. Кормак МакКарти — “Зам”

Америкийн орчин үеийн уран зохиолын томоохон төлөөлөгч Кормак МакКартигийн энэхүү роман монгол хэлээр анх удаа хэвлэгдэн гарна. Нийгэм сүйрч, иргэншил мөхсөн ертөнцөд ёс суртахуунаа хадгалан амьдрахыг хичээж буй эцэг, хүү хоёрын аяллаар дамжуулан хүний мөн чанар, хайр, хариуцлагын тухай өгүүлдэг.
2. Персивал Эвэррэт — “Жэймс”

Жэймс бол дэлхийн уран зохиолын сонгодог бүтээлүүдийн нэг болох “Хаклберри Фин”-ий түүхийг хар арьст боол Жимийн өнцгөөс дахин өгүүлсэн бүтээл. Англи, Америкт хуучны суут зохиолчдын сод бүтээлийг цаг үедээ нийцүүлэн шинэ хувилбараар бичих нэгэн тренд дэлгэрээд байгаагийн хамгийн амжилттай болсон жишээ нь энэ бүтээл юм.
3. Арундрати Рой — ”Бяцхан зүйлсийн бурхан”

Энэтхэгийн нийгмийн кастын тогтолцоо, хайр дурлалын хорио цээрийг хөндсөн энэхүү роман 1997 онд хэвлэгдсэн даруйдаа олон улсын анхаарлыг татсан. Жижиг мэт санагдах үйл явдлууд хүний амьдралд хэрхэн гүн ул мөр үлдээдэг тухай өгүүлдэг.
4. “Хэт боловсруулагдсан хүмүүс”

Орчин үеийн хүнсний үйлдвэрлэл, хэт боловсруулсан хоол хүнс хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй талаар шинжлэх ухааны судалгаанд тулгуурлан тайлбарласан танин мэдэхүйн бүтээл. Эрүүл амьдралын хэв маягт анхаарч буй уншигчдад зориулагджээ.
2. “Долоон од” хэвлэлийн газар

1. Ц.Дэлгэрмаа — “Бяцхан одны түүх”
Зохиолч, яруу найрагч Ц.Дэлгэрмаа энэхүү зурагт номын зохиолоо “Азийн сан”-гаас хэрэгжүүлсэн “Хүүхдийн ном бүтээх феллоушип” хөтөлбөрт суралцаж байхдаа бичжээ. Тус зохиол нь АНУ-ын “Enchanted Lion Books” хэвлэлийн газраас энэ онд хэвлэгдэн гарах бөгөөд Монгол дахь хэвлэлийн нээлт мөн энэ онд болох юм. “Бяцхан одны түүх” ганцаардлаас нөхөрлөл рүү, айдсаас эр зориг руу уншигчийг хөтлөх болно.

2. Зохиолч Ц.Дэлгэрмаа, зураач Х.Ганганмөрөн — “Зам”
Энэхүү зурагт номд хүний амьдрлын турш дахь анзаарагдамгүй олон аялал, өсөн дэвжих харгуй, цаашлаад хувь заяаны замын тухай өгүүлэх ажээ. Дулаахан, дурсамж агуулсан энэхүү ном яг одоо зургийн хэлээр амилж буй бөгөөд энэ хавар уншигчдад хүрнэ. Мөн энэ онд тус хэвлэлийн газраас зохиолч Я.Баяраагийн хүүрнэл зохиолын бүтээл зэрэг хэд хэдэн ном гаргахаар төлөвлөсөн байна.
3. “Ножо” хэвлэлийн газар

1. Чинагийн Галсан — “Саарал газар”

Зохиолч Чинагийн Галсангийн “Хөх тэнгэр сонсож бай” цувралын дэд дэвтэр болох энэхүү роман герман хэлнээс орчуулагдан монгол уншигчдад хүрнэ.
2. Чинагийн Галсан — “Чингис хааны есөн зүүд”

Зохиолч Чинагийн Галсангийн "Чингис хааны есөн зүүд - Die neun Träume des Dschingis Khan" роман монгол хэлээр гарна. Зохиолч энэ романаа хоногт 17 цаг сууж, 77 өдөр бичиж дуусгасан гэдэг.
3. Rainer Maria Rilke "Залуу яруу найрагчид бичсэн захидал - Letters to a Young Poet" зэрэг номыг гаргахаар төлөвлөжээ.

4. “Монсудар“ хэвлэлийн газар

1. “Монгол хүн : С.Зориг”

“Монсудар” хэвлэлийн газрын хүүхдийн номын “Жангар” редакц “Монгол хүн” цуврал номыг эрхлэн гаргаж эхэлсэн. Энэ цувралаар Монголын түүхэн хүмүүсийн тухай гардаг юм. Тэдний ямар саад бэрхшээл, ямар амьдрал туулж, юу бүтээснийг өгүүлдэг. Тэгвэл энэ удаа Монгол оронд ардчилсан нийгмийг байгуулсан эрхмүүдийн нэг С.Зоригийн түүхийг өгүүлсэн шинэхэн ном уншигч хүүхдүүдийн гарт очих гэж байна.
2. Жулиа Эндэрс — “Органик”

Жулиа Эндэрс “Гэдэс” номоороо хүний биеийн хамгийн “шоовдор” эрхтнийг тайзан дээр гаргаж чадсан бол энэ удаад өмнөхөөсөө ч өргөн цар хүрээгээр хүний бие махбодын нууцыг нээх аялалд гарчээ. Түүний “Органик” (германаар “Organisch”) хэмээх шинэ номд бидний дотор өдөр бүр чимээгүйхэн ажиллаж, нөхөн сэргэж, биднийг хамгаалж, амьд байлгадаг “үл үзэгдэх баатрууд” руу аялна. Хүний бие махбод доторх эрхтэн тогтолцоонууд хэрхэн уялдаа холбоотой ажилладгийг шинжлэх ухаанд суурилан, ойлгомжтой хэлээр тайлбарласан танин мэдэхүйн ном.
5. “Тагтаа” хэвлэлийн газар

1. Этгар Керрет — “Бурхан болохыг хүсдэг автобусны жолооч”

“Бурхан болохыг хүсдэг автобусны жолооч” бол энгийн хүмүүсийн дотор нуугдсан эрх мэдэл, айдас, авралын хүслийг ёгтлол, абсурд байдлаар задлан харуулсан бэсрэг өгүүллэгийн түүвэр юм. Тус ном өнгөрөгч долоо хоногт хэвлэлтээс гарсан бөгөөд Б.Сувддуламын орчуулгаар уншигчдад хүрч байна. Эдгар Керретийн өгүүллэгүүдээс нь сэдэвлэсэн богино хэмжээний 60 гаруй кино байдаг. Түүний бүтээлүүд нь дэлхийн 48 орны хэлээр орчуулагджээ.