Netflix-ийн “Adolescence” мини цувралын жүжигчин Оуэн Купер 83 дахь удаагийн Алтан бөмбөрцөг шагнал гардуулах ёслолоос телевизийн шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчний шагналыг хүртлээ. Ингэснээр тэрээр уг ангилалд шагнал авч буй хамгийн залуу шагналтан болж, 2010 онд “Glee” цувралаар 20 насандаа шагнал авч байсан Крис Колферийн амжилтыг шинэчлэв. Купер одоо 16 настай билээ.

Мөн энэ ялалт нь түүнийг Алтан бөмбөрцөг наадмын түүхэн дэх хоёр дахь хамгийн залуу эрэгтэй шагналтан болгож байна. Үүнээс өмнө 1980 онд “The Champ” киноны жүжигчин Рики Шрөдер 9 насандаа “Оны шинэ од” шагналыг хүртэж байжээ.
Шагнал гардан авах үеэрээ Купер “Алтан бөмбөрцөг наадмаас шагнал аваад зогсож байгаадаа итгэхгүй байна. Манай гэр бүл ийм гайхалтай аяллыг туулна гэж төсөөлөөгүй” хэмээсэн бөгөөд жүжигчний ангид байхдаа цорын ганц эрэгтэй хүүхэд байсан нь түүнд эвгүй санагддаг байсан ч тэр бүхний араас өөрийн замыг олж, одоо ч өдөр бүр суралцсаар байгаагаа онцолж хэлсэн юм.
Оуэн Купер “Adolescence” цуврал дахь Жэйми Миллерийн дүрээрээ өмнө нь Эммигийн шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчний шагналыг хүртэж, Эммигийн түүхэн дэх хамгийн залуу эрэгтэй жүжигчин болсон.
“Adolescence” цуврал энэ улирлын шагналын наадмуудад онцгой амжилт үзүүлж байгаа бөгөөд Эммигийн наадмаас шилдэг богино хэмжээний цуврал, шилдэг эрэгтэй жүжигчин (Стивен Грэм), шилдэг туслах эмэгтэй жүжигчин (Эрин Дохерти) зэрэг шагналуудыг хүртсэн. Купер мөн Critics’ Choice, Gotham TV шагналуудыг авсан бөгөөд SAG-AFTRA-ийн шагналд нэр дэвшээд байна.

