“Чи үхчихсэн үү” хэмээх ганц бие хүмүүст зориулсан бараан нэртэй шинэ программ сүүлийн үед Хятадад ихэд нэрд гараад байна. Хятад хэлээр “Sileme” гэх энэ апп маш энгийн. Хоёр өдөрт нэг удаа нэвтэрч, том товч дараад амьд гэдгээ бусдад мэдэгдэнэ. Хэрэв мэдэгдэхгүй бол таны ноцтой үед харилцахаар бүртгүүлсэн хаягуудтай холбогдож, танд ямар нэг зүйл тохиолдсон байж магадгүй талаар мэдээлэх юм.
Энэ программ өнгөрсөн жилийн тавдугаар сард гарсан ч сүүлийн хэдэн хоногт хүмүүс маш их татаж эхэлсэн юм. Ялангуяа ганц бие залууст маш их таалагджээ. Удалгүй Хятадад хамгийн их татагдсан төлбөртэй апп болсон байна.
Эрдэмтдийн судалгаагаар 2030 онд Хятадын ганц бие хүмүүсийн тоо 200 саяд хүрэх гэнэ. Та ганцаараа амьдардаг оффисын ажилтан, гэрээсээ хол байдаг оюутан, ажилгүй, орон гэргүй, стресстэй хүн байж болно, эсвэл ганцаараа буйд газрыг сонгосон байж болно. Та бүгдийн аюулгүй байдлыг хамгаална гэж сурталчилгаанд нь дурджээ.
Хятадад сүүлийн үед гэртээ ганцаараа нас бараад олон хоногийн дараа мэдэгдсэн хүний тоо өсөж байна.
Хятадын төрийн хэвлэл “Global Times” хэд хэдэн жишээ дурдсан байна.

38 настай Уилсон Хоу гэр бүлээсээ 100 км зайтай амьдардаг. Ажил нь Бээжинд бөгөөд долоо хоногт хоёр удаа гэртээ харьдаг байсан ч сүүлийн үед том төсөл дээр ажиллаад харьж чадахгүй болжээ.
“Ажил дээрээ хонох үе их тул ядарч байна. Хэрэв ямар нэг юм тохиолдоод ганцаараа үхлээ гэхэд хэн ч мэдэхгүй шүү дээ. Тиймээс би энэ програмыг татаад холбоо барих хаяг дээр нь ээжийгээ бүртгүүлсэн” гэж тэр ярьж байна.
Хэдий ганц бие хүмүүст тустай ч шүүмжлэх хүн олон байгаа. Юуны өмнө муу ёрын “Чи үхчихсэн үү” нэрийг солихыг шаардаж байна. “Чи амьд уу”, “Чи зүгээр үү” гэх мэтээр эерүүлэн нэрлэж болно. Програмыг бүтээгч “Moonscape Technologies” компани сүртэй нэр амжилт олоход нь нөлөөлснийг дурдсан ч нэрээ сольж болно гэж зөвшөөрсөн.
Sileme гэдэг нь хятадаар түргэн хүргэлтийн “E-le-ma” буюу “Чи өлсөж байна уу” үйлчилгээтэй ижил дуудлагатай. Харин гадаадад “Demumu” нэрээр худалдаанд гарч, АНУ, Хонконг, Сингапурт эхний 2, Австрали, Испанид эхний 4 шилдэг программд тооцогдоод байгаа юм. Магадгүй тэнд амьдардаг хятад иргэд олноороо татаж авсан байх. Үнэ нь 8 юань (1,15 ам.доллар). Анх ердөө 100 юаниар бүтээсэн ч одоо хувьцааных нь 10 хувь л нэг сая юаньд хүрээд байна.
